Төмөр замын Толгойт өртөөний урд байрлах “Мон газ сервис” компанийн хашаанд газын баллон дэлбэрч, гал гарсан тухай мэдээлэл 13.00 цагийн үед ирсэн юм. Мэдээллийн дагуу гал гарсан газарт очиход Нийслэлийн онцгой байдлын харьяа Гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид ирж галыг унтраасан байлаа.

Гал юунаас болж гарсныг тодруулах гэсэн ч “Галын шалтгааныг шалгаж байгаа. Дүгнэлт гарах болоогүй” гэхээс өөр тайлбар үл өгөв. Харин тус компанийн агуулахын манаачаас болсон явдлын талаар тодруулахад, “Надад мэдэх юм алга. 12.00 цагийн үед гэнэт гал гарсан. Галынхан цаг алдалгүй ирсэн тулдаа галыг унтраалаа. Баллон халсны улмаас л гал гарсан болов уу. Одоо цэнэгтэй байгаа баллонуудыг хөргөж байна. Компанийн удирдлагууд гадны хүн хашаанд оруулж болохгүй гэж дөнгөж саяхан утсаар үүрэгдлээ” хэмээгээд хашаа уруу орохыг хориглов. Агуулахын хашаан дээгүүр харвал 20 орчим баллоныг усанд хийж, агуулахын хаалгыг нээсэн байв. Мөн цэнэгтэй үгүй нь үл мэдэгдэх олон баллоныг давхарлан хураажээ. Гарч буй үнэрээс нь таамаглавал ойр орчимд их хэмжээний газ алдсан бололтой байв. Хэрэв галыг Гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид цаг алдалгүй унтраагаагүй бол хаврын салхитай өдөр нийслэлийн баруун захад онц аюул нүүрлэж ч болохоор байв. Учир нь “Мон газ сервис” компанийн агуулах өнгөрсөн жил Дархан-Уул аймагт орон сууц галдчихсан “алдарт Дашваанжил” компанийн газын агуулахтай хөрш юм. Тодруулбал, “Мон газ сервис” компанийн газын агуулахын урд далд “Дашваанжил” компанийн газын агуулах байрладаг ажээ. Үүнээс гадна дээрх агуулахуудын ойр орчимд шатахуун импортлогч компаниудын агуулах бас байрладаг юм байна.
 

Д.БУЛГАН