Ардчилсан Намаас Пүрэв гараг бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнтэй холбоотой шийдвэрийг шүүх гаргалаа. Энэ нь АН-ын нэр дэвшигч рүү халдаж байгаа хоёр дахь том халдлага юм.

2020 оны УИХ-ын сонгууль эхлэх үед АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд хоёрыг барьж аваад хорьчихсон. Сонгуулийн хуулиас эхлээд бүх хуулийг ингэж зөрчсөн. Дараа нь энэ хууль бус үйл ажиллагаа нь шүүхийн түвшинд хийгдсэн том хуйвалдаан байсан нь илэрсэн. Манай нам ийм асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Зүгээр өнгөрөөж болохгүй. АН-аас дуртайгаа сонгож авч, шүүхийн шийдвэрээр хорьдог болох нь.

МАН авлигын том хэргээ хаахын тулд дарангуйлал тогтооход бэлэн байгаа шүү. Авлига их наядаар яригдаж байгаа. Энэ бол парламент дахь МАН-ын бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээр ил болсон мэдээлэл. Авлигын хэргүүдийг МАН-ынхан өөрсдөө дотроосоо гаргаж ирсэн.

Нээлттэй парламентын ач холбогдол нь энэ юм. Парламентад байгаа улс төрийн бүлгүүдийн тэмцэл, өрсөлдөөний үр дүнд иргэдэд мэдээлэл очдог. Ерөнхийлөгчийн засаглалтай аль ч улсад авлигаа ингэж ярьж байгаа тохиолдол огт байдаггүй.

Тийм болохоор МАН парламентын засаглалыг хаах гэж байна. Парламентын гишүүн авлигын асуудал гаргаж тавивал ёс зүйн асуудал болж хувирах гэж байна.

Энэ хуулийг зарим гишүүн ойлгохгүй байх шиг байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нь сонгогчийн эрх юм. Гэтэл ёс зүйг юу ч гэж уншиж болно. Ерөнхийлөгчийн хажууд унгачихвал ёс зүйн асуудал ч болгож болно. Ёс зүй бол юу ч нааж болдог аюултай асуудал.

Сонгогчдын бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид анх Үндсэн хууль батлахдаа үүнийг зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах төлөө УИХ-ын гишүүн дарамтад орж болдоггүй юм.

Би бол энэ хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан гэж бодохгүй байна. Үүний шууд эзэн нь Г.Занданшатар. Г.Занданшатарын хатгаж хийлгэсэн ажил. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо парламент руу дайрах гэж байна.

Яагаад гэвэл ардын намд хэлэх зүйл юу ч байхгүй. Идэж уусан, хулгай, хагарлаас өөр юу ч байхгүй.

Тэгэхээр эд парламентын засаглалыг муучилж, сөрөг хүчин нь болж сонгуульд оролцох гэж байна. Парламентаар ингэж тоглуулж болохгүй" гэв.