Медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журамд өөрчлөлт орлоо
2014/02/28
Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журмыг шинэчлэн баталлаа.
Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшуулалын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо.
Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоол хүчингүй болно. Өмнөх тогтоолоор зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насанд туршид нь cap бүр олгох мөнгөн урамшууллыг хамтатган олгож байсан юм. Энэ нь оюутан, залуучуудын насны ангилалд мөнгөн шагнал давхардах нөхцөл үүсгэснээс гадна "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 7.1.4-т заагдаагүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал олгохоор байсан юм.
Тэгвэл шинэчилсэн тогтоолоор дараах өөрчлөлтүүд оржээ.
-Олимпийн спортын төрлүүдийн Гранд слам, Гранпри, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний амжилт тус бүрт олгохгүйгээр тухайн жилийн амжилтуудыг нэгтгэн жилийн эцэст хамгийн өндөр амжилтын үзүүлэлтээр нэг удаа мөнгөн шагнал олгох;
-Олимпийн бус төрлүүдэд зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтад мөнгөн шагнал олгох;
-Тухайн спортын төрөл нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагнал олгох;
-Хуулийн дагуу тивийн аваргын амжилтад мөнгөн шагнал олгохгүй байхаар тус тус заажээ.
Багийн спортын төрлийг дэмжих, багийн тамирчдын оролцоог бодитой үнэлэх зохицуулалтууд ч оруулсан байна. Үндсэн тоглогч, сэлгээний тоглогчийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог ялгамжтай тооцох аж.
Засгийн газрын мөнгөн шагнал, үе үеийн олимп, дэлхийн медальтнуудад cap бүрийн мөнгөн урамшуулал олгох ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгохын тулд цаашид ССАЖ-ын сайд энэ асуудлыг шийдвэрлэж байхаар болов.
Тамирчдын амжилт өсч, оролцох тэмцээн наадам олширч байгааг харгалзан жил бүр шагналын зардлыг тодорхой хувиар нэмж төсөвт суулгана. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээний 80 хувиас медаль хүртэж байна. Өнгөрсөн онд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг тамирчдын насан туршийн cap бүрийн мөнгөн урамшуулалд, 1.3 тэрбум төгрөгийг тухайн жилд гаргасан тамирчдын амжилтын мөнгөн шагналд тус тус олгожээ.
Х.Даваа
Зочин · 2014/03/24
***l balai ym oros ax nar maani ***irchiddaa mashin mungiig haramgui ugch bhad chaavaa***a