Хэнтийн 42 дугаар тойргоос 2016 онд УИХ-д сонгогдсон Д.Гантулга тун таагүй хэрэгт холбогдож ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Удтал хүлээлгэсэн 76 дахь суудлын эзэн ирэх зургаадугаар сарын сүүлийн ням гарагт болох юм. Тодруулбал, тус аймгийн 42 дугаар тойрогт Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан зэрэг гурван сум багтдаг бөгөөд 17 орчим мянган хүн санал өгөх боломжтой. Нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулахаар УИХ-аас баталсан.

Энэхүү тойрогт намуудаас хэн хэн өрсөлдөх нь тодорхойгүй байгаа хэдий ч олон нийтийн цахим сүлжээнд нэр дэвших эрхмүүдийн нэрс хөвөрсөөр байна. Сошиалд хөвөрч буй таамгаар “Одоо Хэнтийд нөхөн сонгууль болно. Хэн гарах бол”. “Намбарван л гарна штээ”, “Ж.Оюунбаатар даагаа нэхээд гараад ирэх байлгүй дээ”, “У.Хүрэлсүх зоригтой үзэх хэрэгтэй. Энхбаяраас айгаагүй л юм бол...” хэмээн үргэлжилж байна.

Яг үнэндээ МАН уг сонгуульд хүч үзэх эрх байхгүй л дээ. Тус намынхан 42 дугаар тойргийн сонгогч олны итгэл, сэтгэлийг уландаа гишгэж тэднийг төрд төлөөлөлгүй болгосон. Угтаа бол тэд засгийн эрхийг барьсан даруйдаа эрх мэдэл албан тушаалын төлөө улайран тэмцэж одоог хүртэл нь тэмцэл нь дуусаагүй хэвээр л байна. Ямартай ч МАН найтаахад АН хатгаа тусч өднөө УИХ-д бүлэггүй болж Үндэсний зөвлөл гээч хачин нэртэй болчихсон тууж яваа.

Тиймээс л улстөр судлаачид болон учир мэдэх хүмүүс УИХ-ын нэр бүхий гишүүд Хэнтийд гуравдагч хүчин ялах хамгийн өндөр магадлалтай байна хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна. Ирэх зургаадугаар сард юу болохыг урьдчилан харсан учир мэдэх хүмүүс дээрх тойрогт Н.Энхбаяр ялах нь тодорхой гэж ярьж байгаа нь оргүй биш.

Энэ яриаг эвдэхийн тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэнд таалагдах гэж амаараа ажлыг умалзуулж олон нийтэд таөлагдах гэж хичээж явна. Тэр дундаа мэдээж Хэнтийгийн ард иргэдэд. Тухайлбал, өчигдөр Төрийн ордонд болсон түүхэн аялал жуулчлалын хуралд У.Хүрэлсүх тус аймгийн 800 гаруй иргэдийг авчирч оролцуулсан нь анхаарал татаад зогсохгүй нөхөн сонгуулийн сурталёилгаагаа албан бусаар өчигдөр эхэлчихэв үү гэж олон нийт харсан. Уг нь тэрбээр тус тойрогт өрсөлдөхгүй хэмээн мэдэгдэж байсан ч гэнэт ийнхүү аашилж эхэлсэн нь нэгийг бодогдуулж буй юм.

Мэдээж У.Хүрэлсүхийн энэхүү ааш аягийг Н.Энхбаяр эртнээс тооцоолж байсан учраас Хэнтийг эртнээс эргэж тойрч, орчин үеийн хэллэгээр бол “тойргоо услах” болсон. Тэрбээр өнгөрсөн цагаан сараар л гэхэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүний хувиар Чингис хотоор өргөн шинэлгээ хийж, өтгөс буурлуудтай золгож явсан. Улмаар өнгөрсөн сард Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг бүх нийтийн санал хураалтаар өөрчлөн шинэчлэх зорилго бүхий аяныг Хэнтий аймгаас эхлүүлээд амжчихсан.

МАХН-ыг парламентад төлөөлөлтэй гэж үзэхэд бэрх ийм үед тус намд яалт ч үгүй нэг суудал хэрэгтэй. Тэр тусмаа намын дарга нь парламентад байж, үгээ хэлж байх нь 2020 оноо бодсон ч зөв зүйл. С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Чуулганы танхимд босч зогсоод хэлдэг үгэнд нь олон нийт дуртай. Гэхдээ одоо Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх эрхтэй болчихсон учраас С.Ганбаатар нь өнжиж тэрбээр УИХ-ын 76 дахь суудлын эзнээр орж ирэхээр чимээгүйхэн хаалга тогшиж байна. Ямартай ч Хэнтийгийн иргэд одоо хэнд итгэж, хэнийг төлөөлөлөө болгон УИХ-д илгээхээ аль хэдийнэ тооцоолсон учраас Н.Энхбаяраас бусад нэр дэвшигчдэд хайран нэр хүнд нь унах болов уу гэж хэлэх хүн ч олон байна. Учир нь одоо болох нөхөн сонгуульд АН,МАН-ын хэн нь ч бай өвдөг шороодвол 2020 оны УИХ-ын сонгуулиар баяртай гэж үг сонссонтой адил болно. Тиймээс энэ тойрогт бодлогтойхон нэр дэвшиж л өрсөлдөхгүй бол улстөрийн карьеараа үүрд алдах ийм сонголтын өмнө нэр дэвшигчид ирсэн учраас яаран сандран гал руу гүйж орохгүй л гэж найдая.

Б.Учрал 

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=20332