Өнөөдөр Дуучин Нана Монголынхоо фэнүүдтэйгээ "Remember the Time" тоглолтоороо уулзана
2014/02/28
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Дуучин Нана өнөөдөр 19:00 цагаас "Remember the Time" тоглолтоо "UB Palace”-ийн концертийн их танхимд Монголын фэнүүдтэйгээ нэгэн үдшийг бут авна.
Тэрбээр өчигдөр өглөө Монголд ирсэн бөгөөд өдөр нь өөрийн тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг хийсэн юм.
Дуучин Нана 1990-ээд оныг байлдан дагуулагч ХБНГУ-ын хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин, ая зохиогч, дижи, продюссер гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр 1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the Time”, “Тоо Миch Неаven" зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан. Нана тухайн цаг үеийн залуусын амьдралд гайхалтай дурсамжийг бүтээж мөнхөлж чадсан нэгэн.
Түүний энэ удаагийн тоглолтийн онцлог нь, Монголд хийж байгаа тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа явдал.
Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон ховор амьтан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2013 оны Байгаль Орчны Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжаас авсан мэдээгээр 26 ширхэг оршин байгааг тогтоожээ. Нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч дуучин маань энэ удаад ч монголын нэн ховордсон мазаалайн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр түүнээс Монголын амьтны эрх хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн хүрэлцэн ирж хавар төллөх мазаалайн бамбарууш буюу алманцагтаа нэр хайрлахыг хүссэн юм. Домогт дуучин Нана энэхүү хүсэлтийн хариуд "Баярлалаа. Тийм ээ болно" гэсэн хариуг өгсөн билээ.
Д.Ана