Жаранд зутраагүй нийслэл минь
2019/03/18
Энэ жил Монгол Улсын түүхэнд магадгүй маш онцгой гэж хэлж болох нэгэн салбарын тэмдэглэлт ЖАРАН-ны ой тохиож буйг тэр бүрий анзаарах хүмүүн цөөн мэт санагдахын улмаас үзэг,цаас нийлүүлюү гэж зоригловой. Учир юу гэвээс энэ салбарыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг гэдгээ хаана ч бардам хэлж чадах билээ. Тэгэхээр би бичиж, тэмдэглэж, сануулж, бас дурсахгүй юм бол өөр хэн гэж?
Өгүүлэх нь: 1959 оны есдүгээр сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл нэгэн чухал тогтоол гаргасан байдаг юм. “Нийслэлийг дулаацуулах байгуулалтыг хүлээн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” хэмээх энэ тогтоол бол Монгол хүний, тэр тусмаа нийслэлчүүдийн тав, тухтай амьдрах нөхцлийг шийдсэн түүхэн цаг бөлгөө. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүн ам шигүү төвлөрсөн хот суурин амьдралыг цогцлоох үндсэн суурь болсон Төвлөрсөн дулаан хангамж хэмээх цоо шинэ салбар энэ мөчөөс үүсч, бий болсон юм.
Монголчууд асар тав, тухыг эрхэмлэдэг үндэстэн. Тийм болохоор миний тэрлэж буй энэ бичиглэл Монгол Улсын голт зүрх Улаанбаатар хотын минь тав тухтай, сэтгэл тэнүүн ЖАРАН жилийн амьдралын тухай сэдэвтэй холбогдох юм. “Дулаан явбал, мянган лан “ гэдэг үгийг амьдралд нотлож, ард түмнээ, нийслэлчүүдээ дулаан байлгахын төлөө хил манасан цэрэг, хүний амь нас, эрүүл мэнд, амар амгаланг батлан сахисан эмч, цагдаа лугаа өндөр хариуцлага хүлээж, амсхийх завгүй зүтгэсэн Улаанбаатар дулааны шугам сүлжээний хамт олны ажил хөдөлмөрийн онцгой, чухлыг энгийн иргэд, басхүү холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст бага ч болов ойлгуулж, хүргэх нь зөв байх гэж бодлоо.
Өнөөдөр нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө засаж, өргөжин тэлж, өндөр өндөр байшин барилга, хороолол, үйлдвэр аж ахуйн газрууд баригдаж, хүн ам нэмэгдсээр л байна. Энэ бүхнийг харах бүрий бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Үнэхээр сайхан. Гэхдээ хүн бүхний нүдэн дээр ил энэхүү гайхамшиг газар дор бүтээн байгуулагдаж, хөгжиж сүндэрлэж байдаг гэдгийг мэддэг хүн хэр олон билээ дээ. Нүдээрээ хүн бүр харж чадахгүй ч, сэтгэл зүрх, бодол санаандаа төсөөлж чадах газрын доорх “хот” –ыг бүтээгчид нэгэн ЖАРАН-г тууллаа. Улаанбаатар хотоо хүнээр зүйрлэвэл, цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааныг нийслэлийн бүхий л эд , эсүүдэд дамжуулан түгээж байдаг зүрх , судасны систем нь газар доорх тэрнүсэр байгууламж байж таарна. Нийслэлийг дулаангүйгээр төсөөлөх зүрхтэн гэж үгүй. Гэхдээ дулаангүй болох аюул ямагт бий. Иймээс л монгол хүнийг хэдийд ч аюулд оруулахгүйн тулд, аз жаргалтай, тав тухтай, халуун дулаан байлгахын тулд 365 км урт , яг аалзны тор шиг адармаатай сүлжээ бүхий системийг ямагт анхаарч, тордож, тэтгэж, тэлж, хөгжүүлж, шинэчилж байх шаардлагатай байдаг юм. Тэрхүү урт хоолойгоор цельсийн 135 градустай халуун уурыг нийслэлийн энхэл донхол, уруу өгсүүр, нугачаа болгоныг давж,үл саатаж, яг хүний цусны даралт шиг хэвийнээр, ихэсгэж, багасгахгүйгээр бүхий л цэгүүдэд тогтмол хүргэнэ гэдэг баргийн бэрхшээлтэй зүйрлэж боломгүй, инженерийн маш нарийн тооцоолол шаардсан, төвөгтэй үйл ажиллагаа байдаг юм. Энэ бүхнийг тооцоолж, удирдаж, тохируулж ажилладаг хүмүүсийг Улаанбаатар хэмээх том “хүн”-ий зүрх, судасны системийг хариуцсан эмч, эмнэлэгийн ажилтнууд гэж тодорхойлбол жинхэнэ оносон зүйрлэл болно. Маш ярвигтай, нарийн ажиллагаа, тохируулгатай,хүний мэдлэг мэргэжил, дадал туршлагаас үр дүн нь шууд шалтгаалдаг, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх бидний Улаанбаатар хотоо ямар ч үед хөлдөөчихгүй, дулаан байлгах ажил эрхэлж, хариуцлага хүлээдэг хамт олон гэдгийг тодотгомоор байна.
