“Ерөнхий сайдын 30 минут” боллоо
2014/02/19
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо.
“Бүтээн байгуулалтын цаг уулзалт”-д Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож энэ онд 50-60 мянган ажлын байр бий болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Ерөнхий боловсролын сургуулиудыг дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “11 11” төвд ажиллаж иргэдийн асуудтад хариуллаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва Увс, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймагт ажиллана. Эдгээр аймагт худалдааны битүү зах ашиглалтад орж байгаа. Баян-Өлгий аймгийн зах гуравдугаар сард багтаж ашиглалтад орно гэсэн мэдээлллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд өглөө.
Засгийн газраас зарласан Үйлдвэржилтийг дэмжих төсөл шалгаруулалтад 1151 төсөл ирсэн. Шалгаруулалтын явц ид үргэлжилж байна. Нийт төслийн 776 нь импортыг орлох, 121 нь экспортын төслүүд байна. Засгийн газар шаардлага хангасан төслүүдийг ажил хэрэг болгоход анхаарч дэмжиж ажиллана гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ. Мөн Монголын эдийн засгийн форумыг ирэх гуравдугаар сарын сүүлчээр “Монголдоо бүтээцгээе” сэдвийн дор зохион байгуулах гэж байгаа гэлээ.
Тагнуулын Ерөнхий газрын шинэ барилгыг дуудлагаар худалдах гэж буй нь байршил буруу, хуучин байрныхаа талбайгаас жижиг хэмжээтэй, ашиглах боломж тааруу, хамгийн гол нь төрийн нэртэй олон байшингийн цуглуулга байж болохгүй. Тиймээс ийм олон байшин, дутуу боссон барилгуудыг дуудлагаар худалдана. Тагнуулын ерөнхий газрын барилгыг 14,5 тэрбум төгрөгөөс эхлэн дуудна. Энэчлэн төрийн өмчийн компаниудыг хувьчлах, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулна гэж Ерөнхий сайд хэллээ.