Монголын нэр гарах учраас бидэнд алдах эрх байхгүй
2014/02/23
Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин Нана Квамэ Аброквагийн Монгол дахь тоглолт болоход 5 хоног үлджээ.
Дэлхийн оддын тоглолтыг дэргэдээсээ үзэх нь сайхан боломж хэдий ч техник хэрэгслийн хүчин чадал болоод зохион байгуулалт муугаас манайхан алдаа гаргаж, үзэгчдээ бухимдуулах нь цөөнгүй. Тиймээс “Remember the time” тоглолтын зохион байгуулалт, менежментийн багийн төлөөллүүдээс тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар тодрууллаа.
“REMEMBER THE TIME” ТОГЛОЛТЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ Б.ДОЛГИОН:
-Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаж дуусч байна. Билет борлуулалтын тал дээр ч бид их сэтгэл өег байна. Хүмүүнлэгийн гэдэг утгаараа энэ шоу тоглолт илүү цар хүрээтэй, сайхан уур амьсгалтай болох шинжтэй. Та бүхэн ч үүнд хувь нэмрээ оруулж, үзэхийг хүсвэл 1199 рүү утасдаад хаана байгаа газраа билетээ үнэгүй хүргүүлж, Еasyticket.mn цахим хаягаар онлайн хэлбэрээр захиалж болно. Мөн “Улаанбаатар палас”, “Бишрэлт” их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа.
Энэ тоглолтоор дамжуулаад бид Монголд томоохон шоу хийх практикийг шинэ хуудсаар баяжуулж байгаа гэдгийг онцлон хэлье. Өнөөдрийн хувьд шоу бизнес хийх дэд бүтэц маань төгс төгөлдөр болоогүй, томоохон хэмжээний арга хэмжээ, шоу тоглолт зохион байгуулахад дутагдалтай тал байгааг нуухгүй. Өсгөгч, яригч, гэрэл, утаанаас эхлээд. Мөн биднээс шалтгаалахгүй хүчин зүйл, нөхцөл байдал гэж байна. Гэхдээ бид алдаа гаргах эрхгүй, энэ бүхнийг давтахгүйн тулд нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулж, улам бүр төгөлдөржүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Олны хүч, оломгүй далай гэдэг. Монголын урлагийн шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа болохоор Нанагийн тоглолтын хувьд ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа.
МАЗХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН, ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР Э.БАТ-ЭРДЭНЭ:
-Монгол-Австрийн Залуучуудын Холбооны маань анхны ажил, бас Монголдоо шинэ зүйлийг эхлүүлж байгаа учраас анхнаасаа өөрсдөдөө маш их хариуцлага өгч ажилласан. Бас бид бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь хараад байж болохгүй юм байна. Монголд маань шоу бизнес тодорхой түвшинд хөгжиж байна. Монголдоо мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа хамгийн шилдэг багийнхан, сүүлийн үеийн дэвшилтэт хөгжим хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг энэ тоглолтонд татаж төвлөрүүлж байгаа. Тэгэхээр энэ бүхэн тоглолт ямар нэгэн асуудалгүй болохын баталгаа болж өгөх болов уу. Хэрвээ алдаа гарлаа гэхэд хэдэн нөхдийн нэр биш Монголын л нэр гарах учраас бидэнд алдах эрх байхгүй.
Тоглолтын арын алба, зохион байгуулалт менежментийн багийн ажил ерөнхийдөө дууссан. Одоо түүний ирэх өдрийг л хүлээж байна. Алдарт дуучин маань хоёрхон өдрийн хөтөлбөртэй ирэх учраас богино хугацаанд их зүйлийг үзүүлж тав тухтай байлгаж, өндөр сэтгэгдэлтэй буцаахыг зорьж байна. Мөн тоглолт яг цагтаа эхлэх учраас үзэгчид маань түгжрэл болоод бусад зүйлсээ эртнээс тооцоолохыг хүсье.
“SOUND OF MONGOLIA” ХХК-ИЙН ПРОДЮСЕР Х.ДАМДИНСҮРЭН:
-Манай техник хэрэгсэл, хөгжим дуугаралтын баг бүрэлдэхүүн бүгдээрээ ажиллана. Манай компани найруулагч инженер, техникийн ажилчид, судлаач, доктор гээд шоу бизнесийн бүхий л мэргэжлийн боловсон хүчинтэй болохоор дотоод, гадаадын ямар ч дуучид, хамтлагийн тоглолтын техник хэрэгсэл, хөгжим дуугаралтыг хариуцан ажиллах бүрэн боломжоор хангагдсан.
Оросын алдарт “Иванушки” хамтлагийг Монголд ирж тоглоход бид анх хөгжим дуугаралт, техник хэрэгслийг нь хариуцан ажиллаж байсан. Түүнээс хойш олон тоглолтын ард ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Сүүлд бидний ажилласан Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” зэрэг томоохон арга хэмжээнүүдээс бидний ажлын үр дүнг харж дүгнэж болох байх аа.
“BROS” РЕКОРДСЫН ПРОДЮСЕР М.БОЛД:
-Миний хувьд хөгжмийн дуугаралтыг хариуцан ажиллаж байгаа. Дэлхийн одод Монголд ирж тоглох болсон нь сайшаалтай ч үзэгчид маань сэтгэл дундуур үлдэх асуудлууд гарч байгаа нь нууц биш. Мэдээж бид өмнө нь гадаадын оддын тоглолтууд дээр гарч байсан алдаануудыг давтахгүйн тулд хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс бид “UB Palace”-т хамгийн сайн дуугарах хөгжим, техник хэрэгслүүдийг цуглуулсан. Дуугаралтын хувьд нэлээд нам өнгө давамгайлсан байх болов уу.
Хоёр жилийн өмнө “MLTR” хамтлаг манайд ирж тоглоход техникийн тал дээр нь мөн хамтран ажиллаж байлаа. Гэх мэтээр гадны хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах туршлагатай болсон. 2000 оны эхээр жинхэнэ хит болж байсан алдартны тоглолтын техникийг хариуцаж хамтран ажиллах санал авсандаа баяртай байна. Хамтын хүчээр тоглолт маань сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
“D-LIGTHS” ХХК-ИЙН МЕНЕЖЕР Р.БОЛОРМАА:
-Бид “Remember the time” тоглолтыг гэрлийн тоног төхөөрөмжөөр дэмжиж хамтран ажиллаж байгаа. Манай компани тайзны гэрэл, гэрлийн болон дууны тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Бүх л төрлийн тоглолтын гэрэлтүүлгийг хариуцаж ажиллаж байна. Тухайлбал, рок попын төлөөллөөс “Хурд” хамтлаг, гитарчин Өөжгийгийн тоглолт, сонгодог урлагаас Дуурийн театрт тавигдсан “Диваажин энд байна” модерн балет, одоо тоглогдож буй “Монгол мөхөшгүй” язгуур урлагийн тоглолтууд дээр бүх гэрэлтүүлгийг нь хариуцаж ажиллалаа. Энэ удаа дэлхийн алдарт дуучны тоглолтон дээр хамтран ажиллах гэж байна.
Тоглолтонд хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж болох PR брэндийн гэрлүүдийг хэрэглэнэ. Мөн гэрлийн найруулгыг хариуцан ажиллах юм.
Зочин · 2014/02/24
yoo hurdan Ireesei!!
Зочин · 2014/02/24
Mundag!