Капитал банкийг татан буулгахаар болжээ
2019/04/08
Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.
Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм байна.
Тус банк нь 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтай, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байгаа юм.
Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулах аж.
Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256,000 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ мэдээллээ.
Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох юм.
Түүнчлэн Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн "Хаан банк" ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх аж.