1937 оны Х.Чойбалсангийн “Онц бүрэн эрхт Онцгой комисс”

Одоогоос 92 жилийн өмнө, 1937 оны аравдугаар сарын 2-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын зөвлөлийн хамтарсан Онц хурлын тогтоолоор “Онц бүрэн эрхт Онцгой комисс” гэгчийг шүүхээс гадуур байгуулж  хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн юм.

Энэхүү “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан толгойлж, гишүүдэд нь Төв хорооны нарийн бичгийн дарга, Улсын Бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар багтсан. Ингэхдээ ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар байгуулсан. Монголчуудын хувьд “Гурвын комисс” ч гэж нэрлэж байжээ.

Хамгийн аймшигтай нь  “Онц бүрэн эрхт Онцгой комисс” хүмүүсийн хавтаст хэрэгтэй танилцдаггүй, нэрсийн жагсаалтаар шууд ял оноодог байжээ. Өөрөөр хэлбэл “Онц бүрэн эрхт Онцгой комисс” шүүхийн шийдвэргүйгээр эсэргүү нарыг шийтгэх онцгой эрх эдэлж, хэдэн зуун хүний амь амьдралыг 10 жил хорихоос эхлээд “буудан ялах ал” хүртэл ялаар шийтгэж байв. Түүнээс гадна  “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид байдаггүй байв.

Энэ комисс анх Оросоос нэр нь ирсэн 115 хүний асуудлыг шийдсэн гэдэг бөгөөд Монголын тухайн цаг үеийн нийгмийн боловсролтой хэсгийг хамруулсан байдаг. Энэ хүмүүсийн нэрсийг оросууд тэгж сайн мэдэж яагаад жагсаалт гаргасан бэ гэдгийг Монголоос оролцоо байсантай холбон тайлбарладаг. 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголд хүрэлцэн ирж “Заговор”, “Хуйвалдаан” хэмээх улс төрийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдсон гэх 115 монгол иргэний нэрийг ДЯЯ-нд гардуулан өгч, “Их баривчилгаа” гэгчийг эхлүүлж “Онц бүрэн эрхт Онцгой комисс” гэгчийг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан НКВД-ийн дэд дарга М.Ф.Фриновский тодорхойлолтдоо “Би ЗХУ-ын коммунист /большевикуудын / НТХ-ны даалгавраар 1937 оны наймдугаар сард Монголд очиж Зөвлөлтийн цэргийг оруулж байрлуулах, Монголын дотоодод буй хуйвалдааныг бут цохих үүргийг Ежовоос хүлээн авч БХЯ-ны дэд сайд Смирнов, Монголд шинээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Мировнов нарын хамт Монголд очсон. Уг үүргийг биелүүлэхэд юуны түрүүнд Монголын лам нарыг баривчлах ажлыг өрнүүлж 7-8 мянган хүнийг баривчлуулсан бөгөөд уг ажлыг цааш нь М.И.Голубчик /1936-1938 онд ДЯЯ-ны ерөнхий зөвлөх байсан /үргэлжлүүлж, 25 мянгад хүргэсэн юм” гэсэн байдаг ажээ.

 

Улмаар “Онц бүрэн эрхт Онцгой комисс” 1937 оны аравдугаар сарын 18-нд Улсын Төв театрт олныг цочроосон шүүх хурал зохион байгуулсан нь XX зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир, эмгэнэлт жүжиг бөгөөд ийм маягийн шүүх хурал нь Сталинизмын “махны машин”- ы эрэг боолт, эд анги, бүрэлдэхүүн хэсэг байсан гэж түүхчид тодорхойлдог. Улсын Төв театрт урьдчилан судалж, сонгосон 300-аад хүнд үнэмлэх тараан олгоод тэднийг “ард түмний төлөөлөл” болгон дүүргэж, ярайсан жадтай буу гозгонуулсан цэргүүдээр харгалзуулаад сайтар төлөвлөж зохион байгуулсан “шүүх хурал” хэмээх өргөн хүрээтэй их хядлагын анхны том театрчилсан үзүүлэх тоглолтыг олон түмний нүдэн дээр хийсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал аравдугаар сарын 21-нд дуусч, 13 хүнийг буудан алж, хөрөнгийг хураахаар яллан, Улсын Бага хурлын тэргүүлэгч гишүүн Ламжав (циркчин ах дүү Нацаг, зохиолч Ванган нарын аав)-т 10 жилийн ял өгч, амийг нь өршөөжээ.

