Мобикомын дугаар барихад дөрвөн шалтгаан хэрэгтэй. Нэгдүгээрт цаг тухай бүрт хэзээ ч саатахгүйгээр хэн рүү ч хамаагүй ярих. Хоёр­дугаарт нэгжинд нэг ч удаа санаа зовохгүйгээр ярих юм.

Гуравдугаарт нэр төрийн баталгаа гэж олон хүн хэлнэ. Гол нь “Мобиком”-ын дараа төлбөрт барьдаг бол шүү дээ. Гэвч сүүлийн үед “Мобиком”-ын  дараа төлбөрт барьдаг хэрэглэгчдийн зүгээс ихээхэн гомдол гарах болсон. Тэдний нэг болох Г.Ган-Эр­дэнэ гэх залуу өөрийн Твит­тер хуудсандаа “Түрүү сарын Мобикомын утасны төлбөр 75000 төгрөг болсон байна. Харин шалгуулж, шүүлгүүлсний эцэст 30800 төгрөг төллөө” хэмээн бичсэн байв. Олон ч хүн үүнд янз, янзаар тайлбарлаж байлаа. Тэрбээр өөрийн биеэр очиж шүүлгээгүй бол энэ сард утасныхаа төлбөрийг хоёр нугалж төлөх байсан байна. Өмнө нь ч бас нугалж төлдөг байсан ч юм билүү хэн мэдлээ. Өмнө ч гэсэн ийм зүйл олон болж байсан юм. Зарим нэг жишээнээс дурьдахад нэгэн залуу өөрийн фэйсбүүкээр дамжуулж “Мобиком” кор­порацийг Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Харилцаа хол­бооны зохицуулах газарт ховлож, баримт материалаа олонд дэлгэсэн байдаг.

 

