Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Э.Даваахүүтэй ярилцлаа. Тэрээр 2020 онд Япон улсын Токио хотод зохиогдох зуны олимпод оролцох эрхээ аваад удаагүй байгаа билээ.

 

Танд баяр хүргэе. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай Олимпын наадамд оролцох эрхтэй болсон нь тамирчин хүний олон жилийн хөлс, хүч хөдөлмөр, нөгөөтэйгүүр эх орон, төр, ард түмнийхээ итгэлийг даах өндөр хариуцлага байх...

 

-Баярлалаа. Би 2012, 2016 оны Олимпын эрхийг хараахан авч чадаагүй. Ийнхүү 11 жилийн дараа олимпод оролцох эрхээ гардсандаа баяртай байна. Энэ эрхээ медальт байр болгохын төлөө бүх нөөцөө шавхах болно.

 

Олимпын эрхээ авсан “Алдар” спорт хорооны өөр тамирчин бий юу?

 

-Паралимпийн таеквондогийн төрөлд оролцох хоёр тамирчны эрх баталгаажсан. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа маань зуны олимпод оролцох эрхийн болзлоо хангаж байгаа, нормативаа биелүүлчихсэн.

Буудлагын спортын тамирчин ОУХМ Г.Мөнхзул 2008 оны Бээжингийн олимпод финалийн шатанд шалгарах мөчийг зурагтаар үзэж суусан би гэдэг хүн дотроо хөөрч сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчихсэн шүү.

 

Таны хувьд ямар тэмцээнүүдэд амжилт үзүүлж олимпын эрхээ авсан бэ?

 

-Буудлагын спортын төрөлд олимпын эрх олгох хэд хэдэн тэмцээн бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дасгал бүрт эхний зургаан байрын тамирчдад эрх олгоно. Мөн тус тэмцээний дараагаар Дэдхийн цомын дөрвөн тэмцээн ээлж дараалан зохиогдоно. Эдгээрт болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан бол олимпын эрх олгоно. Миний хувьд Дэлхийн цомын хоёр дахь тэмцээнд тавдугаар байрт шалгарч олимпын эрхээ баталгаажуулсан. Өмнөх байруудад шалгарсан тамирчид Дэлхийн аваргаас олимпын эрхээ баталгаажуулчихсан байсан юм билээ. Тиймээс дүрмийн дагуу нэг болон тавдугаар байрт шалгарсан тамирчдад олимпод оролцох эрх үүссэн юм.

 

Олимпоос өмнө зохиогдох бусад тэмцээнүүдэд...

 

-Ирж байгаа тэмцээнүүдийг олимпыг угтсан бэлтгэл, туршлага хуримтлуулах боломж гэж харж байна. Ерөнхийдөө бие, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулна даа.

 

Одоогоор та дэлхийн чансааны хэдэд эрэмбэлэгдэж байгаа вэ?

 

-Олимпын эрх авахаас өмнө дэлхийн чансааны 230 гаруй тамирчнаас эхний 20-д эрэмбэлэгдэж байсан. Одоогоор эхний 10 руу орж ирсэн байх.

 

Буудлагын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ, таны авьяасыг нээсэн “нүдтэй” хүний тухай юу хэлэх вэ?

 

-Бага байхын л аав маань намайг буудлагын спортоор хичээллүүлнэ гэж ярьдаг байлаа. Буудлагын спортын тамирчин, ОУХМ Г.Мөнхзул 2008 оны Бээжингийн олимпод финалийн шатанд шалгарах мөчийг зурагтаар үзэж суусан би гэдэг хүн дотроо хөөрч сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчихсэн шүү. Олимп болсноос хоёр сарын дараа би буудлагын спортын клубт шалгуулж тэнцээд, хичээллэж эхэлсэн. Дараа жил нь “Алдар” спорт хорооны удирдлагууд надад итгэл хүлээлгэж, амжилт үзүүлэх, ирээдүйд өсөн дэвжих боломжтой хүүхэд гээд найрсгаар угтаж авсан. Бүх цаг үед “Апдар” спорт хороо надад итгэж, дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд би олимпын эрхээ авлаа гэж бодож байна. Энэ их итгэл, сэтгэлийг мөдаль авч хариулахын төлөө хөлс хүчээ шавхаж, шаргуу хөдөлмөрлөх болно.

 

Энэ спортоор ямар хүмүүс хичээллэвэл өндөр амжилт үзүүлэх магадлалтай байдаг вэ?

