- ГАЗАР ЧӨЛӨӨЛСӨН АЙЛУУДЫН ХАШАА ХОГИЙН ЦЭГ БОЛОВ -
 
Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах зорилгоор орон сууцны долдугаар хороолол барих ажлын сураг гараад багаг.й хугацаа өнгөрсөн.
Гэвч энэ б.тээн байгуулалтын сураг алдарчээ. Нийт 210 га талбайг хамрах уг хороололд “10956 айлын орон сууц барина. Айл .рх б.р хувийн хаустай болно” хэмээн иргэдийг ховсодсоор Э.Бат-..л хотын даргын сэнтийд заларсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Хотын даргын сонгуулийн гол пиар нь “Эл хорооллын бүтээн байгуулалт” байв. Долдугаар хороололд Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооныхон хамрагдаж байгаа. Агаар, хөрсний бохирдлоороо толгой цохидог 100 айлынхан ч дээрх үлгэрт итгээд АН-д саналаа өгсөн гэж иргэд гомдол мэдүүлж байна. Харин сонгуулиас хойш хотын дарга долдугаар хорооллынхныг мартаж, Гандангийн дэнжийг орон сууцжуулна хэмээн сүүлийн үед ойр ойрхон хуралдах болов. Үүнийг сонссон домогт долдугаар хорооллынхон “Одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Ээлжит шоугаа хийж байгаа юм. Долдугаар хорооллыг орон сууцжуулах ажил хэрэгжиж байсан бол арай л үнэмшилтэй байх байлаа. Одоо хэн итгэх билээ дээ” хэмээн тун ч таагүй үг дайж байна. Долдугаар хорооллыг барихын тулд гэр хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ч газраа чөлөөлж өгсөн нь цөөхөн. Хорооллыг барих ажлыг эхлүүлэх, дэд бүтцийг бүтээн байгуулахад нийт 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлээс баталсан. Энэ мөнгөнөөс өдгөө хэр үлдсэн, юунд зарцуулагдсан нь тодорхой бус.
Ямартай ч хүний нүдэнд харагдах ажил хараахан алга. Газраа чөлөөлсөн айлууд түр оршин суух зориулалт бүхий 300 айлын түрээсийн байрыг хувийн хэвшлийнхэнд захиалга өгөн бариулсан аж. Байр ч баригдаад бараг л дуусч. Гэтэл уг байранд амьдах сонирхолтой айл өрх байхгүй, хоосон байна. Энэ байдлыг иргэд барилгын чанартай холбоотой хэмээн “хошуу өргөв”. Оршин суугчдын хэлж буйгаар түр оршин суугчдад зориулсан гэх тодотголтой уг байр ёстой л “нүглийн нүдийг гурилаар хуурсан” зүйл гэнэ. Тэр ч бүү хэл барьж байх явцдаа нурсан сурагтай. Тэгээд 300 айлын орон сууц гэх атлаа нийтийн гал тогоо, жорлонтой. Уг барилгын дотор засал чимэглэлд ажилласан залуу хамаатныхаа айлд ирээд “Энэ байранд хүнд тавилгатай айл орвол цөмрөөд доод талын айл уруугаа орох байх” гэж хошигносон байх юм. 27-35.7 ам.метр талбай бүхий өрөөтэй 15 давхар дээрх хос барилгын гүйцэтгэгчээр “Бэрэн констракшн” ХХК ажилласан байна. Чанар муутай хэмээн муу хэлэгдсэн ч түр байх байр нь сүндэрлэчихээд байхад оршин суугчид орохгүй байгаа шалтгаан нь долдугаар хорооллын барилгын ажил эхлэхгүй байгаатай ч бас холбоотой гэнэ.
“Одоо барилгын сууриа ч тавиагүй долдугаар хорооллыг хэзээ баригдана гэж хашаа байшингаа зүгээр шахуу өгчихөөд тэр чанаргүй умгар өрөөнд амьдрах билээ” гэж хаширлах иргэд олон байна. Түр оршин суух түрээсийн байрыг “Энэ чинь нөгөө долдугаар хорооллынх нь нэг хэсэг юм гэнэ билээ” гэх иргэнтэй ч таарсан. Газраа зараад нүүсэн айлын хашаанд барилга сүндэрлэх нь байтугай хогоор дүүрсэн харагдана. Ойролцоо түлээ зараад зогсч буй хүнтэй уулзвал “Хогийн цэг болоод удаж байна. Манайх ч ялгаагүй хогоо наад хашаа уруу чинь шидчихдэг юм. Ойр хавийн бүх айл хогоо хийж байгаа” гэж хэнэг ч үгүй хариулав. Шинэ хорооллын ажил эхлэхгүй удаад буйн шалтгааныг учир мэдэх хүмүүс ярихдаа “Долдугаар хороолол барина гээд байгаа тэр хэсэгт хөрсний ялзрал ихтэй, намгархаг учраас барилга барихад тохиромжгүй, чанарын шаардлага хангадаггүй” гэдэг юм байна. Туршилтаар цементэн багана босгоход өвөлдөө хөрс нь ойж хөлдөөд нөгөөх нь хазайчихдаг, харин хавартаа суулт өгөөд уначихдаг аж. Иймээс л нутгийн иргэд энд олон давхар барилга барих нь эрсдэлтэй хэмээн газраа чөлөөлж өгөхгүй, нөгөө түр оршин суух байранд нь орохгүй байгаа аж. Олны үг ортой. Барилгажилт эхлэхгүй багагүй хугацаа үдсэн нь цаанаа ямар нэгэн шалтгаантай биз ээ. Ийнхүү хотын даргын анхны төлөвлөгөө бүтэлгүйтсэнээр иргэдийн итгэл алдрахад хүрэв.
Уг нь долдугаар хороолол нь 210 га газарт нийт 10 мянган айл буюу дунджаар 40-50 мянган иргэнийг орон сууцаар хангах томоохон төсөл. Гэтэл эхний ээлжинд чөлөөлөх 50 га газраа ч чөлөөлөөгүй, инженерийн шугам сүлжээ барих газраа ч цэгцлээгүй байна. Гэр хорооллын айлууд шинэ хорооллоо хүлээж, түүхий нүүрсээ түлсээр сууна. Мөн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороодын айл өрхүүдийг орон сууцжуулах учир энэ жилдээ утаагүй зуух төсөлд хамруулахгүй байх шийдвэр гарсан. Гэвч “Мянганы сорилтын сан”, “Цэвэр агаар” төслөөс энэ газруудад утаагүй зуух нийлүүлэхээр боллоо гэж мэдэгдсэн нь уг хорооллын бүтээн байгуулалтын ажил нэг зуухны эдэлгээний хугацаа дуусах хүртэл үргэлжлэх юм биш байгаа гэсэн ойлголтыг ч оршин суугчдад өгч байгаа аж.
 
 
Б.Цэцэгдэлгэр