Тэрбээр сүүлийн сарын ярианыхаа төлбөрийг хийх гээд дэлгэрэнгүй тооцооны хуудсаа авч шалгатал 99000030 болон 603, 510, 599 тэргүүтэй “Мобиком”-ын операторын дугаарууд өөрийг нь луйвардаж байгааг мэдсэн гэнэ. Тэгэхээр эдгээр дугаарууд “Мобиком” корпорацийн ажилчдын дугаар байх магадлалтай юм. Эсвэл аль нэг ажилтных нь хамаатан садан, гэр бүлийн хүмүүсийн дугаар байж ч болох юм. Юутай ч Р.Батрагчаа гэх залуу мессеж роуминг үйлчилгээг зургаан удаа хэрэглэсэн атал 15 удаа хэрэглэсэн хэмээн төлбөр гарч, АНУ-д очоод хэдхэн хонож байхад нь утасных нь хэрэглээний төлбөр 300 мянган төгрөг болсон гэх үндэслэлээр, дугаарыг нь хаачихсан байсан аж. Ингэхдээ ярианых нь дэлгэрэнгүй, хураангуй тооцооны хуудас хоёр өөр гарсан гэх зэрэг луйвруудыг нь баримтаар илчилсэн байна. Ийм тэрбээр “Мобиком”-ын хэрэглэгчдийг сүүлийн гурваас зургаан сарынхаа ярианы дэлгэрэнгүй тооцооны хуудсыг гаргуулан авч сайтар нягталж шалгаж үзэхийг зөвлөсөн байв. Р.Батрагчаа гэх энэ залуу Монголд байгаагүй, гар утсаа ашиглаагүй эхнэрийнхээ хоёрдугаар сарын ярианы дэлгэрэнгүй тооцооны хуудсыг ч авч шалгаж үзсэн байна. Гэтэл нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 8886.2 төгрөг гарсан байсан бөгөөд хураангуй тооцооны хуудсан дээр нь роуминг мессеж 22.960.92 төгрөг, нийт хэрэглээний НӨАТ-гүй дүн нь 25.582.17 төгрөг болсон байна. Зөрүү 16.695.97 төгрөгийн төлбөр хаанаас гарч ирсэн байж таарах вэ. Мэдээж энэ бол сул гарч ирж байгаа мөнгө юм. Энэ хугацаанд эхнэр нь ерөөсөө мессеж роуминг үйлчилгээ ашиглаагүй зөвхөн “viber”-аар холбоо барьж байсан гэнэ. Зөвхөн хоёр сарын ярианы төлбөр дээр 16 мянган төгрөгийн зөрүү илэрсэн нь “Мобиком” хэрэглэгчдийг хэрхэн луйварддагийг харуулж байна. Ганцхан хэрэглэгчийн хувьд ийм байгаа юм. Хэдийнэ сая хол давчихсан хэрэглэгчдээ хэрхэн луйвардаж байгаа нь илт байна. Үүнээс тооцож үзэхэд нэг хэрэглэгчээс сард арван мянган төгрөг илүү завшихад Оюутолгой, Тавантолгойгоос илүү ашиг олно гэсэн үг юм. Харин “Мобиком” корпораци мөнгө шамшигдуулахаас гадна үйлчилгээний өндөр доголдолтой байгаа юм. Телевиз, радиогоор цаг тутамд л интернэтээр ярианы төлбөрөө төлөх боломжтой хэмээн сурталчилгааг байнга явуулж байгаа. Гэтэл хийсэн сурталчилгаа болон явуулж буй үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээж чадахгүй байгаа нь олон асуудал дагуулж байна. Үүний нэг жишээ нь долоо хоногийн өмнө төлбөрөө “Интернэт банк”-аар төлсөн байхад утасных нь гарах ярианы эрхийг шууд хаасан тохиолдол гарчээ. Улмаар тухайн хэрэглэгч банкны гүйлгээнийхээ талаар “Мобиком”-оос асуухад “Банкны гүйлгээ хийгдээгүй байна” хэмээн хариулж. Үүний дагуу нөгөө хэрэглэгч банкнаас энэ талаар тодруулахад “Долоо хоногийн гүйлгээ хийгдэж “Мобиком”-руу шилжсэн байна” гэх хариултыг өгсөн байна.Улмаар тухайн хэрэглэгчтэй холбогдож энэ талаар асуухад “Ямар ч байсан “VIP” үйлчлүүлэгчиддээ хүртэл хүндэтгэлтэй бус ханддаг юм байна лээ. Оператор руу нь өглөө 9:30 минутад мэдэгдсэн. Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл хариу мэдэгдэе гэчихээд алга болсон. Ярихгүй болохоор нь би очиж уулзсан. Санхүүгийнх нь хүмүүс ажлаа мэдэхгүй долоо хоногийн өмнө орчихоод байгаа мөнгийг “Ороогүй” гээд байсан. Би очихдоо төлбөр төлсөн баримтаа авч очсон юм. Уг нь банктайгаа харилцаа холбоотой ажилламаар юм. Банк нь гүйлгээний утгаа буруу явуулсан байна гэж байсан. Бид нар ямар үүнийг нь мэдэх биш. Тэгээд хүнд үйлчилгээ үзүүлж байхдаа найз нөхөд нь залгахаар чалчаад байдаг юм байна лээ. Намайг лав тэнд байх хугацаанд зөндөө олон дараа төлбөртийн дугаараа хаалгасан хэрэглэгчид орж, ирж гомдоллож байсан шүү” гэв.

Энэ мэт үйлчилгээний доголдол, хэрэглэгчдийн нэгжийг шимэх, төлбөрийг илүү гаргаж шамшигдуулах асуудал удаа дараа “Mobicom” корпорациас гарч байна. Дараа төлбөрт дугаар барьдаг хэрэглэгчдийн дундаас ихээхэн гомдол ирдэг. Тухайлбал, 9999-тэй дугаар хамгийн бага суурь хураамж нь 45 мянган төгрөг байгаа юм. Сардаа 20 мянган төгрөгийн яриа хийсэн ч 45 мянгаас дээш төлбөрийг төлж байгаа юм. Тэгэхээр “Mobicom” корпорацийн иргэдийг шулж байгаа энэ алхмыг төр засгаас хэзээ харж хяналт тавих бол гэдэг нь одоо хүртэл олны дунд хүлээлт хэвээр байна. 

 

Э.Баясгалан