Үзэл бодолдоо үнэнч байж чаддаггүй, хэлсэн ярьснаасаа буцдаг нь хүмүүний нийтлэг зан л даа. УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг “ардчиллын” талын хүн, Ардчилсан намын нэг эд эс гэдгийг хэн ч хэлнэ.

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сонгогчдын саналыг автомат машинаар тоолно гэдгийг АН, МАН хоёр хоёулаа ярилцаж тохироод шийдчихсэн, сонгуулиа ч явуулсан, автомат машиндаа ч “итгэл хүлээлгэсэн”. Хоёр сонгуулийн дараа 1000 сон­гогч тутамд нэг оногдсон автомат машинд МАН-ынхан бурууг өгч, элдвээр гоо­чилж, санал луйвардлаа гэж хэсэгтээ л хэл ам хийж байв. Харин Ардчилсан намын­хан амтай болгон нь автомат машинд хир хал­даахгүй зүтгэсээр аваад гар­сан түүхтэй. Удахгүй Ерөн­хийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулийн хувь заяа мөн л автомат санал тоологчоос шалтгаална. Өмнөх сонгуулиас улбаатай автомат машины хэл ам намдаж ядаж байтал Ардчилсан намынхан өөрсдөө, АН-аас УИХ-д сон­гогдсон гишүүн нь автомат машинд итгэхгүй бол саналын хуудсыг гараар тоолох хувилбар байж болох л юм гэж “тэнэглэв”. АН-ынхан өөрсдөө “оруулж ирсэн” гэж хардуулаад байсан автомат машинд сонгогчдын боловсролын асуудлаар “мэр­гэшсэн” парламентч нь итгэхгүй байхад сөрөг хүчнийхэн итгэлээ юу. Хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд хэн юу ч гэж ярьж, асуудлыг босгож ирж болно. Насаа ч бодсон, туршлагаа ч бодсон Р.Бурмаа гишүүн иймэрхүү “хээгүй” юм шиг хэрнээ хамаагүй үгийг амнаасаа унагаснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолъё гэх нам, хүчин гарч ирж мэдэх юм. Санал тоо­лох автомат машинд асуудал гарсан, программ хан­гамж найдваргүй байх тохиолдол гарч болно гэд­гийг эрхэм гишүүн маань хэл­чихлээ. Одоо тэгэхээр Ерөн­хийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолъё гэсэн асуудал босч ирвэл АН-ынхан Р.Бурмаатайгаа л “тоо­цоо бодох” нь дээ. Эсвэл зүгээр л хэл амгүйхэн шиг гараар тоолчихъё. “Эрих нь гацахгүй бол эрхий нь гацахгүй” болчихсон тоо­логчид цаагуур чинь зөндөө л байна даг.

 

Б.Оюунгэрэл