Учир нь “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын нэг гишүүн Д.Лувсаншарав Х.Чойбалсантай утсаар ярьж, “Ламжавыг битгий алаарай. Олон өнчин хүүхэд хэцүүднэ шүү” гэж гуйсан талаар түүний эхнэр М.Даариймаа гэрчилсэн байдаг байна. Ингэж амьд үлдээх эсэхийг “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ынхон шууд шийдэж байсан байгаа юм.

 

“Шүүх хурал”-ын явцад болон маргаашаас зориуд томилогдсон нам, улс төрийн ажилтнууд социологийн судалгаа, уулзалт, яриаг цэргийн анги нэгтгэлүүд, албан байгууллагууд дээр очиж зохион байгуулахын хамт нийгмийн сэтгэл зүйн байдал, ард олны болон цэргийнхний дунд гарсан үг яриаг судлах ажлыг давхар гүйцэтгэжээ.

 

1937 онд Х.Чойбалсангийн тэргүүлсэн “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ыг байгуулж байх үед манай улсын дотоод хийгээд гадаад нөхцөл байдал ямар байв гэдэг асуулт гарч ирнэ. Гадаад нөхцөл байдлын хувьд хүнд байсан. Халх голд Японы түрэмгийлэл, хойноос ЗХУ-ын зүгээс дотоодын үймээн самуунтайгаа тэмцэх шахалт дарамт их байсан. Ер нь бол 1930-аад оны эхнээс ЗХУКН-ын Төв Хорооны дэргэд Монголын комисс байгуулагдаж Монголын тухай асуудлыг байн байн хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж байжээ. Бүрэн бус тооцоогоор ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоогоор 1930-1939 онд Монголын асуудлыг 168 удаа хэлэлцсэн байдаг. Зөвлөлтийн удирдлагаас манай төр засгийн удирдагч нарт “…Японы тагнуул танай Монгол Улсад нэвтэрч ялангуяа сүм хийдтэй холбоо тогтоож байна” хэмээн шургуу ухуулж байсан байдаг.1934 оны арваннэгдүгээр сард Сталин Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнг хүлээн авч уулзахдаа “Танай улсын дотор улс байгаа байдалтай болжээ. Нэг Засгийн газар нь Гэндэнгийн Засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын Засгийн газар нь хүчтэй байна” хэмээгээд “Лам нартай аажмаар тойруу замаар тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн Засгийн газар лам нарынхаас хүчтэй байх хэрэгтэй. Лам нарыг өөрийн гарт хатуу авах хэрэгтэй” гэх зэргээр ухуулан тулгаж байсан гэдэг.

Ингээд 1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу мөн оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхлэж түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртсөнийг өмнө нэгэнт өгүүлсэн билээ.

Манай улсад ч энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн дотоод хүчин зүйл цөөнгүй байв. Толгой лам нарын тэргүүлсэн эсэргүү хөдөлгөөн энд тэндгүй гарч, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байв. Энэ бүхнийг тоочсон нь Монголын Улсын тухайн үеийн гадаад, дотоод нөхцөл байдал Х.Чойбалсан ийм комисс байгуулахаас өөр аргагүй байжээ гэж өмөөрөх гэсэнгүй. Гэхдээ тал талын шахалтад орсон нөхцөл байдал байсныг хэлэх хэрэгтэй юм гэж болно.

 

Ц.Элбэгдоржийн засаглалын үеийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”

 

Х.Чойбалсангийн 1937 оны “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оос хойш 80 гаруй жилийн дараа Монгол Улсад “Онц бүрэн эрхт Онцгой комисс” дахин байгуулагдав.

Өмнөх зууных шиг Оросын нөлөө, тушаал заавар өгдөг сургагч багш байсангүй. Бас хууль ёсоор байгуулагдсан ч үгүй. Хуулиар үүрэг хүлээсэн, хууль биелүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд хуулийн нэр бариад хууль бус зүйл хийдэг тийм албан бус, хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс” Ц.Элбэгдоржийн засаглалын үед ажиллаж байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Товчхондоо бол, Ц.Элбэгдорж гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод энэхүү хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс” буюу эрх мэдлийн хувийн дарангуйлал тогтоон ажиллуулж байжээ гэсэн үг.

