Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэрийг цагаан сарын дараа дахин шүүнэ
2019/02/04
Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дөрвөн жил гаруйн өмнө цагдаад шалгагдаж байгаад удаа дараа шүүх хурал нь хойшилсон энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны эхээр шийдсэн. Тодруулбал, Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01-р сарын 04-ны өдөр хэлэлцэн шийджээ. Шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаад, 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноогоод түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон аж. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр болсон. Улмаар хэргийг анхан шатны шүүхэд хэргйг нь буцаасан. Анхан шатны шүүх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч 2019 оны 02-р сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байна.
Хэрэгт холбогдоод байгаа Гаалийн байгууллагын ажилчид хэн бэ?
Ц.Баярсайхан зааны эхнэр Боржигон бот овгийн Батмөнхийн Оюундэлгэр нь Архангай аймгийн Жаргалант суманд 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн. Дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнтэй хамт хэрэгт татагдсан Олхнуд овгийн Галсандоржийн Эрдэнэбаатар нь Ховд аймагт 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бол Бор овгийн Цогтдоржийн Батбилэг нь 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байжээ.
Тэдэнд хуучин Эрүүгийн хуулийн 269.1, шинэ Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал,
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
22.4.4. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
22.5.1 Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэж заажээ.
Гаалийн байцаагч нарыг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Erdene · 2019/02/04
Bayarsaikhan zaan ulaan luivarchin!!! Ekhner Oyundelger, khuu Tuguldur nartaigaa niilj bainga luivar khiideg!! Neg khokhirogch ni bna...
Тийм ээ · 2019/02/04
Тийм ээ, шударга л байх хэрэгтэй. Нэртэй төртэй, бөх мөх ямар хамаа байна. Гол нь шударгааар л ...