Дотооддоо "ноолуурын үнийг барьж чадах уу"
2019/04/25
Хавар болж малчид ямаагаа самнах ид ажилтай байгаа. Эр ямаагаа бол хэдийнээ самнаад эхэлчихсэн бөгөөд эм ямаа хараахан самнаж ноолуурыг нь авах болоогүй байгаа гэдгийг хөдөөнийхэн сайн мэдэж буй. Нэг килограмм ноолуурын үнэ 120,000-140,000 төгрөгийн үнэ ханштай байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Сант суманд нэг килограмм ноолуурыг 132 мянган төгрөгөөр авч байгаа ажээ.
Тэгвэл малчдаа дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан төлөвлөгөөний 2.1.10 дахь заалтад “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх гэж; 1.1.8. дахь заалтад Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих гэж тус тус заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг баталсан байдаг. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр эдийн засгийг өсгөж чаджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын 2018 оны статистик мэдээгээр Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 409 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 22.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм байна. Ингэснээр ирэх жил ноолуурын үнийг барих бодлогыг хэрэгжүүлэх бололтой. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар энэ сарын 23-нд ХХААХҮЯ-нд ажиллаж, газар, хэлтсийн дарга нартай уулзан, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцсан юм.
Сүүлийн таван жилд малын тоо толгой тогтмол нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүн өссөн гэдгийг албаны хүн дуулгав. Тухайлбал, 2018 онд 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн ч мөн өсөлттэй байгаагийн дотор улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж буй талаар газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Бэлчээрийн тухай хуулийг батлах цаг болсон. Энэ асуудлаар байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ажиллана. Энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Тиймээс ирэх онд ноолуурын ханшийг буулгахгүй байх бодлого барих хэрэгтэй” гэлээ.
Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол улс, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг ажээ. Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшингийн дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа гэдгийг мэргэжлийнхэн онцолдог.
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байгаа аж.
2018 оны эхний байдлаар ноолуурын салбарт 13000 тонн ноолуур угаах, 6220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж, 4350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх, 1870 тонн самнасан ноолуураар 1680 тонн ээрмэл үйлдвэрлэх, 2.8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх, 2 мянган метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах 82 хувь, самнах 33 хувь, ээрэх 40 хувь, сүлжих 60 хувь, нэхэх 65 хувьтай ашигладаг байна.
Зочин · 2019/04/26
ГОВЬ ЖООХОН АВЖ ҮНЭ БАРЬЛАА ГОВЬ ЗОГСЛОО ОДОО ҮНЭ БУУРЧ БАЙНА.
Matilda · 2019/04/26