Энэ нь хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй байсан нь өнөөдөр улам бүр тодорч байна. Хамгийн том шалтгаан нь Ц.Элбэгдоржийн Монголын баялагт эзэн суух гэсэн хүсэл шуналаас энэ “Онц бүрэн эрхт Онцгой комисс” төрсөн гэхэд болно. Оюутолгой, Тавантолгой, бусад орд, бас өөртэй нь байнга холбогдож байдаг С.Зоригийн хэргийг хаахын тулд хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оо ашиглажээ гэдэг нь одоо харагдаж байгаа юм. Товчхондоо энэ бүхэнд хүрэхэд болон Монголд эзэн суухад нь саад болсон бүхнийг устган зайлуулахад энэхүү хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оо байгуулан ажиллуулсан байгаа юм.

 

Оюутолгойн гэрээ байгуулахад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь Ц.Элбэгдорж байлаа. Гэрээ байгуулагдсаны дараа УИХ-ын чуулган дээр Ц.Элбэгдорж “Гурван сая монголчууд халуун ам бүлээрээ урагшаа нэг алхлаа” гэж хэлж байсан. Үүний цаана Ц.Элбэгдорж, С.Баяр нарын хоорондын нэг нь Оюутолгой дээр, нөгөө нь Тавантолгой дээр эрх ашгаа шингээнэ гэсэн тохиролцоо байсан гэдэг. Тиймээс С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын оруулж ирсэн Оюутолгойн гэрээ ҮАБЗ дээрээс дэмжигдэн гарч ирж хийгдсэн. Оюутолгойн гэрээг хийсэн С.Баяр тун удалгүй ажлаа өгч, Засгийн газар Сү.Батболдын удирдлагад шилжихэд Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг Тавантолгойн гэрээг байгуулах ажлыг хэсгийг ахалсан.  Сү.Батболд өөрөө Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаад төрд өгсөн тул нэг талаасаа ашиг сонирхлын зөрчилтэй, нөгөө талаасаа С.Баяр, Ц.Элбэгдорж нарын тохиролцоог гардан хийхгүйн тулд Тавантолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд  Н.Алтанхуягаар ахлуулж хариуцуулсан байх магадлалтай. Н.Алтанхуягийн ахалсан ажлын хэсгийн  бэлтгэсэн төслөөр бол Хятадын “Shenhua Energy” 40 хувь, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь, АНУ-ын “Пийбоди энержи” 24 хувийг эзэмшихээр болж байсан ч  энэ төсөл иргэний нийгмийн байгууллагуудын шахалтаар УИХ-аас буцсан. 2012 оны сонгуулийн дараа АН олонхи болж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход Ц.Элбэгдорж өөрөө санал гарган дэмжсэн нь  Тавантолгойтой холбоотой байсан.

Гэвч Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болоод өөр нэгэн учир шалтгааны улмаас Ц.Элбэгдоржийн хүссэнээр Тавантолгойн гэрээг хийж өгөх боломжгүй болсон. Энэ нь түүний Засгийн газрын огцрох шалтгаан болсон гэдгийг Л.Гансүх “цензургүй” ярихдаа хэлсэн. Тэрээр  “Тавантолгойн гэрээг Ц.Элбэгдоржийн хүссэнээр хийвэл бид түүхэнд их муухай нэртэй үлдэнэ” гэдэг яриа хөөрөө болсон  тухай хэлсэн билээ. Тодруулбал, Н.Алтанхуяг түүхэнд муу нэртэй үлдэхээсээ айгаад Тавантолгойн гэрээг Ц.Элбэгдоржийн хүссэнээр хийгээгүй гэсэн үг. Үүнийхээ хариуд огцорсон. Тавантолгойг төрийн мэдэлд авч, бүх ард түмэндээ хувьцаа болгож тараах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан Н.Энхбаярыг шоронд хийж, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь дөрвөн сонгууль дараалан хассан. Ц.Элбэгдоржийн улстөрийн өрсөлдөгч Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд хууль хяналтын байгууллага дахь Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын гишүүд хэрхэн яаж ажиллаж байсныг Н.Энхбаяр удаа дараагийн ярилцлагууддаа тодорхой ярьсан байдаг. Захиалгат хохирогч гарч ирдэг /Н.Энхбаяр дээр Сэргэлэн гэдэг нөхрийг гаргаж ирсэн, өмгөөлөгч нь өмгөөлдөггүй /Зоригийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гаргаж өгсөн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ өмгөө­лө­хөөсөө айгаад байна гээд үүрэгт ажлаа хийдэггүй/ гэх мэтчилэн жишээ дурдвал олон.

