Зайсанд газар олгосон нь авлигатай холбоотой юу?
2013/03/27
Богдхан тусгай хамгаалалттай газар нутаг буюу Зайсан толгой орчимд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хууль зөрчин газар авсан байгаа. Монголын хууль тогтоомжийг зөрчиж буй ч эрх мэдэлтэй аж ахуйн нэгжүүдэд үе үеийн Байгаль орчны сайд, дарга нар зөвшөөрөл олгож иржээ.
Богдхан уулын дархан цаазат бүсэд 2002 оноос эхлэн газар олгож ирсэн байна. Одоогийн байдлаар 600 гаруй иргэн, байгууллагуудад газар эзэмших зөвшөөрөл олгосон байгаа ч бүгд хууль зөрчиж олгогдсон аж.
Тухайлбал, Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар "Жинхэнэ уянга" ХХК-д Зайсан орчимд 2007 онд хоёр га газар олгосон байна. Уг газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэж авсан боловч өнөөдөр орон сууцны хотхон барьчихаад байгаа юм.
Мөн тэрээр "Эрхэт нутагчин" ХХК-д 2007 онд 1.5 га газрыг олгожээ. Туул голын хамгаалалтын бүсэд орсон уг газар нь усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн гуравт заасан "100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтооно" гэсэн заалтыг зөрчжээ.
Мөн энэ онд "Собт трейд" ХХК-д 4.41 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байна. Тэр газар мөн л орон сууцны хотхон босгожээ. Дараагийн сайд болох Г.Шийлэгдамба нь Туул голын тусгай хамгаалалтын бүсэд орсон аманд "Их Ончууд" ХХК-д 2008 онд аялал жуулчлалын зориулалтаараа 1.5 га газар олгосон.
Энэ газар бас л Туул голын хамгаалалтын бүсэд ордог гэнэ. Мөн тус онд Богины аманд "Үорлд трейвэл" ХХК-д 30 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгожээ. Уг компани нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн төрсөн дүү Р.Бадралынх аж.
Энэ байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг удаа дараалан зөрчсөн ч зөвшөөрлийг цуцлахгүй байсаар иржээ. У.Барсболд сайд асан 2006 онд "Мазар" ХХК-д 0,75 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон боловч өнөөдөр энэ газарт "Жигүүр Гранд" ХХК-ийн орон сууц баригдсан байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга асан Я.Адъяа нь 2005 онд "Собт трейд" ХХК-д 1.5 га газар эзэмшүүлсэн. Зориулалт нь мөн л аялал жуулчлал байж. Гэтэл бас л орон сууцны хотхон сүндэрлэжээ.
Үе үеийн сайд, албан тушаалтнуудын зөвшөөрөл олгосон газрууд аялал жуулчлал гэсэн нэрийн дор байдаг боловч дийлэнх нь зориулалтаа өөрчилж орон сууц гэх мэт үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байна.
Энэ бүгдээс сайд дарга нар хууль зөрчин байж компаниудад хүчээр газар олгосон нь авлигын шинжтэй гэмт хэрэг болох нь ил харагдаж байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийг худалдаалж байна
"Жигүүр Гранд" ХХК нь "Хунгийн хотхон", "Зайсан Вилаж", "Зайсан Лакшари" гэсэн гурван том хотхон барьжээ. Эдгээр хотхонууд нь нийтдээ 3.25 га талбайг хамардаг гэнэ.
Гэхдээ 0.75 га газрыг "Мазар" ХХК, нэг га газрыг иргэн С.Энхтайван, 1.5 га газрыг "Бимакс" ХХК-иас авчээ. Газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчны сайд асан У.Барсболд өгчээ. Хачирхалтай нь эдгээр газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан байхад өдий хүртэл чимээгүй байна.
Зориулалтаа өөрчилсөн компаниуд
"Могул Скай" ХХК нь Зайсанд 3.2 га газар газар эзэмшдэг гэнэ. Газрын зөвшөөрлийг 2007 онд олгожээ. Аялал жуулчлалын зориулалтаар авсан хэдий ч "Могул таун" хотхон боссон байна.
Иргэн Ц.Баяннамсрай нь 2004 онд аялал жуулчлалын зориулалтаар таван га газар эзэмших эрх авчээ. Уг газраа "Мантууш" ХХК-д худалдсан аж. Харин энэ газарт 4-5 давхар 11 барилга барьсан байна.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"
шуурай · 2013/03/30