Б.Нямжавын хээр түрүүлж, халтар айргийн гуравт хурдаллаа
2019/05/12
Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд дөнгөж сая соёолон насны морьдын айргийн тав тодорлоо. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.
1. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд
3. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт
5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.
Дашрамд дуулгахад барианд айргийн дөрөвт орж ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан соёолон нь айргийн дөрөвт орсон. Улмаар айргийн тавд хурдалсан морьдыг дахин хэмжиж шүдлэхэд хязаалан байсан тул хасагдаж, тав болон зургаад хурдалсан морьд нэг байр урагшилж, айргийн таван морь тодорлоо.
Соёолон насны уралдаанд 117 соёолонг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 7, шүдлэгээр 2, өөрсдийн саналаар 9 морь үлдэж, нийт 99 хүлэг гарааны зурхай рүү 14 км-ийн зайд уралдсан юм.
Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.