Ийм зорилгын хүрээнд “Онц бүрэн эрхт Онцгой комисс” нь Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, “Тэнгри холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаяр, Тагнуулын ерөнхий газрын сөрөг таг­нуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар… нарын олон хүнийг хэлмэгдүүлсэн нь өнөөдөр тодорхой бо­лоод байна. Шүгэл үлээгээд ил гараад ирсэн нь энэ хүмүүүс болохоос тэднээс гадна маш олон хүн бий…

 

Хамгийн гол нь Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын хэлмэгдүүлдэг арга нь зарим талаараа өнгөрсөн зууны 37 оны “Онц бүрэн эрхт Онцгой комисс-ынхтой яг адилхан.

 

Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс” 80 гаруй жилийн өмнө Улсын Төв театрт олны өмнө шүүх хурал хэмээх жүжиг тавьж байсан шиг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гээд буруутгах гэж байгаа хүнийхээ талаар олон нийтийн “тархийг угаах”  ажиллагааг онцгой сайн зохион байгуулдаг байсан. Н.Энхбаярыг хэдэн зуун цагдаагаар хүч түрэмгийлэн баривчилсныхаа маргааш Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй хийх уулзалт гэдэг арга хэмжээ зохион байгуулж, тэрэн дээрээ хорьсон хүнийхээ тухай баахан ярьж, яг таарсан асуулт асуулгаж, яг тэр уулзалтыг нь  хэдэн телевиз шууд дамжуулж байлаа. Энэхүү уулзалтыг шууд дамжуулсан нэвтрүүлгийг Н.Энхбаярын хоригдож байсан хорих ангид дууг нь чангалан үзүүлж байсан гэдэг. Айлгах тактик гэж энэ.

Тэднийг баривчилж, хэрэг үүсгэхээсээ өмнө  “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын гар хөл болж зориуд томилогдсон улстөрчид,  хууль хяналтын байгуулалгын ажилт­нууд, сэтгүүлчид газар доогуур ортол муулж, гэмт хэрэгтэн болгож харагдуу­лаад, дараа нь яллаж үүнийгээ баталдаг байв.

 

Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын эрх мэдлийн хувийн дарангуйлал тогтоох, өмч хөрөнгө дээрэмдэх, бизнесийг шантаажилсан авлигыг улам цэцэглүүлсэн.

Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын бүтэц маш тов бөгөөд тодорхой. Хууль хяналтын байгууллагын удирдлагыг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлээд цааш нь дунд тушаалын хүмүүсийг элсүүлэн авдаг.

 

Хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын толгойлогч нь эр мэдлийн хувийн дарангуйллаа тогтоох гэсэн Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдорж эхлээд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг зохион байгуулалттайгаар өөрийн хүмүүсээрээ бүрдүүлэн томилуулсан. Улсын Ерөнхий прокуророор АН-ын генсек байсан Б.Дорлигжавыг то­ми­луулсан. АТГ-ын даргаар ажил­лаж байсан Б.Сангарагчаа, дэд дарга Сундуйсүрэн нарыг ажилтнаа чагнасан тагнасан гэдэг хэргээр шоронд суулгаад оронд нь Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Н.Ганболдыг АТГ-ыг даргаар, Б.Хурцыг дэд дарга болгосон.

Шүүхийн шинэчлэл гэж баахан сүржин юм болсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөл Н.Лүндэндорж гэдэг даргатай болсон. Ёс суртахууны хувьд энэ албанд тохирохгүй автотээврийн ноцтой осол гаргаж хүний аминд хүрч байсан гэдэг шүүмжлэл дагасан ч Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх байсан Ч.Өнөрбаяр, Ерөнхий про­курорын орлогч Г.Эрдэнэбат нарын багш гэгдэх Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалд суусан. Дээрээс нь шүүх, Дээд шүү­хийн Ц.Зориг тэргүүтэй, Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч М.Батсуурь, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сарантуяа, шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, С.Оюунчимэг, Цагаанцоож… ТЕГ-ын дарга Д.Гэрэл гээд л нэмэгдээд явчихна.

Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг гартаа оруулснаас гадна хууль хүчний байгууллагуудын дунд шатанд бүтэц бүрэлдэхүүнээ бий болгосон нь прокурор асан Ё.Сагсай, прокурор О.Мөнхбаатар, Б.Батжаргал, Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай, АТГ-аас прокурорт очсон Э.Амарбат, АТГ-ын ажилтан Д.Золжаргал, Д.Наранбаатар, нэр нь үл мэдэгдэх тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд гээд бий. Учир нь тэдний нэр хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оор орсон хүмүүсийн амнаас байнга гарна. Хүн болгоны асуудал дээр тэдний нэр дэндүү олонтаа давхцаж гарч ирдэг юм. Товчхондоо бол, хууль хүчний байгууллагын хэргийг гардан мөрддөг, хянадаг, шүүдэг дунд тушаалын албан тушаалын албан хаагчдыг дандаа өөрийн хүмүүсээр бэхжүүлсэн, Энэ хүмүүс нь Эрдэнэтийн 49 хувь зэрэг Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэргүүд дээр хэрэг үүсгэхгүйгээр хамгаалж байна гэдэг хардлага өнөөдөр ч байсаар байна.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ч.Содномцэрэнг Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-оос ангид авч  үзэх аргагүй. СЕХ-г улс төрийн өрсөлдөгчийг нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхад онцгой гавьяа байгуулсан газар болгосон. Хэн сонгуульд оролцож, хэн сонгуульд оролцохгүй вэ гэдгийг улстөрийн шалгуур тавьж хандсан газар энэ болсон. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд СЕХ-ноос “Боловсрол мэдлэгийн хувьд таарахгүй” гээд бүртгэж авахгүй байсан гэдэг бол нэг л жишээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг сүүлд телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Та сонгуульд ялсан шүү дээ, танай нам ажиллаагүй” гэх утгатай үг хэлээд байсан өдгөөгийн Ерөнхийлөгч өмнөх сонгуулийн талаар яагаад ингэж хэлснийг мэдэх хүн нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс өөр хэн байх билээ.

Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын гишүүн, тагнуулч Б.Хурц шиг баялаг намтар түүхтэй хүн байхгүй л дээ. Хүн хулгайлсан гэдэг асуудалд холбогдоод байхад нь  тухайн үеийн Гадаад хэргийн сайд байсан Г.Занданшатар, Германы канцлер Ангела Меркелийн айлчлалыг аятайхан болгочих гэж гэж дипломат ажиллагаа явуулж байж, Английн шоронгоос Германд шилжсэн Б.Хурцыг суллуулсан гэдэг. Харин Г.Занданшатарын дипломат ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гадаад харилцааны зөвлөх Л.Пүрэвсүрэн нар домог болгож, Барак Обамагаар яриулаад Англиас Герман руу шилжүүлсэн, тэндээсээ Ерөнхийлөгч суллуулаад нэг онгоцоор аваад ирсэн гэдэг шоу болгочихсон гэдэг. За тэр яахав. Хамгийн гол нь Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан ҮАБЗ-ийн Ажлын албанд байсан Б.Хурц Англи, Герман гэж явж ирснийхээ дараахан АТГ-ын дэд даргын албан тушаалд очсон. Хуулиараа бол АТГ-ын дэд дарга гэдэг бие даан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй, үүгээрээ даргаасаа илүү шахам эрх мэдэлтэй гэдгийг хуулийнхан хэлдэг.  Ийм эрх мэдэлтэй албан тушаал дээр очсон Б.Хурц, тэгээд намын экс генсекээс Ерөнхий прокурорын суудалд суусан Д.Дорлигжав гэдэг гайхалтай хоршил болсон байдаг.

ТЕГ-ын Сөрөг тагнуулын албаны дарга асан, хурандаа Д.Цогтбаатар “нууц задруулсан” хэргээр шоронд суусан. Сөрөг тагнуулын албаны даргын задруулсан “нууц” нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Yahoo дээр гарч байсан мэдээлэлтэй холбоотой. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Солонгосын бизнесмэнээс “улс төрийн мөнгө”  гэж авсан 3 сая ам.доллар, мөнгөнийхөө хариуд алтны их нөөцтэй ордын лиценз өгөхөөр болсон гэх мэдээлэл юм. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэсэн боловч прокурорт хүрч гацаад, албан тушаалтнуудын оролцоотой авлига хээл хахуулийн хэрэг мөн үү үгүй юу гэдгийг асууж тодруулснаараа Д.Цогтбаатар албаны нууц задруулсан хэргээр ял сонссон байдаг. Ил гарч ирж яривал Д.Цогтбаатар ихийг хэлнэ дээ.  “Улс төрийн мөнгө”-тэй холбоотой энэ хэргийн Солонгост сууж байсан Элчин сайд гэдэг утгаараа ч, Монголын тагнуулын байгууллагыг хоёронтаа толгойлж байгаа тусгай албаны ажилтан гэдэг талаасаа ч өдгөөгийн ТЕГ-ын дарга Д.Гэрэл ихийг мэдэх хүн яах аргагүй мөн.

 

Саяхан Лүймэдийн Гансүх телевизээр ярина билээ. “…Дорлигоо арынхаа өрөөнд орж, жорлонгийнхоо усыг татаад Хурц намайг чагнаад байгаа, чи Элбэгээтэй учраа ол гэж хэлсэн” гэж ярив. Гэтэл Монгол Улсын Ерөнхий прокурор өөрийг нь чагнаж тагнаад байгааг мэдсэн юм бол хуулийнхаа дагуу тэр муу хууль бусаар ажиллагаа явуулаад байгаа Б.Хурцыг ёстой яаж л бол яаж болгоод тавьдаг юм байгаа биз дээ. Гэтэл жорлонгийн усаа татаж шоу хийгээд, “…Элбэгээ рүү яв” гэдэг….

Тордайн Ганболд бас ярьсан даа. Д.Дорлигжавын талаарх болохгүй бүтэхгүй баримтуудыг нь хүнд өгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу бариулаад оруулж. Тэгсэн нөгөө хүнийг нь гаргаад Д.Дорлигжавыг дуу­даад “Ганболд чамайг ингээд байна” гэж хэлсэн юм даг уу даа. Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын сүлжээ гэж энэ.

Төрийн тусгай албыг улстөр­жүүл­сэн томилгоо болгосон. Улс­­төрийн намын генсекээр ажиллаж байсан Д.Дорлигжавыг Ерөнхий проку­ророор томилсон. Нэгд, улстөржсөн, хоёрт Улсын ерөнхий прокуророор ажиллах шалгуур хангаагүй хүнийг томил­чихлоо гэж шүүмжлэл гарч байсан ч, УИХ-ын гишүүд ёстой таг гүлдийж мэдэн будилж байгаад томилсон.

Харин сүүлд өнгөрсөн оны сүүлчээр Тордайн Ганболд гарч ирж, Ерөнхий прокурорын “дээрэм”-ийн тухай ярихад анх томилогдоход нь болохгүй шүү гэдгийг дуугарч байсан ганцхан хүн нь МАХН-ын Э.Эрдэнэжамьян л байсан гэдэг тодорхой болсон. Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын гишүүнээ томилж байхад Их Хурлын ядаж нэг гишүүн хуулиа бариад Ерөнхий прокуророор ажиллах шалгуур хангаагүйг нь хэлчихээгүй нь сонин байгаа биз.

Л.Гансүх нь Ц.Элбэгдоржийн хууль бус комиссын дунд шатанд албан тушаалтнуудыг яаж ашигладаг вэ гэдгийг тодорхой ярьсан. Албан тушаал, дэвшүүлнэ, ахуй хангамжийг нь сайжруулна…Дунд шатны албан тушаалтнуудыг ашиглахдаа ямар нэгэн болохгүй зүйлээр нь айлгадаг.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат Шөнийн нэг цагт шүүхийн тогтоолгүй баривчилгаа хийх гэж ирчихээд утасдаж байгаад шөнөөр шүүхийн шийдвэр авчруулж байсан. Н.Энхбаярыг баривчлах үеэр шүү дээ. Ер нь нэг хэсэг л Э.Амарбат гэдэг хүн гарч ирж хэвлэлийн хурал хийсний дараа баривчилгаа явагддаг болчихоод байсан. Э.Амарбатын хүчирхийллийн хохирогч гэдэг өмгөөлөгч эмэгтэй хэвлэлийн хурал хийж байсан. Мөн Э.Амарбат бол АТГ-ын дарга Ч.Сангарагчааг гэмт хэрэгтэн болгож шоронд хийхэд “нохойд барьдаг мод” болсон хүн гэдэг юм.

Түүнчлэн Сагсайдах гэдэг үйл үг гарч ирсэн. Ё.Сагсай, О.Мөнхбаатар гэ­дэг хоёр хүн Н.Энхбаярыг яллах шүүх хурал дээр мессеж уншсаар байж яллах тогтоолоо уншиж гарч байсан.

Прокурорууд шүүх хурал дээр Н.Энхбаярт төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасч, 8.6 жил хорих ял оноох яллах дүгнэлт уншсан.  Тэдгээр “хэрэг” нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлс­нээр “үхрийн бөөр шиг” юмнууд ний­лүүлснийг хүмүүс мартаагүй байгаа.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуай Монголын хууль хяналтын байгууллагын талаар ярьсан. Угтаа энэ нь Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын хийж байгаа бусармаг явдлыг илчлэн хэлсэн байгаа юм. Л.Жавзмаа гуай “Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай гэж хүн Ерөнхий сайдынхаа нэрийг ч мэдэхгүй. Миний бичсэн захидалд хариу ирүүлэхдээ “Та бүхнээс Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандаж …” гэсэн байгаа юм. Тэр хүн нь  Ерөнхий сайд биш УИХ-ын дарга байсан шүү дээ. Мөн С.Зоригийн гэхийг М.Зоригийн гээд бичсэн байх жишээтэй.  Тэгээд “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гомдлыг хүлээж авч үзлээ, хариу өгөх боломжгүй” гэсэн байгаа юм. Ийм хүмүүс хууль хяналтын байгууллагын толгойд байгаад эгч нь  сэтгэл зовж суух юм.  Хүүдээ ч санаа их зовж байна….Тагнуулынхан  чинь хачин улс байдаг юм билээ. С.Зоригийн  амьдарч байсан байшинг хүүд минь зааж өгч “Нүглээ наманчил, залбир” гэж дарамтлаад зургийг нь авсан байгаа юм. Бархасбадь гэж тагнуулын газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга дагуулж явсан гэсэн. Тийм  маягаар хэрэг  бүдүүлж, зураг авалт хийгээд байсан байгаа юм. Нийслэлийн прокурор Батжаргал гэж бас нэг нөхөр хүүг минь бас  дарамтлаад байсан байдаг. С.Зориг агсны амьдарч байсан байр руу дагуулж очсон  тагнуулыхан “Энэ байшин шүү, хоёр давхар нь шүү. Харж байгаа биз дээ, чи одоо нүглээ наманчил залбир” гэж зааж өгөөд чамайг нар, салхи үзүүлэхгүй хориноо гээд үг хэлүүлэхгүй  дарамталж байсан байгаа юм. Эндээс би Монголын төр эзэнгүй, хэн юу дуртайгаа хийж байна гэдгийг мэдсэн” гэж байв.

Мөн Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-т онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ч.Өнөрбаяр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны есдүгээр сард зарлиг гаргаж АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярыг өөрийнхөө Хуулийн бодлогын зөвлөх болон ШЕЗ-ийн гишүүнээр томилсон. Ч.Өнөрбаяр нь Н.Энхбаярыг баривч­лах ажиллагааг гардан зохион бай­гуул­сан бөгөөд “Н.Энхбаярыг баривчлах үеэр шаардлагатай бол буудах эрхтэй” хэмээн олны өмнө зоригтойгоор хэлж байсан нэгэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн дэргэд очоод Г.Эрдэнэбатыг МУИС-ийн ХЗС-ийн багшаас Улсын ерөнхий прокурорын орлогч болтол татаж, тэр нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт үүрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байж бол­зош­гүй нөхцөл байдал одоо илрээд байна.

 

Ер нь бол Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс шагнуулдаг. Аль эсвэл ямар нэг нээнтэгтэй шүүгч, прокурор, тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнуудыг Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт онцгой комисс”-ынхон эгнээндээ элсүүлж хэлмэгдүүлэлтийг хийлгэдэг гэж Н.Энхбаяр, Л.Гансүх нарын хүмүүс  саяхны ярилцлагууддаа хэлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Ч.Өнөрбаярын оронд АТГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд Д.Наранбаатарыг томилсон юм. Д.Наранбаатар нь Н.Энхбаярыг баривчлах тогтоолын төслийг боловсруулж, баривчилгааны үеэр баривчлах тогтоолыг телевизийн камеруудын өмнө чанга дуугаар уншиж өгөн олон түмэнд танигдсан хүн. Тэрээр баривчилгааны дараа Төв аймгийн урьдчилан хорих төвд Н.Энхбаярт яллах тогтоолыг нь мөн л уншиж танилцуулж байлаа.

Н.Энхбаярыг яллахад хамгийн ихээр олны танил болсон эрхэм бол прокурор Ё.Сагсай. Тэр энэ хэрэгт улсын яллагчаар оролцож байхдаа Нийслэлийн прокурорын орлогч байсан. Харин 2013 оны хоёрдугаар сарын 6-нд Улсын ерөнхий про­курор Д.Дорлигжавын тушаалаар Ё.Сагсай нь Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор болж дэвшсэн. Олон нийт түүнийг Н.Энхбаярыг ялласны шагналаа авлаа гэж байв. Улмаар УЕПГ-т очсон. Түүнчлэн  анхан шатны шүүхээс Н.Энхбаярт ял оноосны дараа Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Зөвхөн яллах бодлого барилаа” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өөрөө давж заалдах шатны шүүх хурлыг даргалан оролцохдоо анхан шатны шүүх зөв шийдсэн байна хэмээн үзэж, Н.Энхбаяр нарын ялыг хэвээр үлдээв.

Үүний дараа Б.Сарантуяа шүүг­чийн нөхөр Д.Гоошоохүү  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сон­гог­дов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Гавьяат багш цол олгосон. Улмаар дээрх албанд тохоогдсон гээд “сонирхолтой” учир холбоос олон бий. Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн нөхөр энэ хүртэл явж ирсэнд гайхах хүн цөөнгүй байна. АТГ-ын Мөрдөн шал­­гах хэлтсийн дарга Э.Амарбат ч УЕПГ-т томоохон албан тушаалд дэвшсэн.

Мөн Н.Энхбаярыг шүүхээр шийт­гэс­­нээс гурав хоногийн дараа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Сүхбаатарын одон­гоор шагнасан байдаг юм. Харин Б.Хурц шагналаа олны нүднээс нуун байж гардсан гэдэг. Цаг хугацааны хувьд ингэж таарсан байж болох ч Б.Хурц Сүхбаатарын одонгийн энтэй ямар гавьяаг Монголын төрд бус Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бү­рэн эрхт Онцгой комисс”-тоо бай­гуул­­­­­сан тодоос тод харагдаж байгаа юм.

Хүний эрх гэж хамгийн их ярьдаг Ц.Элбэгдоржийн засаглалын үед хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэргийн баримт илэрсэн талаар өнөөдөр амтай болгон л ярьж байна. Аймшигггүй эрүүдэн шүүж, илрээгүй 20 шахам жил болж байгаа хэргийг зохиомлоор илрүүлэх жүжиг тавих хэнд хэрэгтэй байв аа?

Бас дээрээс нь эрүүдэн шүүсэн гэдэг энэ асуудлаар далимдуулан хууль хяналтын байгууллагуудын хараат бус байдал руу халдсан хуулийг нэг өдрийн дотор маш хурд­тайгаар батлах гэж гишүүд чичирч байна. Энэ бүхний эцэст Ц.Элбэгдоржийн хууль бус “Онц бүрэн эрхт Онцгой комисс” өөр хүнийх болон гарч ирэх вий.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин