Хардалт

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эрдэмт хүвүүн үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ... гэсэн нэгэн их найрагчийн шад шүлгээр эхлэл болгон өгүүлэх нь. Анагаахын шинжлэх ухаанд хардалтыг зарим талаар сэтгэцийн нэг төрлийн эмгэг өвчин хэмээн үздэг ажээ. Хүн төрөлхтөнд хардалт чухам хэдий үеэс үүссэнийг судалж мэдсэн хүн үгүй бололтой. Юутай ч Отелло хөөрхий Дзедмоныг хардан хөнөөсөн В.Шексперийн эмгэнэлт жүжгээс үзэхэд эртээ үед байсан байж таараа. Харин энэ айхавтар “хам шинж өвчин” манайд чухам хэзээ ямар хэлбэрээр дэлгэрсэн бэ. Эр эм хоёр бие биеэ хардаж хэрэлдэж, зодолдох бүр хацар, хамар, чихийг нь маажиж, хазах гэсэн хардалт 1990-ээд оноос элбэгшсэн гэлтэй. Сургуулийн сурагч багшийгаа анги тохижилтын мөнгө татахаар хэдийг өөрөө цохих бол гэж хардахаас эхлээд ажилтан тасаг, хэлтэс, газрын даргаа, газрын дарга ерөнхий газар, төрийн нарийн, дэд сайд, сайдаа, сайд УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаа болон бие биеэ хардаж толхилцох, ард түмэн хэвлэл мэдээлэлтэйгээ бүхнийг хардаж хуулирдаг гаж үзэгдэл нийгмийг бүхэлд нь хамрах болжээ.

1990-ээд оны эхээр тухайн үед эрх мэдэл, мэдээлэлд ойр, өлөв дөлөв хийсэн овжин овсгоо самбаатай цөөн хэдэн хүн банкийг дампууртал зээл авч бүх дэлгүүр, албан байгууллагын худалдан авч болох бүхнийг лангуун дээр давснаас өөр зүйлгүй болтол хуу хамсны дараа “валютын ханшийг чөлөөлөх шаардлагатай байсан юм” хэмээн алдарт 20 дугаар тогтоол гарч зүгээр байсан төгрөгийн ханшийг /тухайн үед нэг доллар гурван төгрөгтэй, нэг рубль таван төгрөгтэй тэнцдэг байсан/ хүчээр унагаж банкнаас зээлж авсан 100 төгрөгөө нэг төгрөгөөр төлж, лангуу хоослон байж авсан бараагаа 100 төгрөгөөр эргүүлж дамлан худалдаж хоёр төгрөгийг 198 төгрөг болгож чадсан. Үүнийг ард түмэн 20 дугаар тогтоолд “идүүлсэн” гэдэг.

 

Социализмын үед бүгд гуйлгачин байсан юм чинь одоо ардчиллын буянаар ард түмэн та нарыгаа өөрийн гэсэн өмчтэй болгоно хэмээн хууль журам гаргаж улсын бараг бүх үйлдвэрийг тухайн үеийн дансны үнээр үнэлэн тооцож цэнхэр ягаан өнгөтэй хувьцааны эрхийн бичиг гаргаж хүн бүрг түгээн гурилын, махны, модны үйлдвэр чинийх, эрхийн бичгээ үзүүлээд л өдий төдий төгрөг зүгээр авна гэжээ. Удахгүй зах зээлийн үед чихнээ чимэг болсон ченж, брокер, диллер гэх харь үгнүүд монгол хэлэнд нэвтэрч түүнтэй зэрэгцээд хувьчлагдсан үйлдвэрүүдийг дампууруулах бодлого явуулж үнэгүйдүүлэн адислан бурхандаа залсан цэнхэр, ягаан тасалбар хэнд, юунд ч хэрэггүй болж гал ноцооход асахгүй юм гэсэн иргэд тасалбараа брокер диллерийн компани, ченжүүдэд архи, тамхи давсханаар арилжиж, хувьцааг нь худалдаж авсан үйлдвэрүүд гарт нь бараг сул унаад л ирэх юм шигээр ухуулсан. Тэгээд сүүлд нь ард түмэнд тэгэлгүй яахав зах зээлийн хууль ийм байдаг юм хохь чинь гэж ам руу нь алгадсан. Үүний араас алт диллерийн хэрэг, банкууд байгуулах нэгтгэх дампууруулах, лиценз, тендер, концесс гэсэн харь үгнүүд хүч түрэн орж ирж төсвийн мөнгө, ашигт малтмалын нөөц ихтэй төө, сөөм газрыг үлдээлгүй хуу хамж эхэлсэн.

