Ц.Раднаа 85 насандаа "Дэлхийн хошой аварга боллоо"
2019/03/30
Польш улсад үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн мастерс /ахмад/-ын ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурдаа сорьсон Ц.Раднаа тэргүүн байр эзэлсэн амжилт нь дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн баярт мэдээг бидэнд хэдхэн хоногийн өмнө дуулгасан билээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 29-нд болсон 60 метрийн саадтай уралдаанд АНУ, Италийн тамирчдыг ардаа орхин дэлхийн хошой аварга боллоо.
Хоёр дахь алтан медалиа хүртэж ийнхүү хошой аварга болоод буй буурайг төр засаг нь үнэлээсэй хэмээн монгол түмэн түүнийг дэмжиж байна.
Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа гуай өдгөө 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй Т.Цэрэндолгор гуай өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан удаатай.
Польшийн Торун хотод энэ сарын 24-д эхэлсэн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөх юм. Тэмцээний дүнг ЭНД дарж үзэх боломжтой.