Манай улсын үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн тайлангаа гаргаж танилцуулдаг билээ. Тэгвэл энэхүү тайланд гуравдугаар сарын байдлаар  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 31.8 мянга болжээ.

Үүний 

-21.7 (68.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд

- 10.1 (31.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа аж.  Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 (5.9%) хүнээр, өмнөх сараас 2271 (9.5%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 (52.1%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0%) мянга нь Улаанбаатарт, 5.2 (24.0%) мянга нь Хангайн бүсэд, 3.5 (16.4%) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (16.3%) мянга нь Баруун бүсэд, 2.2 (10.3%) мянга нь Зүүн бүсэд ногдов. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 (50.3%) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ  оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.9 (10.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 0.7 (4.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 (9.7%) мянган хүнээр тус тус буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 3 дугаар сард 5355 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.8 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

2019 оны 3 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.9 хувийг бүрэн дунд, 30.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байгаа аж.

 

График-1: Нийт болон хөгжлийн бэрхшээлтэй бүртгэлтэй ажилгүй иргэд, бүсээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 3
дугаар сарын эцэст

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Төв, Сүхбаатар, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Увс, Орхон аймгуудад улсын дунджаас 1.0-21.0 пунктээр илүү байна.

График-2: Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар,
дүнд эзлэх хувиар, 2019 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар

 

Уг тайлангаар өнгөрсөн гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.7%, өмнөх оны эцсээс 1.8%, өмнөх оны мөн үеэс 6.7%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Инфляц өмнөх оны мөн үеэс ийнхүү 6.7 хувиар өсөхөд

  1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тэр дундаа
  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.5 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2 хувь
  • сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь өссөн бол

2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь

3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь

4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, үүнд цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.3 хувь

5. Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас 0.7% өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8%, өмнөх оны эцсээс 1.5%, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өслөө.

Нийслэлд инфляци өмнөх оныхоос 7.5% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 10.5 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 2019 оны 3 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.6 хувь буюу 119 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 4.9 хувь буюу 17 бараа, үйлчилгээний үнэ буурч, 60.5 хувь буюу 208 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.  Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 62 нэрийн барааны үнэ нэмэгдэв.