 

Хамгийн ноцгой нэг зүйл бол хууль засч, цоорхой гарган, түүнийгээ олон өнцгөөр тайлбарлаад хариуцлагаас мултарч болох салаа утга оруулах, тодорхой нэгэн луйвар хийхэд зориулсан хууль гаргаж дээр нь хууль шүүхийн байгууллагуудад өөрийн хүмүүсээ шургалуулж хамгаалалт болгох замаар өөрийн нөлөөнд оруулсан нь хардалтыг хамгийн ихээр дагуулсан. Одоо Монголчуудын хардсан цөөхөн жишээг дурдвал эхний хоёр ерөнхийлөгч гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудад ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажиллахдаа илт ашиггүй гэрээ хэлцэл хийгээд байхад миний л аягатай будаа ахиухан байвал Монгол хамаагүй мэтээр ханддаг нь хачирхалтай. Дөрөв дэх ерөнхийлөгчийн хамгийн эвгүй хардалт нь гадаадын хөрөнгө оруулагч гэх ялтанд өршөөл үзүүлэн суллаж шанд нь өөрийн санд нэг сая ам.долларыг АНУ-ын аль нэг компаниас хандиваар авсан. Эрдэнэтийн 49, АСЕМ, Оюутолгойн хуудуутай гэрээний ард байдаг, мафи, манангийн толгойлогч болгон хардах. Одоогийн ерөнхийлөгчийг 10 гаруй чингэлэг спиртээр гоочлон улмаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын хэргээр дээлийг нь нөмрүүлэх шахтал хардсан гэх мэт. За тэгээд үе үеийн УИХ-ын дарга, ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүдээс нэр цэвэр хэн байгааг эргээд нэг бодоод үз дээ. Тэгээд ял, зэм хүртсэн нь хэд вэ. Ял аваагүй бол хардалт болно. Харин хардалт байсан уу, үгүй юү гэдэг бол шударгаар шалгаж шийдвэрлэх асуудал мөн.

 

Хардалт өөрөө хэлмэгдүүлэлтийг дагуулдаг жамтай. Хятад шиг цаазын ялтай, Япон, Солонгос шиг хуулийг дээдэлдэг байсан бол дээрх хүмүүсийг манай улсын хувьд яах байсан бэ гэвэл эмгэнэлт дүр зураг харагддаг. Хардлагыг арилгадаг гол зүйл бол хараат биш хуулийн байгууллагатай мэдлэг чадвартай төрөө худалддаггүй цэгц үнэнч шударга ажилтнуудтай байх учиртай юм. Харин хуульч миний нүдээр хоёр хулгайч үгсэн тохирсон үед үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд нэлээд хугацаа, ажиллагаа шаарддаг. Харин гуравдагч этгээд дунд нь яс хаяад өгвөл гэдсэндээ хөлөө хийлцээд амархан илэрдэг учиртай. Үнэндээ бол Төвбанк, Эрдэнэтийн 49, 51, Оюутолгой, Тавантолгойн гэрээ, лиценз, тендер, концесс, 60 тэрбум, ЖДҮ-г тойрсон асуудал гэмт хэргийн шинжтэй учир шалгавал зохих үйлдлүүд мөн. Ардчилагчдаас хэн нэгнийг хулгай, луйврын хэрэгт шалгах гэхээр ардчилал аюулд орлоо, дайрлаа, устгах гэлээ гэх. АСЕМ-ийг далимдуулж мөнгө луйвардсан хэргийг шалгах гэхээр АСЕМ-ийн нэр хүндэд халдлаа хэмээн чанга дуугарч хонгил, бүлэглэлийг илрүүлж шалгах боломж олгох зорилгоор хэн нэгэн албан тушаалтныг огцруулах шалгах гэхээр УИХ дархлаагүй боллоо. УИХ-ыг тараа хэмээн давхар унахыг оролдсов, ааш авир гаргаж аяглах, хууль бусаар алдагдсан өмчөө буцааж авах гэхээр хувийн өмчид халдлаа, хуучныг сэргээх гэлээ хэмээн сүрдүүлэх оролдлого хийдэг боллоо. Харин сүүлийн үеийн цагаан захтнуудын гэх авлига албан тушаалын нуугдаж бугшсан гэмт хэргийг илрүүлэхэд нам, УИХ дотор болж байгаа хэрүүл эзэнтэй гэрчтэй, баримтгай илчлэгдэж хэрэг бүртгэх, шалгах байгууллагуудад их дөхөм болж өгөв үү дээ.

Ахмад хуульч Ж.Пэрэнлэй 

sonin.mn