“Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад дарамтлуулж, дүүгийнх нь дансаар дөрвөн  сая ам.доллар шилжүүлсэн гэж мэдэгдсэн.

Энэ асуудлаар АТГ-ынхан хэрэг үүсгэж Д.Дорлигжавыг дүү Д.Баатар, ойрын хүн,өмнө нь “Алтандорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал байсан Чангаагийн Бямбаа гэдэг хүний хамт цагдан хориод шалгаж байгаа.

Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 18-нд буюу өнгөрсөн баасан гаригт Д.Дорлигжавын өмгөөлөгч болох хоёр залуу хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэр үеэр Д.Дорлигжавын хоёр өмгөөлөгчийн нэг Т.Мөнх-Оргил “…“Алтандорнод Монгол” ХХК-ийг худалдан авахын тулд гурван сая ам.долларыг “Голомт” банкнаас зээл авч Паушокт урьдчилсан байдлаар төлсөн байсан. Тэгэхээр нөгөө яриад байдаг дөрвөн сая ам.доллар нь авлига биш өмнөх тооцоогоо дуусгасан гэдгийг тодруулж хэлье.

…Авлигад өгсөн гээд байгаа дөрвөн сая ам.доллар нь бизнесийн байгууллагуудын хоорондын өр төлбөр, зээлийн асуудал” гэж мэдэгдлээ.

Тэрээр Д.Дорлигжав, Т.Ганболд хоёрын дунд яриад байгаа дөрвөн сая ам.долларыг тэдний дундах тооцоо гэж тайлбарлаж байгаа юм.

Харин түүний үйлчлүүлэгч Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр телевизээр ярихдаа “… Миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурвын тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.

Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо”, үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэж ярьсан. Үүгээр Д.Дорлигжав дөрвөн сая ам.долларын тал нь буюу хоёр сая ам.доллар нь Т.Ганболдын “андуурсан гүйлгээ” гэж тайлбарласан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дөрвөн сая ам.долларын гүйлгээг Д.Дорлигжавын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил үйлчлүүлэгчийнхээ яг нэг сарын өмнө тайлбарлаж байсан “андуурсан гүйлгээ” гэдгийг үгүйсгэж “…Бизнесийн байгууллагуудын хоорондын тооцоо байсан” гэж мэдэгдлээ.

Ингэхээр өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын яриа эргэлзээтэй болоод ирж байгаа юм.

Тэгвэл Т.Ганболд болоод Д.Дорлигжав, түүний өмгөөлөгч нарын зөрүүтэй яриа, мэдэгдлийг нэг тийш болгож, “хайн хагалах” хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн захирал байсан Д.Баясгалан болж таарч байгаа юм. Тэр хүн 2014 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсний дараа, 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр одоо хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай гарч ирж хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Гэвч тэр хаана ч, юу ч ярилгүй дөрвөн жил гаруй болов. Өнөөдөр зарим нь хоригдож улс даяар шуугиан тарьсан том хэрэг болж задраад байгаа ч дуугүй л суугаад байна. Юутай ч энэ бүгдийн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж хувирлаа. Тэр хаана явна гэж олон талаас асууж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР