Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээж, өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Б.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр болон бусад ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Иргэний хяналтын төвийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, зургаан буудал дахь Оргил төвд нэгэн зэрэг нээж байгаа юм. Цаашид нийслэлийн есөн дүүрэгт нээн ажиллуулахаар бэлтгэл ажлыг нь хангаад байгаа аж.

“Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, авлигатай тэмцэх хууль, тогтоомжуудыг биелүүлэх үүднээс энэ төвийг нээн ажиллуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт 28 байгууллагын 330 гаруй үйлчилгээг хүргэж байна. Иргэн, төр хоёрын хооронд ямар нэгэн ойлгомжгүй байдал үүсэхэд шууд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх боломжийг илүү ойртуулж өгч байна. Бид төрийн үйлчилгээг авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байлгахад иргэдийн оролцоо маш чухал” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ярилаа.

“Авлигатай тэмцэх газар нь орон нутагт бүтцийн нэгжгүй байгууллага. Тиймээс улсын хэмжээнд ажиллахад зарим бэрхшээл, хүндрэл тулгардаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаснаас хойш энэ байдал арай өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоно, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцоог нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Бүх яам, агентлаг, аймгуудын ГХУСАЗЗ-ийн дэргэд иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулж байна. Тиймээс НЗДТГ-тай хамтраад нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт “Иргэний хяналтын төв”-ийг нээж байна. Энэ төв дээр иргэн ААН, байгууллага ирээд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх, эрх зүйн зөвлөгөө авах боломжтой” гэж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Б.Дуламсүрэн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.