-ТАЛИЙГААЧ Л.БЯМБАААТГ-ЫНХАНД “БИ ӨНДӨР НАСТАЙ, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ. ХОРЬЖ ШАЛГАЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ УДАА ДАРАА САНУУЛЖЭЭ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 22-нд гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хорих ангийн өрөөндөө ганцаараа хоригдож байсан.

Ингэхдээ дотуур хувцсаараа хоёр давхар орны төмөрнөөс хоолойгоо боож, амь насаа алдсан байдалтай олдсон. Мөн түүний орон дээрээс гурван гэрээслэл олдсон. Ар гэрийнхэн болон, хэргийн талаар тодорхой зүйлс бичиж үлдээсэн гэрээслэл байсан гэдгийг хэлж байв. Иймд талийгаач өөрийнхөө амийг егүүтгэсэн байж болзошгүй байгаа гэнэ. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийн үхлийн шалтгааныг шинжилж тогтоосны дараа гадны нөлөөтэй байсан уу, үгүй юү гэдэг нь тодорхой болно.

Уг шинжилгээтэй, шинжилгээгүй талийгаач амь насаа алдсан хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга нараас эхлээд ээлжийн ахлагч болон алба хаагчид буруутай нь тодорхой болж байгаа юм.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа сэжигтнүүдийг тэд харж хянах ёстой. Нэгнийгээ дарамталж зодож байгаагаас эхлээд цагдан хоригдож байгаа сэжигтэн амиа хорлох үйлдэл гаргах нь битгий хэл, ямар нэгэн эвгүй үйлдэл үзүүлж байна уу гэдгийг ч тэд маш хянамгай хянаж, шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Сэжигтнийг амиа хорлох, бусдад хорлогдохоос сэргийлэх үүднээс тус ангид саатуулан сэргийлж, хамгаалдаг ч гэдэг. Гэтэл тухайн өдөр алба хаагчид ажилдаа хайнга хандсанаас үүдэж 68 настай, шүүхийн байгууллагад олон жил ажилласан эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдлаа.

Мөн ШШГЕГ-ынхан талийгаачийг эмчийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйчтэй огт уулзуулаагүй гэх мэдээллийг зарим эх сурвалж бидэнд өгч байв.

ТАЛИЙГААЧ БУСДАД АВЛИГА ӨГСӨН ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Талийгаач шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Мөн сүүлийн жилүүдэд “Консент” ХХК буюу хуулийн ферм байгуулан ажиллаж байсан гэнэ.

Тэрээр нийгэм даяар олны анхаарлын төвд ороод буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний уурхайг булаацалдаж байгаа БНХАУ-ын иргэн Вангийн талд өмгөөлөгчөөр өнгөрсөн жилээс ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, тус орд газрыг 100 хувь эзэмшиж байгаа гэгдэх “Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байж. Улмаар дээрх хэргийг шалгаж байсан шүүгч нарт авлига өгсөн байж болзошгүй шалтгаанаар түүнийг шалгаж эхлээд байсан юм байна. Мөн талийгаачийн ажлын өрөөний номон дундаас хэрэгт холбогдолтой байж болзошгүй баримт олдсон гэнэ. Ингээд АТГ-ынхан хойшлуулашгүйгээр цагдан хорьж шалгахаар болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Талийгаачийг АТГ-т аваачин шалгах үед “Би өндөр настай хүн. Зүрх судасны өвчтэй. Хорьж шалгах таслан сэргийлэхээс өөр төрлийн арга хэмжээ авч шалга. Намайг хорих үндэслэл байхгүй. Та бүхэн хууль зөрчсөн үйлдэл хийж байна” гэж мөрдөн байцаагч нарт удаа дараа хэлсэн гэнэ. Гэвч талийгаачийн гаргасан хүсэлт, гомдлыг хүлээж авалгүй АТГ-аас 48 цаг саатуулан шалгах саналыг Нийслэлийн прокурорын газрынханд хүргүүлж, прокурорынхон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой хоёр хятад иргэний маргаанд Монголын хууль хяналтын байгууллагынхан хоёр хуваагдан оролцож байгаа гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Энэ хэрэгт уг орд газрын 60 хувийг эзэмшиж байсан гэгдэх Ш.Мөнгөншагай, хүргэн дүү Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгасан. Тэгвэл талийгаач Л.Бямбааг “Амин билигт” компанийн захирал БНХАУ-ын иргэн Ван нартай хамтран бусдад авлига өгсөн гэх асуудлаар саяхнаас шалгаж эхэлсэн гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм. Мөн талийгаачийн хүү С.Төмөрбат үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т таван шүүгчийн хамт шалгагдаж байгаа юм байна.