 

-Буудлагын спортын тив, дэлхийн аваргууд янз бүрийн л онцлогтой хүмүүс байдаг юм билээ. Олон шилдэг тамирчидтай уулзаж явлаа, гэхдээ алтан дунджаар бол, гүйлгээ ухаан сайтай, бие дааж шийдвэр хурдан гаргадаг, эрсдэлийг сайн тооцдог, тууштай л байх хэрэгтэй юм шиг. Спортын ганцаарчилсан төрлүүдтэй харьцуулбал байгаа онилж удаан зогсдог, анхаарлаа төвлөрүүлдэг, амьсгалын хуваарилалт нарийн, гол нь тэвчээр их шаарддагаараа онцлогтой. Ер нь ямар ч спортоор хичээллэсэн нэн тэргүүнд тавигдах шаардлага нь зорилгодоо л үнэнч байх явдал шүү дээ.

 

Бие бялдрын бэлтгэлээс илүүтэй сэтгэл зүйн бэлтгэлийг нэн тэргүүнд тавих шаардлагатай байх...

 

-Бэлтгэл сургуулилт жигдэрчихвэл түүнийгээ дагаад тамирчны сэтгэл зүй ч тийм л байна. Хэтийн зорилго л биднийг хөдөлгөгч гол хүч нь байдаг. Олимпод амжилт үзүүлэх зорилготой хүн эрхийн төлөөх тэмцээнүүдэд л итгэл дүүрэн байж өөрийгөө харуулж чадваас нэг ёсны сэтгэл зүйгээ бэлдлээ л гэсэн үг. Би ч мөн адил холын зорилгоо бодож л наана учрах даваануудыг давж ирсэн.

 

Олимпын наадмын цагийн хуваарь гарсан уу, тухайн орны цаг уур, хоол хүнсэнд дасан зохицоход тодорхой хугацаа шаардагдах нь мэдээж...

 

Ямар ч тэмцээнд оролцохдоо монголоосоо чанартай, шим тэжээлтэй мах нөөцөлж авч явдаг. Бид чинь махнаас л хүч, тамир тэнхээгээ нөхдөг ард түмэн шүү дээ. Цаг уурын нөхцөлийн тухайд бол хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл төдийлөн байхгүй. Тэмцээний цагийн хуваарь хараахан гараагүй байна. Гарчихвал бусад тамирчид, багш дасгалжуулагчидтайгаа ярилцаад энд хийх бэлтгэл сургуулилтдаа өөрчлөлт оруулах байх. Токиогийн олимпод буудлагын спортын холимог багийн төрөл шинээр нэмэгдэж байгаа юм билээ. Тэгэхээр Монгол Улсаас олимпын эрх авсан эмэгтэй тамирчинтай хамтарч бэлтгэл сургуулилт хийгээд холимог төрөлд нь ч оролцох төлөвлөгөөтэй байна.

 

Олимпод буудлагын спортын ямар төрлүүдээр оролцох вэ?

 

-25 метрийн хурдан буудлага, 10 метрийн хийн гар буу болон холимог багийн төрлүүдээр оролцоно.

 

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

 

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Г.Хэрлэнцэцэг мөн адил буудлагын спортын ОУХМ, ахлагч цолтой, “Алдар” спорт хороонд харьяалагддаг.

 

Сонирхлоо мэргэжлээ болгосон хүмүүс л амжилтыг бий болгодог гэлцдэг. Энэ спорт амьдралын тань салшгүй нэг хэсэг болно гэж та төсөөлж байв уу?

 

-Буудлагын спортоор хичээллэж эхлээд сар ч болоогүй байхдаа анхны тэмцээндээ оролцож нэгдүгээр зэргийн болзол хангаж байлаа. Хоёр сарын дараа спортын мастерын болзлоо ч мөн хангасан. Тэр цагаас хойш л би өөрийгөө бага багаар олж, нээж байгаа мэт санагдах болсон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө явах ёстой замыг сонгосон гэсэн үг л дээ.

 

Таны оролцсон анхны олон улсын тэмцээн юу вэ?

 

-2009 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээн байлаа. Гэтэл 10 жилийн дараа тэрхүү тэмцээндээ ахиж оролцоод олимпын эрхээ авчихлаа. Сонин бөгөөд гоёхон тохиол шүү.

 

 

Ярилцсанд баярлалаа...

 

Ц.ЭНХ-ОРГИЛ

Эх сурвалж: "Соёмбо" сонин