Хар далайн эрэг дэх Сочи хотыг дэлхийн анхаарлын төвд аваачсан  хүн төрөлхтний эв нэгдлийг бэлэгдэл XXII цагаан олимпийн наадам өнөөдөр өндөрлөн хөшгөө хаах гэж байна. Орчин цагийн олимпийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэх тодотголтой “Сочи-2014” наадмын сүүлийн өдөр бобслей, уулын цана болон хоккейн аваргууд тодрох учиртай.

 

Харин өчигдөр  буюу олимпийн 16 дахь өдөр долоон багц медаль эздэдээ очсон. Ийнхүү 16 өдрийн дараагаар 95 багц медалийн эзэд тодорч, зохион байгуулагч ОХУ-ын баг нийт 29 медаль, үүнээс 11 алт, 10 мөнгө, 8 хүрэл медалийн эзэн болсон амжилтаар медалийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа юм. Тэдний араас мөн 29 /11-5-10/ медальтай Норвегийн баг удаалж байна.

Оросууд өчигдөр хоёр алтан медаль хүртэн жагсаалтын нэгт орж ирсэн. Уг алтан медалийн эздээр Америкт төрж өссөн боловч хожим нь ОХУ-ын иргэншилтэй болсон Вик Уайлд тодрон өчигдөр болсон сноубордын эрэгтэйчүүдийн слалом төрөлд аваргалсан бол биатлоны эрэгтэйчүүдийн 4х7,5 км-ийн буухиа уралдаанд мөн ОХУ-ын баг 1:12:15.9 цагийн амжилтаар түрүүлснээр оросууд багийн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн юм.

Мөн өчигдөр мөсний хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолт болж, Финляндын шигшээ ялалт байгуулсан. Хагас шигшээ шатанд хөрш Канадад хожигдсоноор хүрлийн төлөө тоглох эрхтэй болсон АНУ-ын баг өчигдрийн тоглолтод 5:0 харьцаатай бут ниргүүлсэн юм.  Өнөөдөр орой 20.00 цагт олимпийн аваргын төлөөх тоглолт Канад болон Шведийн багийн хооронд болно.

Сочийн олимпийн уралдааны талбарт Нидерландын тэшүүрчдийн ноёрхол өчигдөр ч мөн үргэлжлэв. Тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй багийн цуваа гараатай уралдаанд тэд ээлжит түрүүгээ авсан юм. Тэгэхдээ эрэгтэй баг нь ч, эмэгтэй нь ч ялгаагүй олимпийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Цагаан олимп эхэлсэн цагаас 24 медаль /8-7-9/ хүртсэн тэд зөвхөн тэшүүрийн төрөлд 23, үлдсэн нэг медалиа мөн л тэшүүрийн нэг төрөл болох шорт-трекээс авсан юм.

 

Өнөөдөр 15.00 цагт гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрлийн бөөн гараа шилдгээ шалгаруулах бөгөөд ны төрөлд нийт 66 тамирчин хүч үзэх юм.

 

ОХУ-ын Александр Зубковоор удирдуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бобслейгийн баг цагаан олимпийн эхний хоёр гарааны дүнгээр тэргүүлээд байгаа юм. тэдний араас Латви, Герман багужуд удаалж байгаа бөгөөд  өнөөдөр Бобслейгийн 3 дугаар гараа 17.30-д,  4 дүгээр гараа 19.00 цагт тус тус болж, медалийн эзэд тодороно.

 

Өнөөдөр Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт дагуулсан Сочигийн олимпийн нээлт болсон 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэхэд орон нутгийн цагаар 19.00 цагт хаалтын ажиллагаа болж, цагаан олимп хөшгөө хаана.

 

Цагаан олимпийн наадмын дараа буюу ирэх гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд өвлийн паралимпийн наадам Сочи хотноо болно. Энэ удаагийн паралимпод Монгол Улсыг төлөөлж пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд өрсөлдөх юм.

 

Г.Даша