Хэргийг шалгаж байгаа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн ЦЕГ-т хүргүүлсэн хэргийн танилцуулгадаа “Талийгаач Л.Бямбаа гурван хуудас гэрээслэл бичсэн. Тэрбээр гурван ширхэг цаасан дээр цус маягийн улаан зүйлээр гэрээслэл бичсэн байсан. Улаан зүйлийг шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шижлүүлсэн” гэсэн байсныг баттай эх сурвалж хэлж буй. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар “Талийгаач цусаараа гэрээслэл бичсэн. Гэрээслэлдээ “Энэ хэрэгт миний хүү ямар ч холбоогүй гэдгийг өөрийнхөө амиар баталгаажуулж байна. Миний дансанд байгаа мөнгийг тэдгээр хүмүүст өгөөрэй” хэмээн хэд хэдэн хүний нэр бичсэн байсан гэх мэдээлэл өгсөн юм.

Д.ДАМДИНЦЭРЭН: КАМЕРЫН БИЧЛЭГЭЭС ХАРАХАД ТАЛИЙГААЧИЙН СЭТГЭЛ САНААНЫ БАЙДАЛ АНХААРАЛ ТАТАХААР БАЙГААГҮЙ

Хэргийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар хийлээ. Тэрбээр “Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боон амь насаа алдсан байдалтайгаар олдсон. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно” гэлээ. Мөн тэрбээр “Хорих ангийн дотоод журам, цагдан хорих байрны дотоод журамд техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. 461 дүгээр ангид тухайн явдал болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш албаны дотоод шалгалт явагдаж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камерт зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг ганц дэлгэц дээр хянадаг. Хэрэг гарах үед давхрын харуул болон хяналтын алба хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар аливаа өрөөг бүрэн харах боломжгүй” гэсэн юм. Мөн “Цагдан хорих ангийн дотоод журамд сэжигтнийг тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Камерын бичлэгээс харахад талийгаачийн сэтгэл санааны байдал анхаарал татахаар байгаагүй” гэдгийг нэмж хэллээ. Түүнчлэн “Талийгаачийг саатуулах хугацаа нь дуусаагүй байсан. 21:40 цагийн үед хэрэг гарсан гэж үзэж байгаа. Тогтоолын хугацаа 00:00 цагт дуусахаар байсан” хэмээн мэдэгдсэн юм.

АР ГЭРИЙНХЭН НЬ ТАЛИЙГААЧИЙГ АТГ-ЫНХАН ДАРАМТАЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

АТГ-ын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч талийгаач эмэгтэйг хүүгийнх нь нэрийг барин айлган сүрдүүлж дарамталсан байж болзошгүй гэнэ. Учир нь АТГ-ын мөрдөн байцаагч хэрэг гардаг өдөр Л.Бямбаагийн хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг “Ээжийг чинь хорьчихсон байгаа” хэмээн дуудаж байцаалт авах гэж оролдсон. Тиймээс мөрдөн байцаагчийн дарамтнаас болж талийгаач амь насаа алдсан байх гэж хохирогчийн тал үзэж байгаа гэнэ.

Мөн талийгаач Л.Бямбаагийн бэр Р.Мөнхзул хэргийн талаар “Миний ээж амиа хорлох сул дорой нэгэн биш” хэмээн цахим сайтад ярилцлага өгсөн юм. Түүний ярьсан зүйлийг уншигч та бүхэнд тоймлон хүргэхэд “Асууж тодруулах зүйл байна гэж хэлээд авч яваад амьгүй болгосон улсуудад гомдолтой байна. 48 цагийн хугацааг сунгая гэвэл амралтын өдөр таарах учраас шүүгчийн захирамж гарахгүйг ээж мэдэж байсан байх. Суллагдана гэдгээ мэдэж байсан гэсэн үг. Ийм учраас амиа хорлох үндэс байхгүй. Шөнө дөрвөн цагийн үед бөөн юм болж байж, манай нөхрийн дүү орж уулзаад “Ээж 21:40 цагийн үед өнгөрсөн байна. 15:00 цагт бүртгэлд хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна” гээд уйлаад гараад ирсэн. Энэ бол яавч амиа хорлолт биш. Сүүлд сонсоход ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон гэж би хардаж байна. Үнэхээр гомдолтой байна” гэх утга бүхий ярилцлага өгсөн байв.

ШҮҮХ Ш.МӨНГӨНШАГАЙ НАРЫГ ХОРИХООС ТАТГАЛЗЖЭЭ

Талийгаач Л.Бямбаатай хамт Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Ш.Мөнгөншагай нарын дөрвөн хүнийг саатуулан шалгасан гэдгийг АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас ирсэн цагдан хорих хүсэлтийг хянан хэлэлцжээ. Шүүхээс Ш.Мөнгөншагай нарыг хорих үндэслэлгүй байна хэмээн үзжээ.