"Зумба парти"-ны ертөнцөөр 800 гаруй хүн аялжээ
2019/04/04
"Монголын зумба фитнессийн холбоо", "Голден жим фитнесс" клубын хамтран зохион байгуулдаг "Зумба парти" гуравдугаар сарын 30-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тус партинд 800 гаруй хүмүүс оролцсон бөгөөд эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй болов. "Зумба парти"-нд хүрэлцэн ирсэн зочид нь цаг гаруй хугацаанд зумбагийн ертөнцөөр аялаж амралтын өдрөө хөгжилтэй, эрч хүчээр цэнэглэн өнгөрүүлсэн хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
"Зумба фитнесс" нь хөгжилтэй, зугаатай аргаар тураах хөтөлбөр гэдэг нэршлээрээ дэлхийн дахинаа алдартай билээ. 2000 оноос эхлэн интертаймент, шоу чиглэл рүү хүч түрэн орж ирсэн гэдгийг зумба фитнессийг сонирхогчид сайн мэднэ.
Та хүнд дасгал хийж биедээ хэт ачаалал авч, зовохгүйгээр бүжиглэнгээ гоолиг биетэй болох бүрэн боломжтой юм. Мөн энэхүү фитнессээр хичээллэхэд нас, хүйс харгалзахгүй бөгөөд зөвхөн хөгжилтэй, зугаатай аргаар хөлсөө гадагшлуулж жингээ хасдаг гэдгээрээ давуу талтай.
"Зумба фитнесс" нь дотроо маш олон хөтөлбөртэй байдаг аж. Монголын зумба фитнессийн холбоо нь одоогоор энгийн бүжгэн зумба, дасгалан зумба гээд хоёр төрлийн зумбаг зааж байгаа гэнэ. Тус холбоо нь жилдээ хоёроос гурван удаа зумба партиг тогтмол зохион байгуулдаг юм байна. Ирэх аравдугаар сард "Хөхний хорт хавдрын эсрэг" өдрийг тохиолдуулан ХСҮТ-тэй хамтран "Зумба пинк парти"-г зохион байгуулна гэдгийг Монголын Зумба фитнессийн холбооны тэргүүн Ө.Долгормаа онцолсон юм.
Өнгөрөгч амралтын өдрөөр зохиогдсон "Зумба парти"-ны ерөнхий ивээн тэтгэгчээр "Монос" фарм трейд- Турбослим хөтөлбөр, "Тэсо" компани-Зөв монгол брэнд, болон эрүүл мэндийг эрхэмлэгч байгууллага, хамт олон хамтран ажилласан байна.
Дашрамд сонирхуулахад, "Голден жим" фитнесс клуб нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх салбартаа бямба, ням гаригуудад 9:00-12:00 цагийн хооронд Ахмадын хөтөлбөрийн сургалтаа үнэ төлбөргүй явуулдаг. Мөн Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдээ илүүдэл жингээс урьдчилан сэргийлж, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн суурь мэдлэгийг олгох зорилготой үнэгүй хөтөлбөрийг зохион байгуулаад олон жил болж байгаа гэдгийг дуулгая.