ҮНЭ ХАНШ: Хязаалан гунан үхрийн үнэ 2 сая 900 мянган төгрөгт хүрчээ
59 минутын өмнө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.
Инфляцын түвшин 2025 оны есдүгээр сард 9 хувь байсан бол 2026 оны эн сард 12.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (15.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (34.3%) тус тус нөлөөлжээ.
Малын зах зээлийн 2026 оны есдүгээр сарын дундаж үнийн мэдээг хүргэе. Өнгөрсөн сарын байдлаар атны үнэ 2.4 сая төгрөг болж, 2025 оны мөн үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж 500 мянган төгрөгөөр өсжээ. Тэгвэл хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр, эр хонины үнэ 490 мянган төгрөг болж 210 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 320 мянган төгрөг болж 140 мянган төгрөгөөр тус тус өсжээ.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 килограмм махны дундаж үнэ 2026 оны 9 дүгээр сард 35023 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сараас 70.0 хувиар, 2025 оны 9 дүгээр сараас 43.7 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 4.1 хувиар (1498 төгрөгөөр) буурсан байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2026 оны 9 дүгээр сард 2538 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сараас 7.4 хувиар, 2025 оны 9 дүгээр сараас 3.6 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар (16 төгрөгөөр) тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.