Өгүүлэх нь:Улаанбаатар хотыг 200 гаруй уурын зуух галлаж халаадаг байсан гэдгийг одоо сонсоход итгээмээргүй санагдаж магад. Үнэхээр л тийм байсан юм. Хотын иргэд даарч, зутарч өвөлждөг байсан нь нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон гол асуудал болж байлаа. Нүүрс түлдэг тэдгээр уурын зуухуудыг халж, хотыг төвлөрсөн халаалттай болгоно гэдэг нийслэлийн төдийгүй, Монголын түүхэн дэх том бүтээн байгуулалт болсон юм. Миний ажил амьдралын гараа энэ цаг үетэй давхацжээ. 1983 онд Политехникийн их сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсч, Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээны газарт томилогдож ирээд, инженерээс эхлээд байгууллагаа удирдах хүртэл даруй 36 жил ажилласан байх юм. 1985 онд 16-р хороолол, Цэргийн дээд сургуулийн орчимд тооцоо, судалгааг хийж, тэр хавийн уурын зуухнуудыг зогсоож төвийн системтэй холболоо. 1990 онуудад Төмөр замын хорооллыг, 2003 онд Ханын материалын орчмыг, мөн Их Тэнгэр цогцолбор, 2009 онд “Дэнжийн-1000”, Цэргийн хотхоны уурын зуухуудыг бүрэн зогсоож, төвийн сүлжээнд холбох ажлуудыг дуусгалаа. 2011 онд Цагдаагийн академи, 2016 онд Яармагийн хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудыг, 2019 онд Баянхошуу орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлуудын тооцоо судалгаа, техникийн шийдлийг инженерүүдтэйгээ хамтран боловсруулж, хийж, гардан ажиллаж, удирдан байгуулжээ. Ялангуяа, 80, 90, 2000-н онуудад хот тэр чигээрээ хөлдөх шахаж байсан хүнд үеүдэд манай хамт олны нойр, хоолгүй зүтгэсэн зүтгэлийн үр дүнд иргэдээ, бас хотоо зутраалгүй авч гарсан бахархалт түүх бидэнд бий. Уурын зуухан халаалтыг хална, зогсооно гэдэг амар байгаагүй юм. Иргэд итгэхгүйн улмаас асар эсэргүүцэлтэй тулна. Ёстой л бүх хариуцлагыг даана гэж зориглон зүтгэсний үр дүн гарсан. Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтүүд миний бахархал юм . Хийсэн бүтээснээрээ бахархах нь хэнд ч зүй ёсны хэрэг буюу.
Харин энэ удаад Улаанбаатартаа аз жаргалыг түгээгчид бид ирээдүйгээ онцгой анхаарч харах хэрэгтэй болов уу гэсэн санаагааудахгүй болох ойн босгон дээр зориуд тэмдэглэхийг хүслээ. Яагаад гэж үү? Нийслэлчүүдийн амь, амьдралыг тэтгэгчхотын дулааны шугам, хоолойнууд 50 жил, 30 жил насалсан учраас цаашдаа ачаалал даахгүй болж байна. Хот хөгжих үндэсийн үндэс болсон газар доорх “хот” маань хэцүүдэх аваас хотын амьдрал зутарч, бүхэлдээ хэцүүдэнэ гэсэн үг. Хэрвээ бид хөгжлийг зорьж байгаа юм бол нэн даруй дулааныхаа шугам сүлжээг хамгийн түрүүнд эрс шинэчлэх хэрэгтэй болж байна. Бидэнд түмэн бэрхшээл, мянган зовлон бий. Түүний нэг болох утааны хөнөөлөөс салж, тав тухтай, эрүүл амьдрахын тулд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн зөв шийдэл хэдий ч, энэ төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол асуудал, цогц судалгаа, тооцоон дээр үндэслэсэн зураг төсөлгүйгээр шийдэх гэж оролдож байгаагаараа ямар их алдаа гаргаж байгаагаа бид сайн ойлгож, ухаарахгүй зүтгээд байгаад санаа зовинодог юм. Хөгжил ийм замаар ирдэггүй л дээ. Газрын доорх инженерийн шугам сүлжээний зураг, төсөл, цогц шийдлүүдийг ганц, хоёр хүний оролцоотой, хувийн компани хийдэггүй юм. Бидэнд байсан давуу тал болох мэргэжлийн хүмүүсийн оролцоотой бүхий л дэд бүтэц, инженерийн шийдлүүдийг багтаасан зураг төсөл хийдэг үндэсний институцүүдээ татан буулгасан алдаагаа засах шаардлагатай байна. Ямар нэгэн хорооллын барилгыг цахилгаан, дулаан, халуун хүйтэн, цэвэр бохир усны дэд бүтцийг нь цогцоор шийдэлгүйгээр барьж, байгуулж байгаагийнхаа горыг бид түрүүчээсээ харж байна. Барилгажуулалт ийм байдлаар хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тэгэхээр яавал дээр байхав, цаашид юу хийх нь зөв байх бол гэдэг дээр өөрийн санаа, бодож төлөвлөж, хийж зүтгэж байгаагаа товч өгүүлье гэж бодлоо.
-Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахад дулааны эх үүсвэр хамгийн тулгамдсан асуудал болж эхэлж байна. Иймд хотын хамгийн их гэр хороолол бүхий хойд хэсгүүдэд нүүрс түлдэггүй, байгалийн хий, био түлш ашигладаг, орчин үеийн бага оврын дулааны эх үүсвэрүүдийг байгуулах хэрэгтэй юм.
-1978 онд баригдсан III цахилгаан станцын тэр үеийн хүчин чадалд тохируулж,хуучин ЗХУ-ын зураг төслөөр хийсэн дулааны гол шугамуудыг маш сайн тооцоолсон зураг төслөөр яаралтай шинэчилж, тухайлбал, 5-А магистрал 2Ø 800 mm –г 2Ø 1000 mm болгох ёстой. Уг нь үүнийг Дэлхийн банк санхүүжүүлнэ гэж байхад нь хийчих хэрэгтэй юм. Түүнчлэн IV цахилгаан станцын дулааны гол шугамыг бидний хэсэг инженерийн тооцоогоор 2Ø 1000 mm болгож өөрчилснийг одоо мөн яаралтай 2Ø 1400 mm болгох шаардлага тулаад ирлээ.
-Мөн ДЦС-II –ийн орчмын хэрэглэгчдийг бүхэлд нь дулааны хувьсах горимтой ажиллагаанд шилжүүлж, Амгалангийн станцаас 2Ø 1000 mm шугам татаж, Сэлбэ, Цагаан даваа орчмыг орчин үеийн хот болгох хэрэгтэй. 1980, 1990 –ээд оны угсармал барилгуудын ханыг дулаалж, тоолууржуулах гээд нэн даруй хийх ажил мөн чих байна даа. Эцэст нь өгүүлэхэд өнгөрч буй жаранд төвлөрсөн дулаан хангамжийн системийг байгуулж чадсанаар өнөөгийн Улаанбаатар бий болсон юм шүү гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Хотын дулаан хангамжийн системийг 2004 онд АХБ-ны зээлээр, Дани улсын тоног төхөөрөмжөөр бид шинэчилж автомат горимд оруулсан явдал бол энэ ЖАРАН-нд гарсан бас нэгэн том өөрчлөлт юм. Яагаад гэвэл, өмнө нь дулаан түгээх автомат тохируулгагүй, бүх хэрэглэгчдэд жил бүр 5000 төмөр нүхэлж тавиад түүнийхээ хэмжээгээр дулаан түгээдэг байсан гэвэл зүүд зэрэглээ шиг сонсогдох байх. Ийм байхад байр орон сууц нэг бол хэт халдаг, эс бөгөөс хөрж хүйтэн болдог байсныг улаанбаатарчууд санаж буй нь лавтай. Өнөөдрийн нэгэн жигд автомат түгээлтийн тав тухад нэгэнт дассан иргэд тэр үеийг төсөөлөхөд бэрх байх нь аргагүй ээ.
Цаашдаа Улаанбаатар хотын өнөөгийн төрхийг өөрчилж, илүү аз жаргал, тав тухтай, эко болгох гэвэл гагцхүү бид газар доорх “хот”-оо шинэчлэх учиртай юм. Шинэчлэлийг хийх хөрөнгө мөнгийг гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагч улс орнууд, Дэлхийн банк, ЕСБХ банкнаас гээд санхүүжилтхийх боломж бүрээс хайх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал жаранд зутраагүй ирсэн нийслэл маань цаашид ч зутрахгүй байх билээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Техникийн ухааны доктор Д.Бямба-Очир
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх