Хотын төв гэгдэх баруун 4 замд байрладаг “Гранд Плаза” сүүлийн “ хоног цахилгаангүй байснаас тус барилгын түрээслэгчид өнгөрсөн 4 хоногт лаа барин үйл ажиллагаагаа явуулжээ.

Гранд Плазагийн барилгад худалдаа үйлчилгээний чиглэлээр нийтдээ 300 гаруй байгууллага, хувь үйл аижллагаа явуулдаг байна. Гэтэл тус барилгын цахилгааны кабельд гэмтэлд гарсан тул тодорхойгүй хугацаагаар цахилгааны саатал гарлаа гэсэн тайлбарыг тавиад 4 хоножээ. Кабелийн утас хаана тасарсныг хайх гэж ихээхэн хугацаа алдсан ч Алтай хотхоны барилгын хашааны доорх кабелийн шугам гэмтсэн болохыг олсон. Харин энэ гэмтэл хэр хугацаанд засан цахилгаанаар хэзээ хангах нь бас л тодорхой бус байгаа аж.  

Энэ барилгын хувьд анх удаагаа ийм үйлдэл тохиож байгаагүй. Өмнө нь 2012 оны зургаадугаар сарын сүүлээр мөн л ажлын  өдрүүдэд ийнхүү хязгаарлалт хийж байжээ. Тус цогцолборт сардаа нэгээс 2 удаа ажлын цагаар цахилгааны саатал гарах нь хэвийн үзэгдэл болсон талаар түрээслэгчид мэдээллэв.

Түрээслэгчдэд учирсан хохирлыг одоогоор хэн төлөх нь тодорхой бус байгаа бөгөөд холбогдох албаны хүмүүс нь хэлэхдээ, компанийн удирдах зөвлөлийн хурлаар энэ талаар шийд гаргана гэж мэдэгдсэн байна.

Анх уг байгууламж ашиглалтанд орохдоо түр тэжээлтэй хүлээлгэн өгсөн байна. Үүнийг нь Мэргэжлийн хяналтын газар үг дуугүй хүлээгээд авчихсан аж. тэл "Грандплаза"-гийн цахилгаан тасарсантай зэрэгцэн цахилгааны асуудал анхнаасаа буруу байсан нь сөхөгдөж эхэлжээ. "Энэхүү барилга нь гуравдугаар категорийн хэрэглэгч гэж явдаг. Гуравдугаар категорийн хэрэглэгчийн хувьд дизель станцад холбогдсон байх ёстой. Гэтэл тэр дизель станцад холбоогүй, холбосон байсан ч тэр дизель станц нь “Жигүүр гранд”-ын охин компанийн өмч аж.

Хоёрдугаарт энэхүү барилга нь үндсэн тэжээлтэй байх ёстой атал түр тэжээлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Уг нь бол РП5 гэдэг үндсэн тэжээлийн байгууламж барих ёстой юм. Энэхүү байгууламжийг барих тендер улсын хэмжээнд зарлагдан тендерийн эрхийг нэг Хятад компани авсан ч тухайн компани хөрөнгийн маргаанаас болж ажлаа гүйцэтгээгүй учраас тендер татан буугдсан. Түүнээс хойш одоог хүртэл энэ барилга түр тэжээлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна хэмээн "Гранд Плаза"-д үйлчилгээ явуулдаг түрээслэгчид бухимдаж байна.

Энэ бүхнээс харахад хот суурин газар тэр дундаа хотын А зэрэглэлийн энэ барилгын түрээслэгчид хэдий болтол лаа барих юм бол гэдэг нь эргэлзээтэй л юм. Холбогдох газрынхан нь ч энэ тал дээр анхаарлаа хандуулан үргэлжийн цахилгааны асуудлаар олны хэл аманд өртсөөр байх гэж үү.

С.Отгон