Татварын мөнгөөр тансагласан Ч.Гансүх гэж хэн бэ
2013/03/26
Авлигын хэрэг цагаан захтнуудын хооронд сүлжилдэж, ард иргэдийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаатгадаг зусарч ноёд ихэсчээ. Нэг ёсондоо дарга, даамлууд “авлига” гэх аалзны тор хэрж, түүндээ наалдсан иргэдийн хөлс хүчийг шавхан байж зооглодог аж.
Үүний үр дүнд, өнөөх шударга ёс нь хэлбийж, ард түмний сонгосон ардчилсан нийгмийг хазаарлаж байна. Гаднаас нь харахад соёлтой, боловсролтой бас ч үгүй дарга хүн хамгийн муу муухай, бузар булайг тээж, бусдын хөрөнгийг өөрийн юм шиг “ховдголдог” нь “цол дагаж бяр” гэдэг шиг хавтгайрсан.
Хэзээ ч хангагдахгүй хэрэгцээг “хангах” бодолдоо тушуулсан харалган дарга нар хэдэн тэрбумаар нь зувчуулж, иргэдийн халаасыг “тэмтэрч” олсон мөнгөөрөө тансаглах явдал хэрээс хэтэрлээ.
Тиймээс цатгалан байсан ч хонхолзож байдаг ходоодтой, мөнгөтэй байсан ч гуйлгачин шиг царайлдаг “нүнжиггүй” дарга нарын “но” нэг нэгээрээ хөвөрсөөр нэлээд хэдэн хавтаст хэрэг болов.
Харин МИАТ-ийн тодотголтой “Дайны эрсдлийн даатгал” гэх тэрбум, тэрбумаар тоологдох асар их мөнгөний араас адил төстэй зүйл ангиар Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ) шалгагдаад буй.
Тодруулбал, ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг Авлигатай тэмцэх газар (АТГ)- аас саатуулан шалгаж буй.
Одоогоор татварын мөнгөний танаас 18 тэрбум төгрөг, нэг сая ам.доллар болоод байгаа. Эл хэрэг оны эхнээс олны сонорт хүрсэн ч өнгөрсөн оны наймдугаар сараас угшилтай байдаг.
Тодруулбал, тус байгууллагын дэд дарга асан Ж.Батбаярыг Нэмэн өртөгийн албан татвар (НӨАТ)- аас зайлсхийсэн хэмээн АТГ болон Улсын мөрдөн байцаах газар хамтран шалгаж эхэлсэн байдаг.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол, цаашид нэр бүхий ажилтнуудыг цагдан хорьж, нэрийг нь нийтэд зарлана хэмээж байв. Удалгүй “будаан дундаас” шигшигдсэн нэрс хөвөрч татварын мөнгийг тамшаалах заяатай байсан этгээдүүд тодорч билээ.
Тэгвэл одоогоор сэжигтний тоо нэмэгдэж, Ч.Гансүхийн хамаатнууд төөрсөөр нэг төрөлдөө учирсан нь хорих, цагдах, байцаах, сэжиглэх газар байж таарсан юм. Энэ нь идсэн мөнгөө “элэг нэгтэнтэйгээ” хуваалцдаг монгол хүний тусархаг зангаас үүдэлтэй.
Өөрөөр хэлбэл, цувчуулсан мөнгөө цугтаа идэнгээ, “цагдаагаас” зугтах шилдэг арга. Товчхондоо, хамаатан садныхаа дансанд хөрөнгөө байршуулж хэд хэдэн хүний гар дамжуулж, мөнгө цэвэршүүлдэг арга нь сүүлийн үед шилдгээр тодорч, дарга нарын дунд “мода”-нд ороод байгаа даанч гоё заншил.
Ч.Гансүх ч эл аргыг сүвэгчилж, эцэст нь төрөл садантайгаа төмөр хаалганы цаана амьдрах аюулд унав. Энэхүү хэрэгт эгч дүүс, үр хүүхдээ хамсаатан болгосон “хачиг” шиг эрхмийг халит танилцуулъя.
Одоогоор Ч.Гансүхийн хэрэгт гурван хамаатан нь хам болон татагдаад байгаа. Тодруулбал, түүний аав 70 настай н.Чимид “Голомт” банкы дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэх. Түүний төрсөн эгч Ч.Даваасүрэн мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй юм.
Мөн тэрбээр татварын мөнгийг дахин угааж, хүүтэй зээлэх, үл хөдлөх газар худалдан авах зэргээр үрдэг байсан аж. Харин гэр бүлийн гурав дахь сэжигтнээр түүний хүү Г.Ганзулыг шалгаж байгаа. Ч.Гансүх нь гэр бүлийн харилцааг хоёр дахь удаагаа үүсгэсэн гэлцдэг.
Өмнөх болон одооны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй хоцорсон. Тэгвэл хоёр хүүхдийг нь Ганзул гэх. Тиймээс холбогдох байгууллага түүний том хүүг шалгах хүсэлтэй байгаа аж. Гэсэн ч ар гэрийн хүсэлтээр түр хугацаанд шалгах боломжгүй гэсэн мэдээлэл өвсөнд ассан түймэр шиг тархаж байна.
Харин иргэд түүнийг татвар төлдөг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэрбээр залуухан нууц амрагийнхаа дансанд таван тэрбумыг шилжүүлж чадахаар “хоншоортой” нэгэн. Эсвэл илүү ойр байдаг эхнэрийнх нь данс хөрөнгөжиж болохгүй учраас хэн нэгнээс нуухын тулд энэ замыг сонгосон байж болох талтай.
Юутай ч түүний хүү нууц амрагынх нь данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад баригдсан талаарх мэдээлэл цацагдаж байв. Харин тэрбээр ҮТЕГ-т өнө удаан буюу 21 дэхь жилдээ ажиллаж буй туршлагатай “ангууч”. Эл хугацаанд тус газрын дарга олон удаа солигдоход тэр ажилдаа үлдэж чадсаар ирсэн түүхтэй.
Үүгээр ч зогсохгүй Хяналт, шалгалтын хэлтсийн дарга болсон байдаг. Энэ “мест” нь тус газрын хамгийн онцгой үүрэг бүхий хэлтэс. Зөвхөн татвар төлөгч төдийгүй татварын байцаагчдын ажлыг шалгаж, хянах үүрэгтэй гэдгээрээ онцлогтой бас “орлоготой”. Ийм л эрх үүргийнхээ хариуд тэрбээр олон тэрбумыг тууж, шоронд гэр бүлээрээ амьдрах “тийз”- ээр “шагнагдав”.
Б.Ширнэн
Эх сурвалж: