Замын цагдаагийнхан гэж эргүүтсэн төлөгнөөс дор амьтад болж. Эргүү төлөг тэднийг бодвол ядаж л өвсөө олоод зулгаачихаж байна. Гэтэл манай зохицуулагчид юу хийгээд байгаагаа өөрсдөө ч ойлгохоо больсон бололтой.

Тэд алхам тутамдаа эргүүтсээр эцэстээ нэгдүгээр эгнээгээр явсан жолоочийн эрхийг хасч эхлэв. Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийн эрхийг хасдаг хууль эрх зүйн орчин хаана байна аа, Замын цагдаагийн газрын дарга, Улсын баатар минь ээ. Бага тэнэгтээч гэхээс өөр юу гэх билээ. Уг нь аливаа хүний хийсэн үйлдэлд нь тохирсон ял, шийтгэл байх ёстой юу гэвэл ёстой. Харин нэгдүгээр эгнээгээр давхисны төлөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхөртэй адилхан шийтгэл хүлээж бүтэн зургаан сар хүртэл эрхээ хасуулна гэдэг юутай дэмийрэл вэ. Ингэхэд ийм шийдвэр гаргачид биеийн халуунаа үзүүлсэн л байдаг бай­гаа даа. Нэгдүгээр эгнээгээр орсон ч дүрмээ ягштал барьдаг жолооч, харин зөвшөөрсөн эгнээгээр чинь хурд хэтрүүлдэг, эсвэл улаан гэрлээр улангассан бух шиг дайрдаг жолооч нарын шийтгэлийг ялгаж салгах эрүүл ухаантан та нөхдийн дунд алга гэж үү. Улаан гэрлээр улангасах, хурд хэтрүүлэх зэрэгт ердөө 5000 төгрөгийн торгууль ногдуулчихаад, нэгдүгээр эгнээнд хальт халиад эргэсэн нөхөрт эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна гэдэг эл байгууллагыг мэргэжлийн бус нөхөд толгойлж, энэ хэрээрээ Замын цагдаагийн алба илжирч, доройтож буйг харуулж байна.
Яагаад жолооч болсныхоо төлөө, хувьдаа ганц тээврийн хэрэгсэлтэй болсныхоо төлөө хуулийн дарангуйлал дор амьдрах ёстой гэж.... Үнэнийг хэлээч, Бат-Үүл баатар аа. Монгол Улсын Замын цагдаагийн газарт мэргэжлийн нэг ширхэг алба хаагч байна уу. Байвал та энэ гээд гаргаад ирээч. Ичиж амьдрахсан, хотын дарга аа. Тэр олон цагдаагийн алба хаагчдаасаа нэг, хоёрыг ч болов гадны улсад суралцуулж, хөдөлгөөн зохион байгуулалтдаа мэргэжлийн үүднээс хандах цаг хэдийнэ болсон юм биш үү.  Угаасаа Замын цагдаагийн алба мэргэжлийн ганц ч алба хаагчгүйгээс болж хөдөлгөөн зохицуулалт, тэмдэг, тэмдэглээндээ алдаа гаргасаар ирсэн. Гэтэл дээрээс нь хотын дарга таны дутуу харсан нүүдлүүд тэр газрыг тийм гэх тэмдэггүй тэнэгтүүлж, эцэстээ энэ хэдэн цагдаа нар чинь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр юу хийхээ ч мэдэхээ болин эргүүтэж байна. Эвий чааваас, арга ядахдаа “Согтуу, Хурд, Бүс” ч гэх шиг өрөвдмөөр аян зохиох юм. Одоо сүүлдээ “Аюулгүй тээвэр, соёлтой зорчигч” гэсэн аяныг тавдугаар сарыг хүртэл зохиож байгаа бололтой. Юу гэсэн үг юм бэ, зөвхөн энэ аяны хүрээнд л аюулгүй тээвэрлэх гэсэн санаа юм уу. Уг нь Замын цагдаагийн албаны чинь өдөр тутам хийх ёстой ажил чинь л энэ биз дээ. Та нөхдийнхөөр  бол сэтгүүлч бид “Мэдээ” эсвэл “Сурвалжлага” гэсэн аян, гудамжны цэвэрлэгчид “Цэвэрлэгээндээ” гэсэн аян зохиох юм байна л даа. Гэтэл мэргэжлийн хүнгүйгээс болж цагдаа нар өдөр тутам хийдэг ажлаа аян болгож тэнэгтэх юм. Нийтийн тээвэр чинь аяныхаа хүрээнд л аюулгүй тээвэр болохоос бусад үед аюултай тээвэр гэж харагдаж байна. Сэтгүүлч миний чих буруу дуулаагүй бол Үүл даргын гэрийн хойно буюу 50 мянгатын хойд талд зөвхөн нэгдүгээр эгнээг чилийтэл манасаар хөөрхий нэгэн цагдаа ухаан алдаж унасан дуулдсан. Хөдөлгөөн зохицуулж, хэв журам  сахиулах үүрэгтэй цагдаа нар үнэндээ Улсын баатар таны эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд үндсэн үүргээ умартан зөвхөн нэгдүгээр эгнээний манаач төдий болсныг үгүй гэх үү. Нэг бол нэгдүгээр эгнээг чилийтэл ширтэнэ, эс бөгөөс улсын дугаар маллана. Өөрөөр замын хөдөлгөөний хяналт огт байхгүй болов. Тэгээд ам ангайвал хотын дарга танаас авхуулаад “Ачааллыг 20 хувь буурууллаа” гэнэ. Гэтэл 20 хувийн ачаалал гэсэн ойлголт огт байдаггүй гэнэ ээ, Үүл гуай. Хөдөлгөөний ачаалал, тэрний 20 хувийн бууралт гэсэн ойлголт, тийм томъёолол ор тас байдаггүй юм байна, Замын цагдаагийн газрын дарга аа. Ичээч ээ, ийм үндэслэлгүй зүйлийн чинь тодорхойгүй биелэлтийн чинь төлөө жолооч бид хэдий хүртэл золиослогдох юм бэ. Үнэндээ мэдлэггүй мангуунуудаас болж энэ улсад Хуулийн дарангуйлал тогтож байна. Автобусныхаа хаалгаар морь харсан жолоочийн эрхийг хасна гэж нэг хэсэг дөвчигнөсөн. Тэр нөхөрт эрх хасах биш, ёс зүйн арга хэмжээ авах ёстой юм биш үү. Замын түгжрэлийг захиргааны аргаар бууруулчихдаггүй гэдгийг Хотын дарга та ойлгох цаг хэдийнэ болж. Таныг хотын иргэд чинь шоолон инээлдэж, дургүйцэн ярвайж байна. Түгжрэлийг бууруулахын тулд улсын дугаараар хязгаарласан асуудал чинь бид капитализмыг алгассантай утга нэг гэнэ. Өөрөөр хэлбэл, урд хөрш маань түгжрэлээ бууруулахын тулд давхар зам, тойруу зам гээд өөр юу юу ч байдаг юм, шаардлагатай бүх арга хэмжээг аваад эцэстээ дийлэлгүй дугаараар нь хязгаарлаж эхэлж.

Гэхдээ дугаарын хязгаарлалт хийнгүүтээ зэрэгцүүлэн улсын дугаар олголтыг давхар зогсоосон байх юм. Гэтэл та яав. Хөдөлгөөний нягтралыг сааруулах наад захын ямар ч арга хэмжээ аваагүй хэрнээ хөршөө дууриаж хамгийн эцсийн аргыг нь энэ улсад эхний арга болгож авсан. Тэгэхдээ улсын дугаар олголтыг зогсоосон давхар аргыг нь дууриагаагүйгээс манайд тээврийн хэрэгслийн тоо даруй нэг дахин нэмэгдэж, хуурамч дугаар хууль бусаар үйлдэгсэд , олгогчид олширч хөгөө чирсэн. Үнэндээ таны мэргэн санаанаас болж дийлэнх айл нэг машинтай байсан бол хоёр болж “хөрөнгөжсөн” шүү дээ. Одоо бас ямар шившигээ тариад эхлэв ээ. Замын цагдаагийн мэдлэг хомс алба хаагчид чинь хот дүүрэн худал тэмдэг, тэмдэглэгээ тавьж сүйдийг нь хутгаж байна гэх шив. Хаана ямар худлаа тэмдэг тавьснаа өөрсдөө ч ойлгохгүй, тэгээд тэр тэнэг тэмдгийн заалтаа мөрдсөнгүй гэж мөнөөх л жолооч нараа хохироож яваа юм биш үү. Наад захын жишээ гэхэд, Метромолл их дэлгүүрийн баруун урд уулзварын туслах замын дэргэд огцом эргэлт гэсэн тэмдэг өчигдөрхөн харагдана лээ. Яагаад ингээд эргүүтээд байгаа юм бэ, хөдөлгөөн зохицуулагчид аа. Хөдөлгөөний ачаалал 100-20 хүртэл хувь буурсан гэж байхгүй томъёоллоор ярьж Улсын баатарыг шившигт хутгасан чинь багадаад одоо энд тэндгүй элий дэмий тэмдэгүүд тавьж түмнийг төөрөгдүүлж тэнэгтэхээ болиоч ээ. Монголчууд бид ч дүүрч. Гадны, олон улсад жолоо барих эрхтэй жолооч нар та бүгдийн тавьсан худлаа тэмдэг, тэмдэглэгээг хараад элгээ эгштэл инээж байна шүү дээ. Нэгдүгээр эгнээг тусгаарлах нэрийдлээр хэрэгтэй хэрэггүй хог хичнээн саяар чирч ирээд, бас болоогүй эл журмаа мөрдүүлэх гэж 120 хүний орон тоо нэмж батлуулж мөнгө үрж буйг чинь байг гэе.

Бусад мэргэжлийн алдааг бага гаргаач ээ. Өмнө нь, цагийн сайханд нэг машин явах замаар гурав явж чихэлдэж байна хэмээн бурдаг байсан замын цагдаа нар одоо ёстой “нано” технологийг авто зам дээр хэрэгжүүлж байх шиг байна. Нэг чиглэлд урсах гурван эгнээний эхнийхийг нийтийн тээвэр, гурав дахийг эсрэг зүүн, баруунтай эргэгчид аваад бусад нь голын ганц эгнээнд чихэлдэх нь үнэн өрөвдөлтэй. Ёстой нэг литрийн хэмжээст саванд гурван литр ус багтаах технологийг Замын цагдаагийн алба, Улсын баатар хоёроос өөр хэн ч санаачлах билээ. Алин ч байлаа пад алга, гагцхүү жолооч биднийг хуулийн дарангуйлалд тарчлаах цаг чинь зогсох болоогүй юу эрхэм түшмэд ээ...

У.ЦАЙДАМ