Сүүлийн үед “Гоё” тарагийг  БНХАУ-аас оруулж ирдэг  хэмээх мэдээлэл явах болсон.  Тэгвэл энэ мэдээлэл худлаа  гэдгийг  “Витафит” группийн  “Оргил Хүнс” ХХК  өнөөдөр хэрэглэгч,  хамтрагч болон хэвлэл мэдээллийнхэнд баталж, үйлдвэртэйгээ танилцууллаа.  Энэ үеэр “Гоё” тарагийг хийхдээ  Хэнтий аймгийн  Өлзийт тосгоны "Атарчандгана" сүүний 400 гаруй үхэртэй саалийн фермээсээ сүүгээ  хотоод тээвэрлэн авчирч,  өөрийн үйлдвэртээ боловсоруулдаг байна. Харин “Гоё” нэрийн тарагний савыг өөрийнхөө үйлдвэрт хийж, таглаа, шошгоо үндэсний үйлдвэрлэгчээс авдаг гэдгийг онцолсон юм.  

Тус үйлдвэр  нэг цагт гурван тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  техникээ шинэчилж байгаа гэдгээ энэ үеэр онцолж байсан юм.

 

 

“Гоё тараг” ны үйлдвэртэй танилцах явцад “Оргил хүнс” ХХК-ийн захирал Н.Батзаяатай уулзаж зарим асуултад хариулт авлаа.

 - Сүүлийн үед танайхаас үйлдвэрлэн гаргадаг “Гоё тараг”-ны талаар нилээд асуудал гарах боллоо. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-  Энэ бол удаан үргэлжилж байгаа асуудал. Бид өмнө нь хэвлэлийнхэнд ханддаггүй байсан. Нэг хүний явуулгаар удаа дараа манай компанитай холбоотой асуудлаар мэдэгдэл хийгээд бараг хоёр жил  шахам болж байна. Манайх үйл ажиллагаагаа явуулаад олон жил болж байгаа тогтворжсон компани. Энэ хугацаанд тэр хүний явуулгаар Мэргэжлийн хяналт, бусад холбогдох газраас байнгын шалгалт хийдэг. Энэ бүхэнд үнэн мөнийг тогтоолгохоор бид шүүхэд хүртэл хандаж байсан удаатай. Түүнээс манайх Хятадаас тараг оруулж ирээд савлах,  Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн худалдаалсан зүйл байхгүй.

 Данийн "Хансен" компаниас тарагны хөрөнгөө, АНУ-гийн Каргелл-аас тогтворжуулагч нэмэлт бүтээгдэхүүнээ авдаг.  Баталгаатай нарийн технологиор ард иргэддээ чанартай тараг үйлдвэрлэхийг зорьж ирсэн, хойшид ч энэ тал дээр бүр Монголынхоо түүхий эдээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.



- Хэнтий аймагт сүүний фермтэй гэж байсан. Сүүгээ өдөр бүр тээвэрлэж нийслэлд авч ирдэг үү?

- Тийм.  Манай “Витафит” группийн охин компаниуд олон. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хуучнаар Чандаганы САА-г сэргээн 400 гаруй үхэртэй саалийн ферм байгуулаад гурван жилийн нүүр үзэж байна. Эндээс түүхий эдээ авдаг. Бас одоохондоо 100 хувь хангаж чадахгүй байгаа болохоор дээр хэлсэн гадаадын чанарын шаардлага хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуурай сүүгээр   "Гоё тараг”-аа үйлдвэрлэдэг. Түүнээс дан ганц хуурай сүүгээр тараг үйлдвэрлэнэ гэж байхгүй. 

- Цаашид хуурай сүү хэрэглэхгүйгээр дан ганц түүхий сүүгээр тараг үйлдвэрлэх боломж байгаа юу?

-Түүхий сүүгээр жилийн дөрвөн улиралд тараг үйлдвэрлэхээр бид ажиллаж байна. Манай материаллаг бааз болох сүүний фермийн маань үнээний тоо 400 гаруй гээд их юм шиг сонсогдож байгаа ч зарим нь тугаллана, тэгээд асаргаа маллагаа гээд олон асуудал байдаг. Энэ бүхнийг зохицуулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Савалгаа хүртэл нарийн технологитой. Энэ бүхнийг мэдэхгүй хүмүүс биднийг энд тэндээс Хятад гэсэн хаяг нэр зүүн хэвлэлээр тарааж байгаад л харамсаж байна. 

- БНХАУ-аас оруулж ирдэг гэсэн ярианы талаар?

- Төмөр замын вокзалын баруун талд “Ногоон зоорь” гэж орон нутаг руу бараа ачдаг ачилтын талбай байдаг юм. Тэнд л орон нутгийн хэрэглэгчид  бараагаа ачиж  байсныг урдаас оруулж ирсэн гэж ташаа ойлгосон.  Үүнийг нотлох воган ачилтын төлбөр тооцооны баримтыг та бүхэнд үзүүлсэн байгаа. ГЕГ-аас  манайх лавлагаа авч, тараг БНХАУ-аа оруулж ирдэггүй болохыг  баталгаажуулсан.  Манайх “Гоё” тарагийг Монголд үйлдвэрт үйлдвэрлэдэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

- Тодруулга өгсөн таньд баярлалаа 

Ингээд уншигч та бүхэнд гоё тарагны үйлдвэрлэл хэрхэн явагддаг болохыг гэрэл зургаар хүргэж байна. 

















Үйлдвэрийн энэ хэсэгт "Гоё" тарагний савыг үйлдвэрлэдэг.