Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг уржигдар гарчээ.

Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Талийгаачийн ар гэрээс энэ талаар тодруулахад: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан дүүгийн маань тамлан алсан. Ах нар нь  өнгөрсөн мэдээг сонсоод тэр дороо Эрдэнэтээс яваад очтол аль хэдийн задлан хийчихсэн байсан.  Гаднын нөлөөтэй нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Цогцсыг нь шөнө Эрдэнэтэд авч ирсэн. Зодсон хүнийг хорьсон байгаа гэж хэлсэн гэсэн. Ах нь харчихаад дүүг минь их тамласан байна лээ гээд юм ярьж чадахгүй уйлаад байсан. Ингэж тамлаж алчаад зүгээр өнгөрөөхөөс айж байна” гэв.

 

Талийгаач хэн байв?

Б.Алтантулга 19 настай. Эхээс гурвуулаа. Хоёр ахтай, айлын бага хүүхэд. Намар цэрэгт татагдан явсан. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй үг сөрөөд байдаггүй нэгэн байжээ.

 

Хэрэг гардаг өдөр юу болов?

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагад гарч байгаагаар талийгаач өглөөний гүйлтэндээ 15-16 цэрэг гүйж байгаад унахад нь бусад нь түшиж казармд нь оруулж, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжөөд удалгүй нас барсан гэжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн өдөр зодож алсан гэдгийг хэлэв. Өмнө нь ч зодуулж байсан гэдгээ хэлж байжээ.

Энэ бол талийгаачийн зодуур амсаж байсныг илтгэх гэрэл зураг. Энэ хөхрөлт хүүрийн толбо уу? Амьд байхдаа ингэж хөхөрсөн үү гэдгийг хууль, шүүхийн байгууллга тогтоох болно.

Талийгаачийн хувьд энэ бол зодуур амсаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Тодруулбал, цэргийн албанд татагдаад байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж байсан аж. Мөн ээжийгээ эргэлтээр очсон үед  “Гаргаж аваарай, хөөцөлдөөрэй ээж” гэж захихдаа зодуулж байсан тухайгаа хэлсэн байна.  

Талийгаачийн хувьд ямар нэг хууч өвчингүй, эрүүл, цэргийн үзлэгт тэнцэж цэрэгт явсан байна.

Энэ хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулаад байгаа ажээ.

Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр  нас барсны гэрчилгээг авч, талийгаачийн алтан хайрцагийг нээлгэж байгаа юм байна. Талийгаачийг ирэх даваа гаригт хөдөөлүүлнэ. 

Цэрэг нас барсан 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаярын хувьд өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхад нь цэргийн хоёр алба хаагч гранатад өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байсан юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.