Ипотекийн зээлд олгож байсан Засгийн газрын санхүүжилт 2019 он гарсаар зогсжээ

Иргэд арилжааны банкны тавьсан шаардлагыг хангаж л байвал найман хувийн зээлд хамрагдах тэрхүү боломжийг Монголбанк 2013 оны хавраас хойш олгож байгаа. Уг зээлд өнөөдрийг хүртэл 90 гаруй мянган иргэн хамрагдаж, зээлийн нийт үлдэгдэл 4.5 их наяд төгрөгт ойртсон бөгөөд байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн, ажилтай, орлоготой хэнд ч ипотек илүү амар болж эхэлсэн. Зах зээл дэх орон сууцны зээлийн хүү найман хувиас 2-3 дахин өндөр байгаа. Тиймээс иргэдийн дунд найман хувийн ипотек хамгийн эрэлттэй хэвээр байна.

Засгийн газраас энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, өөрсдийн сар тутам өгдөг мөнгөний хэмжээгээ нэмэхээ оны өмнө мэдэгдэж байсан. Тодруулбал, 2019 онд ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгт хүргэхээ зарласан ч өнөөдрийг хүртэл уг зээлийн олдоц 2018 онтой харьцуулахад онцлох өсөлтгүй байна. Хэрэв нийт дүнгээрээ 500 тэрбум төгрөг болж чадвал жилд хамгийн багадаа зургаан мянган иргэний байрны асуудал шийдэгдэх юм.

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Харин он гарснаас хойш буюу нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон байна. Засгийн газар санхүүжилтээ нэмэх бус зогсоосон бөгөөд 2019 онд нэмж эх үүсвэр олголгүй, хоёрдугаар улиралтай золголоо. Дээрх нэгдүгээр улирлын санхүүжилтийг төв банк дангаар зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлжээ. Хэдий тийм боловч ОУВС-гийн шахалт, шаардлагаар Монголбанк ипотекийн зээлийг орхиж гарахаас аргагүй болоод байна. Засгийн газрын төсвөөсөө санхүүжүүлэх ёстой ажлыг мөнгөний бодлого хэрэгжүүлэгч нь удаан хугацааны турш цаашид ингэж хийх ёсгүй гэж донор байгууллага үзжээ. Тиймээс 2020 оны нэгдүгээр сар гэхэд төв банк ипотекийн хөтөлбөрөөс бүрэн гарах үүрэг хүлээсэн байна.

Эдийн засгийн уналтыг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн хүрээнд ОУВС-гийн нэр, нөлөө манай улсад нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлоход үндсэндээ тэд оролцож буй. Өөрсдөө төсвөө залж, өрийн тогтвортой байдлаа удирдаж чадахгүй, санхүүгийн сахилга батгүй болсон учраас хамаг мөнгөний эрх мэдлээ ОУВС-тай хуваалцаж байгаа нь энэ. Засгийн газрынх нь чадал чансаа эндээс харагдана.

 

• Хэрэв нийт дүнгээрээ 500 тэрбум төгрөг болж чадвал жилд хамгийн багадаа зургаан мянган иргэний байрны асуудал шийдэгдэх юм.

• Засгийн газар санхүүжилтээ олгохгүй бол ипотек агшина гэсэн үг. Төв банкны санхүүжилт жилийн туршид 200 тэрбумаас хэтэрдэггүй. Ийм нөхцөлд нэг зээлдэгч 75 сая төгрөгийн зээл хүсэхэд ойролцоогоор 2600 иргэн л байртай болохоор байна.

• Засгийн газар санхүүжилтээ нэмэх бус зогсоосон бөгөөд 2019 онд нэмж эх үүсвэр олголгүй, хоёрдугаар улиралтай золголоо.

Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал эдийн засгийн байх ёстой боломжоосоо хэдийн хальсан. Алдагдал нь талийсан бөгөөд ипотекийн зээлийг үүрэх хэмжээнд төсвийн нөөц, боломж нэмэгдсэнгүй. Тиймээс инфляц, валютын ханштай ноцолдож байх учиртай төв банк нь ирэх жил хүртэл найман хувийн орон сууцны зээлийг иргэдэд урьдынх шигээ олгож, Сангийн яамны ажлыг өмнөөс нь хийхээр болов. Засгийн газар санхүүжилтээ олгохгүй бол ипотек агшина гэсэн үг. Төв банкны санхүүжилт жилийн туршид 200 тэрбумаас хэтэрдэггүй. Ийм нөхцөлд нэг зээлдэгч 75 сая төгрөгийн зээл хүсэхэд ойролцоогоор 2600 иргэн л байртай болохоор байна.

Монголбанк, Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4676 иргэн үүнд хамрагдсан. Үүний 191.2 тэрбум нь төв банкны эх үүсвэр байсан бол үлдсэн 118.1 тэрбум нь Засгийн газрын олгосон мөнгө. Төв банкны дан санхүүжилтээр ипотек цааш хэрэгжвэл нийгмийн бухимдал улам нэмэгдэхээр байна. Учир нь, найман хувийн зээл олгож байгаа эсэхийг иргэд дор бүрнээ нэгнээсээ сураглаж, банкууд төв банк, Засгийн газрын санхүүжилтийг царайчилсаар.

Төсвийн орлого өнгөрсөн онд төлөвлөснөөс давсан ч ипотекийн зээлээ Засгийн газар өөрсдөө авч явахаас татгалзаж, харин ачааны хүндээ төв банк руу шилжүүлсэн нь ОУВС-гийн дургүйг хүргээд байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд хэлсэн амлалтаасаа буцсан гэсэн үг. Үүнээс болж эдийн засагт 6.8 хувийн өсөлт бий болох хөрс суурь болсон хөтөлбөр цуцлагдах, улмаар бид модоо барих эрсдэл дэргэд байна.

Монголбанк ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа. Үүнд ОУВС-гаас хязгаарлалт тавьсан бөгөөд буцаж орж ирж буй мөнгөний зөвхөн үндсэн зээлийг буцаан гаргаж, үүгээрээ ипотекийг санхүүжүүлж байна. Харин хүүгийн орлогыг гаргаж болохгүй гэсэн хатуу нөхцөлд дээрх санхүүжилт хийгдэж байна. Төв банкинд орж ирж байгаа ипотекийн хүү 120 орчим тэрбум төгрөг бөгөөд энэ хүүг Сангийн яам санхүүжүүл гэдэг зөвлөгөөг ОУВС-гаас өгсөн байдаг юм. Тэрчлэн 2018 он гэхэд Монголбанкийг ипотекийн зээлээс бүрмөсөн гарах ёстой гэж 2017 онд үүрэг болгосон ч Засгийн газар хүлээж авахаас цааргалсаар өнөөдрийг хүргэв.

Ийм нөхцөлд төв банкнаас зээлийн санхүүжилт шинээр нэмэгдэх боломжгүй. Харин Засгийн газар 100 хувь уг хөтөлбөрийг өөртөө шилжүүлж авсан цагт л зээлийн санхүүжилт нэмэгдэхээр байна. Харамсалтай нь, 2019 оны төсөв батлах үеэр ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэхээ чухам л уриа лоозон мэт давтаж байсан Засгийн газар хэлсэн үгнийхээ эсрэг ажилласныг нэгдүгээр улирлын ипотекийн тоон үзүүлэлт харуулна. Ийм нөхцөлд ипотекийн зээл олголт энэ онд нэмэгдэхгүй, харин ч 2018 оны түвшнээс уруудахаар байна.

Засгийн газрын мэдээ сонин