Манай улсад банк бус санхүүгийн 500 гаруй байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулдаг гэх тоо баримт бий. Тэдний 91.5 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлдэг. Харин 8.5 хувь нь гадаад валют арилжаа (валютын ченж)-ны үйлчилгээ үзүүлдэг байна.

Монгол банкнаас өр-орлогын харьцаа тогтоож, зээлдэгчийн орлогын 60 хувьд зээл олгох болсон. Ингэснээр банкнаас иргэдийн авдаг хэрэглээний зээл хязгаарлагджээ. Үүнийг дагаад арилжааны банкнаас иргэд хэрэглээний, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид эргэлтийн зээл авах боломжгүй болсон байна. Банкны шалгуурт тэнцээгүй дээрх бүлгийнхэн ББСБ-аас зээл авах болсон нь тэдний мөнгөн хөрөнгө их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэж зарим судлаачид үзэж байгаа аж.

Сүүлийн үед оюутан залуус, иргэдэд шуурхай, хялбар аргаар зээл авах боломжийг нэгэн байгууллага нээж өгчээ. Тэр нь хурууны хээгээ уншуулж, зээл авах боломжтой арга. Энэ нь нэг ёсондоо 7 хоногийн хугацаатай 100 мянган төгрөгийн зээл авсан бол 10 хувь буюу 10 мянган төгрөгийг тухайн иргэн зээлсэн мөнгө дээрээ нэмж төлнө. Хэрэв хугацаа хэтэрвэл дахин нэмж торгууль төлөх аж. Энэ мэт ББСБ-уудын нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргахдаа, ихэвчлэн олгосон зээлийнхээ хүүг шууд нугалдаг гэнэ. Нэг үгээр хэлбэл, хэтэрсэн хоног бүрт зээлийн хүү нэмэгдэж төлөх эрсдэлтэй гэсэн үг. Ингэж л амьдрах гэж хичээж яваа иргэдээ шулж хэдэн ББСБ мөнгөөр мөнгө хийдэг,  “мөнгө хүүлэгч” болон хувирсныг харуулж байна. Ийм ашгийг  ББСБ-аас өөр ямар ч салбар олохгүй биз ээ.

ББСБ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тэд олон нийтэд мөнгө зээлдүүлэхээс гадна 10 төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч тэд олон нийтэд өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлдүүлэхээс өөр үйлчилгээ үзүүлдэггүй. Олон улсад өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлүүлэхийг “мөнгө хүүлэлт” гэж үздэг. Тэгэхлээр иргэд түргэн шуурхай, хялбар гэх нөхцөлд итгээд луйвардуулаад байна гэсэн үг.

“Өдрийн зээл” нэртэй өндөр хүүтэй, хугацаа хэт богино мөнгө хүлээлтийг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүлэхэд илүүдэхгүй биз.

Шарын голын уурхайн нүүрсний үнийг төр зохицуулж болоод байхад “мөнгө хүүлэгч”-дэд яагаад хариуцлага тооцож болохгүй гэж.

Erennews.mn