“Сонголт”, “Хайрын Эрэлд” “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан залуу жүжигчин, дуучин Ж.Мөнгөнсүхийг өдгөө "Гэрэлтэй цонх" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа гэдгийг үзэгчид андахгүй мэдэж буй. Тэрбээр   Отгонтэнгэр Их Сургуулийн Маркетингийн албаны даргаар ажилладаг бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.  

Ж.Мөнгөнсүх "Амьдрал гэдэг их баялаг, олон салаа мөчиртэй модтой адил юм. “Сайн ханьтай учирна гэдэг нь чиний сайхан амьдралын тавин хувь” гэж хүмүүс хэлээд байх юм билээ. Надад бол сайн ханьтай учрах нь сайхан амьдралын дөнгөж эхлэл гэж боддог. Учир нь сайн ханьтай учраад тэр хэлээд, мөрөөдөөд байгаа сайхан амьдралаа хамтдаа эхлүүлэх ёстой байхгүй юу. Тиймдээ ч миний хувьд сайхан ханьтай учирч, одоо гурвуулаа боллоо. Аав ээжийн минь олонд тустай явсных гэж бодож явдаг юм даа" хэмээн бүл нэмсэн тухайгаа ийн хуучилж байв. 

"Эмоци продакшинд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж байсан. 2014 онд X-Roses хамтлагийн уран нугараачид урилгаар манай шоунд оролцож байсан юм. Энэ хамтлагт эхнэр минь нугардаг байлаа. Анхны харцаар дурлаж нэг нэгнээ амархан ойлгож үерхэж эхэлсэн. Сар гаруй хугацаанд хамтран ажилласан нь биднийг улам ойр дотно болоход нөлөөлсөн болов уу. Циркийнхэн гадны улс орноор удаан хугацаагаар ажиллах тохиолдол их гардаг. Тэгээд л эхнэртэйгээ хамт циркийн дүү нарыг нь ахлаад хоёр жил гаруй хугацаанд Хятад улсад ажиллаж амьдарсан байна. Энэ хугацаанд л бие биедээ улам татагдаж, илүү ихээр мэдэрч ойлгосон гэж боддог доо" хэмээн хайрын романсаа тухай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурьджээ. Энэ удаад бид түүний гэр бүлийн зургийг онцлон сонирхуулж байна.

О.Ариун