Шинэ үеийн үүрэн холбооны үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлэх өрсөлдөөн дэлхийн бөмбөрцгийн хоёр талд зэрэг эхэллээ.  АНУ-ын Verizon компани арилжааны зориулалттай 5G сүлжээг анх төлөвлөснөөсөө долоо хоногийн өмнө буюу дөрөв­ дүгээр сарын 3-нд нээж анхдагч болохоор шийдсэн ч Өмнөд Солонгосын өрсөлдөгчид нь ялагдахыг хүссэнгүй.

Өмнөд Солонгосын SK Telecom болон өөр хоёр жижиг групп Засгийн газартайгаа тохиролцсоны үндсэн дээр 5G сүлжээ нэвтрүүлэх товоо нааш нь татсанаар анхдагчийн алдар дэлхийн хоёр талд хуваагдлаа. Цагийн бүсээр тооцвол АНУ-ын Verizon солонгос өрсөлдөгчдөөсөө хоёр цагийн өмнө АНУ-ын хоёр хотод 5G үйлчилгээг дивайсынх нь хамт эхлүүлжээ. Энэхүү өрсөлдөөнөөс бүр өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын өөр нэг оператор AT&T компани 5G сүлжээгээ албан ёсоор ашиглалтад оруулсан ч арилжааны хэрэглээ нь хараахан эхэлж амжаагүй юм.

Гэхдээ техник хангамжийн шаардлага хангасан хандалтын цэг (access point) эзэмшигчдэд 5G үйлчилгээг бүр өнгөрсөн 12 дугаар сараас үзүүлж эхэлсэн AT&T компани өөрийгөө хэдийн анхдагчаар зарласан. Verizon-ы ачаар АНУ-ын Миннеаполис, Чикаго хотын тодорхой дүүргийн иргэд Moto Mod 5G хэмээх нэмэлт хэсэг суулгасан Moto Z3 гар утас ашиглан “хэт өргөн зурвасын сүлжээ”­нд хамрагдах боломжтой боллоо. Verizon компани 2019 онд АНУ-ын 30 гаруй хотод 5G Ultra Wideband үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа бүр хоёрдугаар сард зарласан юм. 

Нээлтийн ёслол гуравдугаар сарын 3-нд сүр дуулиантай болсон ч Galaxy S10 5G загварыг энгийн хэрэглэгчдэд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн борлуулж эхэлжээ.

5G сүлжээний анхны хэрэглэгчдэд 30 миллисекундын хүлээгдэл бүхий 450 Мбит/секундын дундаж, 1гбит/секундын оргил татах хурдаар үйлчилнэ. Verizon компани энэ оны турш клиент төхөөрөмжүүдийн программ хангамжийг шинэчлэх, сүлжээгээ сайжруулах замаар нийт хурдыг нь шат дараатай өсгөхөөр төлөвлөж байна. Шинэ үеийн өндөр хурдтай сүлжээний хамрах хүрээ одоогийн байдлаар Чикаго, Миннеаполисын төв хэсэг, байнга хүн ихтэй байдаг гудамж болон том барилга байгууламжуудыг хамрах юм. Сүлжээний хамрах хэсгээс гарсан тохиолдолд холболт автоматаар Verizon 4G LTE-д шилжинэ.

Гэрээт хэрэглэгч сард 10 доллар нэмж төлөх тохиолдолд 5G сүлжээний хязгааргүй эрхтэй Verizon Go Unlimited, Beyond Unlimited, Above Unliminted хэмээх гурван төрлөөс сонгож болно. Бүртгүүлсэн хэрэглэгч эхний гурван сарын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн өмнө худалдаанд гарсан Motorola Z3 загварыг шаардлагатай дагалдах хэрэгслийн хамт 24 сараар хувааж төлөх нөхцөлтэй авч болно.

5G холболтод зориулсан тусгай Moto Mod нэмэлтийг тус оператор 200 ам.доллараар (жи­ жиглэн худалдааны үнэ 350 ам.доллар) нийлүүлж байгаа юм. Гар утасны ар талд зузаан нэмэлт хийц бэхлэх нь хэрэглээ, гоо зүйн хувьд оновчгүй шийдэл. Гэхдээ уг нэмэлт 2000 мА­цагийн зай хураагууртай нь хэрэглэгчийг татах арга болж байна.

Дэлхийд анхдагч алдрын төлөөх операторуудын өрсөлдөөн АНУ, Өмнөд Солонгосын Засгийн газарт амин чухал ач холбогдолтой. Хоёр улсын тэргүүлэх карьер, чип үйлдвэрлэгчид шинэ үеийн утасгүй технологийг зах зээлд төлөвлөгөөт хуваариас өмнө нэвтрүүлэх нь үндэсний бахархалтай холбоотой хэрэг болж хувирлаа.

Өмнөд Солонгост 5G сүлжээ арилжааны хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийн ёслолд K-Pop группийн хоёр гишүүн, олимпын наадмын медальтан, цахим спортын тамирчин, паралимпын усанд сэлэгч оролцож, дэлхийн анхны 5G смартфоны захиалагч болцгоолоо. Одоо­гоор Samsung-ийн Galaxy S10 5G загвар Өмнөд Солонгосын зах зээлд цор ганц шинэ үеийн үүрэн холбооны утас болж байна. Гэхдээ л Өмнөд Солонгост хүртэл 5G утас, үйлчилгээний аль аль нь ойрын үед масс хэрэглээ болж амжихгүй бололтой.

Нээлтийн ёслол гуравдугаар сарын 3-нд сүр дуулиантай болсон ч Galaxy S10 5G загварыг энгийн хэрэглэгчдэд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн борлуулж эхэлжээ. Өмнөд Солонгосын карьерууд энэ долоо хоногт багтаан 5G сүлжээг 80 гаруй том, жижиг хотод нэвтрүүлэхээ мэдэгдээд байна. АНУ-д Motorola-гийн 5G Moto Mod нэмэлтийг дөрөвдүгээр сарын 3­наас худалдаанд гаргажээ. Уг төхөөрөмжийн дамжуулах хурд 600 Мбит/секунд байгаа нь Verizon-ы тайлбарт бичээстэй 450 Мбит/секундээс их боловч 5G сүлжээний эхэн үеийн үзүүлэлт болох 1гбит/секундээс бага байгаа юм.

Г.Очирбат

"Засгийн газрын мэдээ" сонин