Дуучин A Cool буюу Б.Анхбаяртай ярилцлаа.


-Та өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулж реппер Gee-д хандаж хэдэн үг хэлсэн нь олон хүний анхаарлыг татаад байна. Яагаад ийм бичлэг хийх болов?

-Би сурган хүмүүжүүлэгч багш хүн. Манай өвөө, эмээ багш. Удмаа харахаар манайхан голдуу багш, сурган хүмүүжүүлэгч улс байдаг юм. Миний хувьд оюутан ахуй цагаасаа “Найрамдал” зусланд багшилсан. Миний санааг зовоосон нэг том асуудал байдаг. Бидний ирээдүй, хойч болох залуус хүүхдүүдэд маш их санаа зовдог. Яагаад вэ гэвэл тэднийг урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх ёстой. Энэ ажлыг хийх ёстой хүмүүс нь урлагийн хүмүүс юм. Хүүхэд, залуус урлагийнхныг дуурайллаа болгож, баатраа болгож даган дуурайж, хийсэн үйлдэл болгоныг нь харж, сонсч, үзэж байдаг. Би юунд бухимдаж ингэж сошиалд өөрийнхөө үзэл бодлыг хурцаар илэрхийлэв гэхээр нэгдүгээрт, хүүхдүүдийн төлөө хийсэн үйлдэл.

Хоёрдугаарт, би урлагийн хүн боловч хип хопоос өөр, поп чиглэлийн дуу дуулдаг. Гэтэл хараал хэлдэг дуундаа миний нэрийг оролцуулсан. Тэр хүний эхэлж хийсэн үйлдэлд хариу болгож хэлсэн л зүйл байгаа юм.

-Gee-гийн зарим дуунууд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа гэдэгтэй ихэнх эцэг эхчүүд санал нэгдэх байх шүү?

-Манай орон Америк биш шүү дээ. Тэр чинь өрнийн соёлтой, тал талаас цугларчихсан олон үндэстний орон байхгүй юу. Хип хоп гэдэг урлаг чинь тэндээс үүссэн. Монгол Улс бол монгол үндэстэн байхгүй юу. Бид өвөг дээдсээ сонсдог, тэднийхээ хууч яриа, ардын аман зохиолыг дээдэлдэг. Монгол хүн амны билгээрээ. Бид багадаа үлгэр сонсч өссөн. Монголд 1990-ээд оноос хойш хип хоп хөгжсөн. Хип хоп хөгжихдөө шууд хараал дуулж гарч ирээгүй. Монголын хип хопчид хайрын тухай, ээж, аавыгаа хайрлах тухай, эх орноо хайрлах тухай дуулж л анх гарч ирсэн. “Хар сарнай” хамтлаг ч тэгж гарч ирсэн. Дуунуудад нь нэг ширхэг ч хараалын үг байгаагүй. Гэтэл энэ Мөнх-Эрдэнэ (Реппер Gee) гэдэг нөхөр анх гарч ирсэн цагаасаа авахуулаад л хүн муулаад, хараал хэлээд, эмэгтэй хүнийг доромжлоод бүгдийг муулсаар ирсэн. Тэгчихээд өөрийгөө урлагийн хүн биш гэдэг.

-Өөрийгөө сэтгүүлч гээд байдаг?

-Хараал хэлж байгаа нь сэтгүүлчийн ажил биш байхгүй юу. Орчин цагт өөр болсон. Нийгмийг шүүмжилж болно шүү дээ. Эмэгтэй хүнийг, хүүхдийг, тэр дундаа хүнийг доромжлох агуулгатай ёс бус хэллэгтэй дуунуудыг хийж болохгүй гэдгийг л би хэлээд байгаа шүү дээ. Шүүмжилж болно. Нийгмийг шүүмжлэх эрх байгаа. Гэтэл тэр хүний ихэнх дууны өнгө аяс нь хүмүүсийг муулдаг. Урлаг соёлын, нэг тогоон дотор байгаа хүмүүсээ дандаа муулдаг, хүмүүсийг муулдаг, эмэгтэй хүнийг муулдаг. Та бүхэн дуунуудыг нь youtube-гаас хайгаад сонсоод үзээрэй. Айхавтар айхавтар нэртэй дуунууд байгаа. Эмэгтэй хүнийг үзэн ядаж доромжилсон дуу нь ч байдаг. Энэ бүх заваан дуунуудаа бүгдийг нь устгаач ээ. Энэ дуунуудыг та бүгдийг нь устгах ёстой. Ирээдүйд түүний хүүхэд том болно. “Миний аав ямар муухай дуу дуулсан юм бэ” гэж хүүхэд нь бодно. Тэрнээс нь сэргийлж л урьдчилж хэлж байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бидний үеийнхэн хэзээ ч реппер Gee гээд байгаа нөхөр шиг “баатар”-тай байгаагүй. Миний, бидний сонсч өссөн хамтлаг, дуучид дандаа гэгээлэг, эвтэй найртай, хүнийг хайрлах дуулдаг байсан. Би тэднийг сонсч өссөн учраас өнөөдөр урлагийн хүн болсон. Одооны хүүхдүүд тэр харааж доромжилсон үгтэй дууг сонсч байгаа юм чинь тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол, тэд ямар хүн болж төлөвших юм бэ. Энэ л асуудлын гол нь болоод байгаа юм.

-Ах нь сургаж дүү нь сонсдог гэгчээр та реппер Gee-д хандан ийнхүү сануулж хэлж байгаа нь зөв л дөө?

-Үүнийг эерэг утгаар нь ойлгож авах хэрэгтэй. Энэ шоу биш. Хүүхдүүдийн төлөө хэлж байна. Би Хүүхдийн элч дуучин хүн. “Ice top” хамтлагтай нийлж хүчирхийллийн эсрэг дуу хийж, Unfriend хөдөлгөөн өрнүүлж, дуу хийсэн хүн. Хийж байгаа ажлуудыг минь үгүйсгээд хүнийг муулж, гүйтгэж доромжилж байна. Ийм заваан юм хэрээс хэтэрлээ. Тэр дундаа урлагийнхнаа муулж байна. Тэгэхээр хүүхдүүдэд урлагийнхны тухай буруу мэдээлэл очоод байгаа юм. Хийсэн бүтээснийг нь үгүйсгээд байна. Gee бол энэ бүхний суурийг тавьсан хүн. Суурийг нь тавьсан хүн болохоор дараа дараагийн удаад ч би тэмцэнэ.

-Бичлэг хийсний дараа урлагийнхан тантай холбогдсон уу. Тэд юу гэж байх юм?

-Бүгд ярьсан. Олон хүн ярьсан. Гавьяатууд, дуучид, жүжигчид бүгд ярьж “Анхбаяр аа, энэ зөв өө. Энэ хүн арай дэндэж байгаа юм. Энэ асуудлыг бид бодоогүй биш, бодож байгаа. Энийг яаж илэрхийлж гаргаж ирэх вэ гэж хүлээж байсан. Харин чи бухимдлаа илэрхийлж түрүүлээд дуугарчихлаа. Бид чамтай хамт байгаа шүү. Хүүхдүүд минь өнөөдөр ийм хараал хэлсэн дуу сонсч өсөх ёсгүй” гэцгээсэн.

-Өөрт нь хандаж үг хэлсний дараа Gee тантай холбогдсон уу, ямар нэгэн хариу илэрхийлэв үү?

-Огт холбогдоогүй. Энэ дуу нь нэг жилийн өмнө гарсан юм билээ. Тухайн үед би сонсоод гайхсан. Яагаад энэ хүн намайг гэнэт учир зүггүй доромжлох болов. Урьд нь иймэрхүү дуунууд гаргахад нь шүүмжлэлтэй хандаад явж байсан л даа. Би тэр хүнийг эр хүн шиг надтай яриад, иймэрхүү дуу хийчихлээ гээд түрүүлж сонсгож болох байсан. Нөхөрсөг шүүмжлэл бол байж болно. “Чи ийм юман дээрээ алдаад байна шүү” гэж утсаар шүүмжилж хэлж болно. Гэтэл уран бүтээл дээрээ хүнийг доромжилсноо оруулах ямар шаардлага байгаа юм. Би хүнээр доромжлуулчихаад юу гэж тэр хүн рүү түрүүлж ярих юм бэ, эрүүл ухаанаар бодоход. Тэр хүнтэй уулзаад ч юм уу, бид хоёрын хооронд ямар ч асуудал гараагүй. Энэ удаад энэ бүх шүүмжлэлийг минь доог тохуу болгоод л “Энэ хүн надаар шоудаж байгаа юм. Энэ хүний карьер нь уначихсан. Надаар далимдуулж карьераа өсгөх гэж байгаа юм” гэсэн. Тийм юм гэж юу байхав. Энд дуунууд огт хамаагүй шүү дээ. Би энд хүний хүмүүжил ёс суртахууны талаар яриад байгаа юм. Үүнийг өөгшүүлээд байвал нэгнийгээ доромжилж болдог юм байна, хэн нэгнийг дуундаа хараал урсгаж оруулж болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлж болохгүй шүү дээ. Үүнийг л таслан зогсооё гээд байгаа юм.

Энэ чинь соёлт нийгэм. Ухамсарт нийгэм. Монгол хүн хуульдаа захирагдах ёстой. Хууль, дүрмийн дагуу амьдрах ёстой. Монгол хүүхдүүд маань сайхан дуу сонсох ёстой. Сайхан орчинд амьдрах ёстой. Хангалттай муухай юм Монголоор дүүрэн байна. Нэгнийгээ муулдаг, гүтгэдэг, доромжилдог. Үүнийг больё. Дээрээс нь хараал болгонтой, хүн доромжилсон дуунуудаас татгалзъя. Зөвхөн намайг доромжлоогүй юм. Хүнийг, эмэгтэй хүнийг доромжилсон эдгээр дуунуудыг устгуулахын төлөө би явна.

Тэгээд би сүүлдээ хэлээд ойлгохгүй байвал эр хүн шиг рингэн дээр сайхан тулалдъя гэж урьсан. Тэр бодол минь хэвээрээ байгаа.

-Та хуульчид хандсан уу?

-Энэ чинь хүний нэр хүндэд шууд халдаж байгаа байхгүй юу. Хүний хийсэн бүтээснийг бүгдийг нь үгүйсгэж байна. Хууль дүрмийн талаас нь харвал энэ хүн асар их зөрчилтэй юм хийж байна гэсэн үг. Би хуулийн байгууллагад хандаж болно. Гэхдээ тэр хүн ухамсарт хүн мөн юм бол тийм зүйлд хүрэхээс өмнө хараалтай муухай дуунуудаа устгах хэрэгтэй байна. Ухамсартай хүн л юм бол өөрөө өөрийнхөөрөө шийдэх байлгүй л гэж бодож байна.