“Хүүхэд ахуй наснаасаа үерхэн, нөхөрлөж  нэг голд тоглож өссөн дурлалт хосууд. Тэдний хайр сэтгэлийг хагацаах гэсэн буруу санаатан. Гэсэн ч “Аргагүй амраг” үл хагацна” Соёлын тэргүүний ажилтан уртын дууч Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа нарын тоглосон “Аргагүй амраг тун удахгүй...” гэсэн сурталчилгаа чухам юуг илэрхийлсэн юм бол. Сурталчилгаанаас харахад уран бүтээлчид үзэгч сонсогчиддоо шинэ уран бүтээлээрээ бэлэг барих нь тодорхой байсан. Харин кинонд тоглосон уу, шинэ клип байв уу? Тэгвэл энэхүү “Аргагүй амраг тун удахгүй...” хэмээх сурталчилгааны нууц задарлаа. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр аль хэдийн  бэлтгэлээ базаажээ.

  

Тоглолтонд тэдний өлгийдөн авсан анхны хамтын уран бүтээл болох “Язгуур” цомогт багтсан дуунуд эгшиглэх юм байна. Тэгээр уран бүтээлүүд бол монголын түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал”  монгол язгуурыг илтгэх  дуунууд юм.  

  Тоглолт үндсэн хоёр хэсэгтэй гэнэ. Эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт этник хэв маягын уран бүтээлүүд нь эгшиглэх нь ээ.

  Бие биенийхээ аргагүй амраг болсон уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Аргагүй амраг” баярын  тоглолтоо  Тусгаар тогтнолын ордонд ирэх гуравдугаар сарын 8-нд 15.00 цагт ганцхан удаа тоглоно. Түүнчлэн тэд “V.I.P” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт “Чингэс” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийн бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барихаар зэхжээ.