Гитлерийн Монголд илгээсэн экспедицийн зорилго юу байв?
2019/01/26
Дэлхийн хоёрдугаар дайны гал ид асч, хаа сайгүй хуягт танкууд нүжигнэж байсан 1944 оны үед Германы гуравдугаар рейхийн фюрер Гитлер Антарктид руу мөн Түвд рүү хоёр ч чиглэлээр тусгай экспедиц томилон явуулсан байдаг. Түвдийг зорьсон экспедиц нь анх 38 хүний бүрэлдэхүүнтэй Иранаар дамжин нисэх онгоцоор Хималайн бэлд хаягдсан боловч онгоц нь тэднийг буулгасан даруйдаа Энэтхэгт байсан Английн агаарын хүчнийхэнд буудуулж сөнөсөн учраас тус экспедиц хоол хүнсний хангалтгүй, холбоогүй үлдэн үндсэндээ сүйрсэн гэдэг.
Гэвч Гитлер Түвдээс юу хайж 38 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг томиолов оо гэдэг их сонин. Тэгвэл дайны хувь заяа бараг түүний эсрэг эргэчихээд байх үед Гитлер далдын хүч болон хар хүчний тусламж авахын тулд Түвдийн уулархаг нутгаас Шамбалын орныг хайж олох, тэнд нуугдаж буй гэх Лемур болон эртний атлантчуудаас тусламж авахын тулд Түвдийн экспедицийг илгээж байсан нь одоо нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Харин Антарктид руу илгээсэн баг нь тэнд нууц түшиц газар бий болгохын тулд хөдөлсөн гэдэг бөгөөд 1943-45 оны хооронд Германы усан доогуур шумбагч завь мөсөн тив рүү нийт найман удаа рейс хийсэн байдаг учир сүүлд нь янз бүрийн цуу яриа дэгдэхэд хүргэсэн билээ. Жишээ нь Гитлерийн Мөсөн тивд бий болгосон нууц цэргийн баазын тухай яриа одоо болтол олон хүний анхаарал татсаар. Тэнд өнөөг хүртэл мөсөн доорх агуйд цэрэг зэвсгийн өндөр хөгжилд нэвтэрсэн Германы нууц лабортори ажилласаар байдаг гэсэн цуу яриа огтхон ч намжаагүй байна. Харин Түвдэд илгээсэн экспедицийн нэг хэсэг нь ямар ч байсан Далай ламтай уулзсан байхад нөгөө хэсэг нь Европынхон Атлант Лемурчуудын удам гэж үздэг Гималайн уулын даяанч нартай уулзаж улмаар тэдэнд шавь орж ертөнцөөс бүрмөсөн ангижирсан гэж үздэг.
Тухайн үеийн Герман улсын архивуудыг судалж байгаа хүмүүс 1943 онд фюрер Монгол руу нэгэн экспедиц томилох тухай заавар өгснийг олж илрүүлсэн байна. Гэвч тэр экспедиц чухамхүү хөдөлж чадсан эсэх нь тодорхойгүй байгаа юмсанж. Эндээс улбаалан бодоход Адольф Гитлер Монголын нутгаас чухам юу хайж экспедиц хөдөлгөхөөр шийдсэн бэ гэдэг асуудал анхаарал татна. Тухайн үед Иранд ажиллаж байсан Английн цэргийн тагнуулч Сэр Уолсоны хожим нь дурсан бичсэнээс үзэхэд ямар ч байсан 1944 оны эхээр Монгол руу Гитлерийн маш чанд бэлтгэсэн дөрвөн хүнтэй баг хөдөлжээ. Тэдгээр нь хоёр түвд, нэг япон, нэг цагаач монголоос бүрдэж байсан бөгөөд дорнын хүмүүсээс бүрдсэн ийм багийг ахиж бэлтгэх зав зай Германчуудад гараагүй ажээ. Тэдний даалгавар Монголын нутгаас Германы эзэнт гүрний сүлд тэмдэг болсон Хас тэмдгийн ялагдашгүй дайчин нууц хүчийг олж хийсч одсон сүр хүчийг буцаан авчрах явдал байжээ.
Гитлерийн Дорно дахины судалгааны институт Түвдийн ажиллагаа бүтэлгүй болсны дараа Хас тэмдэг эртний дайчин монголчуудын газар шороон дээрх нэгэн хиргэсүүртэй салшгүй холбоотой, хэрвээ тэрхүү хиргэсүүр булшны шорооноос дээжлэн авчирч чадвал Германы эзэнт гүрний сүр сүлд ахин сэргэнэ гэж итгүүлж дөнгөсөн бололтой. Ингээд Английн тагнуулчийн өгүүлснээр дөрвөн хүнтэй баг хоёр хоёр хүнтэй болж хуваагдан нэг хэсэг нь Японы эзэмшилд орсон Манжуураар дамжин Монголд орж ирэх, нөгөө хэсэг нь Шинжаанаар дамжин Монголын баруун хязгаарт орж ирэхээр болсон гэдэг.
Шинжаанаар орж ирэх баг нь Түвдийг дамжсан тул бөөн тонуулчин дээрэмчин хасгуудын дунд орж баригдаж олзлогдсон төдийгүй хувьсгалт хятадуудад пулемётоор яаж буудахыг зааж өгөн байж амь хэлтрээд 1946 оны үед л арайхийж Монгол руу нэвтэрсэн байна. Харамсалтай нь тэр үед гуравдугаар Рейхийн эзэнт улс аль хэдийнээ газрын хөрснөөс арчигдаад сэгэн дээр нь их гүрнүүд зоолж байсан учир Хас тэмдгийн дайчин чадлыг сэргээх шороог нь ухаж олоод ч нэмэргүй болсон байсан бололтой. Уолтоны бичсэнээр Шинжааны талаас Монгол руу нэвтэрсэн хоёр амь үрэгдсэн фюрерийнхээ захиасыг биелүүлж Хас тэмдгийн хүчийг сэргээх ариун хиргэсүүрийн шорооноос авч амжсан боловч хил нэвтэрч чадалгүй баригдаж нэг нь буудуулсан бөгөөд амьд үлдсэн түвд нь шоронд нас эцэслэжээ.
Харин Манжуураар дамжин Халх гол хавиас Монгол руу нэвтэрсэн хоёрын хувь заяа туйлын эмгэнэлтэй дууссан бололтой. Учир нь тэр үед Монголын зүүн хил баруунаасаа илүү хатуу чанд хамгаалалттай байсан тул дөнгөж хил нэвтэрч ирээд баригдсан бөгөөд харин ч хоёул Гитлерийн нууц туршуул биш Японы тагнуулын хэргээр шоронд сууж байгаад 1958 онд амьд улдсэн япон нь суллагдсан ажээ. Тэрхүу японтой хамт хил нэвтэрсэн цагаач Монгол эр халхын шороонд дайн дуустал суусны эцэст Дэ вангийн тусгай отрядад элсэн ороод амь үрэгдсэн гэдэг.
Хэрвээ тухайн үед Гитлерийн явуулсан хүмүүс Монголын нутаг дахь нууц хиргэсүүрийн шорооноос дээжлэн аваад буцаж чадсан бол дайны хувь заяанд үнэхээр эргэлт орох байсан уу үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Магадгүй тэдгээр хүмүүс нь мухар сүсэг, шашны хий хоосон хийрхэлийн золиос болоод өнгөрсөн үү бүү мэд. Юутай ч учир битүүлэг ийм нэгэн сонирхолтой цомхон экспедиц Германаас Монголыг зорин гараад дайны их замд үрэгдэн замхарч байсан ажээ.
Зочин · 2019/01/27
Новш нь новшийн тэмдгээ сонирхож дээ
Зочин · 2019/01/26
Яг шд