Зээлийн хүүгийн хэмжээ эдийн засгийн эрсдлийн гэрч болж байна
2019/02/21
Банк санхүүгийн бодлого зах зээлийн зүй тогтлынхоо дагуу явах учиртай. Тогтворгүй эдийн засгийг бий болгоё л гэхгүй бол төр хуулиар далайлган хүчээр оролцож болдоггүйг эдийн засагчид хэлдэг. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа нэг зохицуулалт бол зээлийн хүүг бууруулах байдаг.
Манай улсын нэг өрхөд цалингийн, хэрэглээний, орон сууцны гэх мэт нэгээс доошгүй зээл ногдож байна. Тэр хэрээр иргэдийн нуруун дээрх өрийн дарамт ихэссээр байна гэсэн үг. Гэхдээ өрөнд баригдаж дууслаа, зээлийн хүүгээ бууруул гэх олон нийтийн шаардлагыг төр хуулиар зохицуулах нь учир дутагдалтай гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Харин үүний оронд тооцоололгүй илүү хэрэглээг бууруулах зарчмаар тогтворжуулах шаардлагатайг зөвлөдөг. Саяхан хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлаж, богиносгох шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн нь мөн л ийм зорилготой юм билээ.
Зээлийн хүүг хүчээр бууруулах нь жирийн иргэдэд ашигтай бус харин ч хохиролтой хэмээн салбарынхан тайлбарлаж буй. Гэхдээ банкууд зээлийн хүүг бууруулахгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй гэдгийг энд онцолъё. Мэдээж банкныхны хувьд зээлийн хүү буурах нь хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх сайн талтай. Гэвч хүчээр биш эдийн засгийн суурь үзүүлэлтээ сайжруулах механизм хэрэглэх нь зүйтэй хэмээн шинжээч, судлаачид зөвлөж буй.
“Зээлийн хүү тогтоход манай улсын зах зээлийн нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнийг засч сайжруулах шаардлагатай. Банкуудын тухайд зээлийн хүүг бууруулах стратегийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс бид холбоогоороо дамжуулан саналаа өгч, хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог хууль олон улсын жишигт бий хэмээн зарим улстөрч тайлбарлаж байгаа харагдсан. Харамсалтай нь мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай андуурсан байж болох юм” гэж Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Мөн эдийн засагч С.Болд “Ямар нэг захиргааны арга хэрэглэж зээлийн хүүг бууруулах гэсэн аливаа сэдэл, оролдлого зах зээлийн гажуудалд хүргэж, тогтолцоогоо нураана. Үүнийг олон улсын ялангуяа Латин Америк, Африкийн орнуудын өмнөх туршлагууд бэлхэн нотолдог. Зах зээлийн хүү, ханшийг төрөөс хуулиар хязгаарлах нь чөлөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж буйтай агаар нэг. Нөгөөтэйгүүр зах зээлийн системээ эвдье, санхүүгийн салбар, нийт эдийн засгаа тогтворгүй болгоё гэсэнтэй адил ойлголт” гэж тайлбарласан юм.
Тэгвэл зээлийн хүү тогтоход ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ. Ямар хүчин зүйлийг харгалзан үзэж шийдэх ёстой байдаг вэ. “3ээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна” гэж эдийн засагч Д.Дэлгэрсайхан хэллээ. Тэгвэл бодит амьдралд инфляцийн төвшин ийм боломж олгохгүй хэмжээнд байгааг бүгд мэднэ. Зээлийн хүү гэдэг нь өөрөө зах зээлийн үнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хүн бүрийн хэрэгцээнд шаардагдах бүхэн тодорхой үнэтэй байдагтай адил юм. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Одоо бидний ашиглаж буй зээлийн хүү нь зах зээлээс хамаарч байгаа хэдий ч манайд эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэл, ирээдүйг таамаглах боломж зэргээс хамаарна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүнд инфляци нөлөөлөхөөс гадна Монгол Улсын хувьд эдийн засгийн өндөр эрсдэл нь томоохон хүчин зүйл болж байна.
Түүнчлэн тусгай сангуудаас бага хүүтэй зээл гарч байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой хэмээн олон нийт ярьж байна. Тэгвэл тусгай сангуудаас гарч буй зээлийн хүүг арилжааны банктай харьцуулах нь төдийлөн оновчтой биш аж. Учир нь тусгай сангийн хөрөнгө улсын төсвөөс гардаг бол арилжааны банкуудын зээл харилцагч нарынх нь хадгаламжаас гардаг. Банкууд зээлийн эх үүсвэртээ харилцагчийнхаа хадгаламжийг ашиглаж байгаа явдалдаа хадгаламжийн хүүг төлдөг. Тэгэхээр эх үүсвэрийн ялгаатай байдал нь яах аргагүй ялгаатай хүүг тогтоож байгааг ойлгох хэрэгтэй аж. Бид хэдий хэмжээний хүү төлж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа хойно энэ хэрээр эдийн засгийн эрсдэл өндөр байгаагийн гэрч гэдгийг санах учиртай. Зээлийн хүү буюу эдийн засгийн “Барометр”-ийг хуулиар хязгаарлах тухай ярихын оронд энэ хэмжүүрээ ашиглан эдийн засгаа хэрхэн тогтвортой өсөлттэй байлгах талаар ярилцах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд болоод эдийн засагчид сануулсныг уламжилья.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2019/02/21
ZEEELIIN XYY HAMGIIN DOOD TYVSHINDE BUULAASHDEEE BANK BUS LOMBARDUUDIIN XYY SHALDAA BUUCHLAASHDEE ENEES TSAASH BUUH BOLOMJGUI L DE. HARIN ODOO BANKUUD L XUUGEE BUULGAH ESTOI BANKNAAS OCHNOON SAYAAR ZEEL AVDAG UCHIR XYY TALIIGAAD OGDOG SHUU DEEE