Монгол Улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгч нарын эвдрэлцэл ил болоод эхэллээ. Гэхдээ энэ нь одоо эхэлж байгаа юм биш. Санавал таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн үед ҮХАА-н сайд байсан Х.Баттулгыг өрөөндөө дуудаж төмөр замыг гацаасан хэмээн загнаж байв. Ер нь тэгээд цахим сүлжээгээр таарамжгүй байгаагаа байнга илэрхийлдэг байсан л даа. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо шалгуулах хүсэлтийг тавьж байв. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим сүлжээгээр ярилцлагаа түгээж, түүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу өгөв. Элдвийн тайлбар зүүлтгүйгээр тэдний хэлсэн, ярьсныг хүргэе.

 

Х.Баттулга: ТАВАНТОЛГОЙГ ГАДНЫХАНД ӨГӨХ ГЭСЭН Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГУУЛЪЯ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэлснийхээ дараа “…Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газ­рыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий проку­рор танд Прокуроруудын удир­дах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас ба­римтыг гардуулж байна. Энэ хэр­гийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж бай­сан М.Энхсайхан хийсэн” гэсэн юм.

Түүнээс өмнө ч энэ асуудлыг хөндөж байв. 2018 оны аравдугаар сарын 15-нд МҮОНРТВ-д ярилцлага өгөхдөө “… “Эрдэнэс Тавантолгой”-г бүтнээр нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” компанид үнэгүй 100 жилээр нь шилжүүлэх гэж байсныг та санаж байгаа биз дээ. 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр үед “Шинхуа” гэж компанид Ухаа худагийн менежментээр одоогийн татвар бүрдүүлж байгаа ТОП-3 компанийн хоёрт байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг 60, 40 жилээр нийт 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан шүү. Миний өмнөх Ерөнхийлөгч энэ ардчилсан нийгмийг авчралцсан хүмүүсийн нэг атлаа тэр уул, уурхайг лиценз нэрээр авч, эзэгнэж байгаа хүмүүсийн лоббинд орсон байгаа биз. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан, хоёр удаа ард түмний итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр ажилласан. Одоо ингээд гуравхан жилийн дараа өнөөдөр л гэхэд  ашигтай ажиллаж байгаа 6-7 тэрбум тоннын нөөцтэй коксжсон нүүрсний ордыг үнэгүйгээр “Шинхуа” гэж компанид 100 жилээр өгөх гэж оруулж ирсэн шүү.

…БНХАУ бүс нутагтаа том бодлого явуулаад эхэлсэн. “Бүс ба Зам” бол дэд бүтцээр дамжуулан бүс нутагтаа давуу байдлыг олж авах бодлого. Хятад улсын хувьд энэ зөв бодлого. 2015 оны жишээ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс топ татвар төлөгчдийн хоёрт жагсдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хятадын компанид 100 жилээр өгөх гэж орж ирсэн. Би нэр устай нь ярьж байгаа. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд…” гэж байсан юм.

 

Ц.Элбэгдорж: Х.БАТТУЛГА БОЛ АРХАГ ХУЛГАЙЧ, ХЭРГЭЭ НАДАД ТОХОХ ГЭЖ БАЙНА

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цахим сүлжээгээр шууд ярилцлага хийж, тэр үеэрээ “…Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй.

Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн шүү дээ.

Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь би нэр дэвших боломж олгож байлаа.

Таван жилийн өмнө би Х.Баттулгыг дуудаж уулзаад, “Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. Халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй” гэж хэлж байсан.

Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Иймээс хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм.

Хэрэв намайг АТГ-аас дуудвал  би яваад л очно. Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй шүү. Би найман хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Миний зорилго өөр. Би албан тушаалд ороод өөрчлөгдөөгүй. Намайг ийм муухай юм хийсэн гэж ярьдаг л юм.

Ер нь бол Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахин Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана” гэж мэдэгдлээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин