Хорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчлөнө
2019/01/30
Ажил, хайр дурлалд аз жаргалгүй байвал бүгдийг өөрчил. Энэ амьдралд хэр удаан амьдрахаа мэдэхгүй байж, хайран цагаа аз жаргалгүй байхад зориулах гэж үү.
Энэ сарын 4-нд Австралид Холли Бутчер хэмээх 27 настай бүсгүй хорт хавдраар нас барлаа. Тэр бүтэн жил хүнд өвчинтэй тэмцсэн ч ялж чадсангүй. Амьсгал хураахынхаа өмнө Холли фэйсбүүк хуудсаараа дамжуулан, дэлхий дахинд хандан захидал бичсэн юм. Түүний захиа ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй. Холлигийн энгийн ч ухаалаг үгс олон мянган хүний зүрхэнд шингэсээр байна.
Холли Бутчерийн амьдралын зөвлөгөө
27-хон настайдаа удахгүй үхнэ гэдгээ мэдээд, хүлээн авах нь хачин хэрэг. Ийм насандаа хүмүүс үхлийн талаар боддоггүй. Би өөрийгөө буурал, үрчгэр хөгшин болно гэж үргэлж төсөөлөн боддог байсан. Хайрттайгаа хамт олон хүүхэдтэй болно гэж төлөвлөж байлаа. Одоо ч гэсэн би өнөр гэрбүлтэй болохыг маш их хүсч байна, гэхдээ ингэж бодохоор сэтгэл улам өвдөх юм.
Амьдрал эмзэг, үнэтэй, урьдчилан таахын аргагүй шүү. Шинэ өдөр болгон авах ёстой юм биш, бэлэг гэдгийг ухаараарай.
Би 27 настай. Үхэхийг хүсэхгүй байна. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай... Энэ бүхэн бол гэрбүлийнхний минь ач тус билээ. Гэхдээ харамсалтай нь одоо надаас юу ч хамаарахгүй.
Би энэ захиаг хүмүүсийг үхлээс айлгах гэж бичээгүй. Үхлийн тухай л ярихыг хүссэн юм. Би хүмүүст бүгд хэзээ нэгэн цагт ижил хувь заяатай учрах хойно одоо амьдралд нь тохиолдож байгаа жижиг зүйлүүдэд битгий санаа зовж, уурлаж байгаасай гэж хэлэхийг хүсч байна.
Сүүлийн үед надад юм бодох цаг маш их гарлаа. Ялангуяа шөнө толгойд янз бүрийн юм орж ирэх юм.
Ямар нэг зүйлд бухимдахаасаа өмнө та жинхэнэ том асуудал тулгараад байгаа хүмүүсийн тухай бодож үз. Ингэхээр танд тулгарсан асуудал жижигхэн гэдэг нь мэдэгдэнэ. Таны уур хүрч байгааг ойлгож байгаа ч бяцхан, жижигхэн зүйлээр эргэн тойрныхоо хүмүүсийг битгий зовоож байгаарай.
Гадаа гудамжинд гараад гүнзгий амьсгал, үзэсгэлэнт хөх тэнгэр, ногоон моддыг сайн хар. Та ингэж амьсгалах боломжтой, ямар азтай хүн бэ гэдгээ бод.
Магадгүй та өнөөдөр түгжрэлд удаад, эс бөгөөс хүүхэд чинь уйлаад сайн унтаж чадаагүй байж мэднэ. Үсчин таны үсийг хэт богино болгоод, хумс чинь хугарсан байж ч болох. Эсвэл та жижигхэн хөхтэй гэж санаа зовдог, үгүй бол жин нэмээд гэдэс чинь томорсон байж болно. Ийм зүйлсийг шууд мартаж бай. Энэ дэлхийгээс явах цаг ирэхэд дээрх зүйлсийг та дурсах ч үгүй гэдгийг би танд батлан хэлж байна. Өнгөрөөсөн амьдралаа эргэн харж байхад тань энэ зүйлс өчүүхэн жижиг санагдана. Би бие минь хөдлөхөө больж байгааг өөрийн нүдээр харж байна, гэвч яаж ч чадахгүй байна. Би дахиад ганцхан төрсөн өдрөө, ганцхан шинэ жилийг гэрбүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг л хүсч байна. Хайрттайгаа цуг дахиад ганцхан өдөр хамт байхыг хүсч байна. Дахиад ганцхан өдөр.
Хүмүүс ажилдаа дургүй, спорт танхимд очих хэцүү байна гэж ярьдаг. Танд явах, спортоор хичээллэх боломж байгаад барялаарай. Харин миний бие хөдлөхөө больсоор байна.
Эрүүл байна гэдэг зөвхөн бие бялдар биш сэтгэлийн эрүүл мэнд шүү. Сэтгэл зүйн хувьд аз жаргалтай байгаарай. Олон нийтийн сүлжээнээс тулгадаг шиг "өв тэгш" бие гэдэг өчүүхэн зүйл гэдгийг та ойлгоно. Таныг өөртөө дургүй болгодог олон нийтийн сүлжээний аккаунтаас гар. Тийм найзуудаасаа ч холд. Өөрөө өөртөө аз жаргалтай байх эрхээ хамгаал.
Өвчингүй өдөр болгонд баярлаж талархаарай. Ханиад хүрээд, гэмтэж бэртсэн ч бас, учир нь эд бүгд амь насанд аюулгүй, өнгөрөх болно.
Гоншигнож уйлахаа болиод, нэг нэгэндээ тусла хүмүүс ээ. Бусдад юм өг. Өөртөө биш хүний төлөө юм хийх нь сайхан байдаг. Харамсалтай нь би хүмүүст хангалттай туслаж чадаагүй.
Үрж амжаагүй мөнгө байгаад байдаг, харин би удахгүй үхэх гэж байдаг. Хачин л мэдрэмж. Ийм үед хуучин шигээ мөнгө үрэх гээд даашинз авахгүй нь мэдээж. Ингээд л бид шинэ хувцас, гоёл чимэглэл гээд дэмий зүйлд ямар их мөнгө зардагаа ойлгох юм. Шинэ хувцас, ээмэг авснаас найзууддаа гайхалтай сайхан ямар нэг юм бэлэглэсэн нь хавьгүй дээр. Нэгдүгээрт, нэг хувцсаа та хэд өмссөн ч хүмүүст огт падгүй. Хоёрдугаарт, хүнийг баярлуулахад сэтгэл маш сайхан байдаг. Найзуудаа уриад амттай хоолоор дайл. Тэдэнд бэлэг өгч, хайртай гэдгээ хэл.
Энэ жил бид шинэ жилээ бэлэггүй хийхээр шийдсэн. Хүмүүс бэлгэнд цаг үрээгүй ч ил захидал яаж хийхдээ их анхаарал хандуулсан. Аргагүй, надад бэлэглэсэн бэлэг, захидал нь удахгүй тэдэнд үлдэнэ шүү дээ. Гэхдээ надад жирийн ил захидал ямар ч бэлэгнээс илүү байна.
Сэтгэл хөдөлгөж, дурсамж үлдээх зүйлд мөнгө зараарай. Дандаа материалаг зүйл аваад байвал дараа нь юу ч үлдэхгүй шүү.
Аялаж, байгаль дэлхийтэй харьцаарай. Хөлөө тэнгисийн усанд дүрээд, элсийг нь мэдэр. Ямар сайхан гэж бодно.
Зураг авч, бичлэг хийхийн оронд зүгээр л яг тэр мөчөөс таашаал ав. Амьдрал гэдэг сайхан зураг авахын тулд биш тэр үед баярлаж цэнгэхийн тулд заяагдсан эд. Энэ мөчийг бусдад үзүүлэх гэж зураг авах шаардлагагүй.
Өдөр болгон үс, царай зүсээ засах гэж зардаг цаг хугацаа үнэхээр хайран. Заримдаа эрт босоод мандах нарыг харж, шувуудын шулганах дууг сонс.
Хөгжим сонс. Ялангуяа хуучин дуу хөгжим бол сэтгэл эмчлэх эм юм. Нохойтой тогло. Нөгөө ертөнцөд би нохойгоо санах болно. Найзуудтайгаа ярилцаж бай. Утсаар биш, уулзаад зовлон жаргалыг нь хуваалц. Амьдрахын тулд ажил хий, ажлын төлөө амьдарч болохгүй. Амтат бялуу ид. Өөрийгөө бүү хяна.
Баяр хөөртэй санагдах бүх зүйлээ хий. Хиймээргүй байгаа зүйлдээ шууд үгүй гэж хэл. Ажил, хайр дурлалд аз жаргалгүй байвал бүгдийг өөрчил. Энэ амьдралд хэр удаан амьдрахаа мэдэхгүй байж, хайран цагаа аз жаргалгүй байхад зориулах гэж үү.
Энэ бүхэн жирийн нэг эмэгтэйн амьдралын хичээл гэдгийг ойлгоорой. Хүлээн авах эсэх нь таны хэрэг.
Бас нэг юм хэлье. Хэрэв та хүн төрөлхтөнд, бас надад сайн зүйл хийхийг хүсвэл цусаа донорт байнга өгч байгаарай. Таны өгсөн цус болгон 3 хүний амьдралыг аварна. Хэн ч хүсвэл хийж чадах зүйл шүү. Хүмүүсийн өгсөн цус намайг бүтэн нэг жил амьдруулсан. Гэрбүл, анд найзууд, нохойтойгоо өнгөрөөсөн нэгэн жил. Амьдралын минь хамгийн сайхан үе. Энэ жилийг хайрласны тань төлөө би та бүхэнд үргэлж талархаж явах болно.
www.Ublife.mn