Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажилллаж байхад нь туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатар гэгч нь  МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр,  автомашины зогсоолын хамт авахдаа мөнгөө бэлнээр төлсөн байна.

Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан. Эдгээр хөрөнгөө худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээрАТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл энэ хэрэг хаагджээ. Тодруулбал, түүнд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт нь хяналт тавьсан прокурор нь ч Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр тогтоолоо батлаад байж. Гэтэл УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтан уг хэргийг татан авч хянаад яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолыг нь хүчингүйд тооцоод зогсохгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. 

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Н.Энхбаатар эрүүгийн хэрэгт шалгуулж байгаад өдгөө ажилдаа буцаж ороод байна.