Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг солино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрээр 5-6  хүний нэр яригдаж байгаа, бүгдтэй нь уулзаж ярилцана гэдгээ илэрхийлсэн.

Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д чиг үүргийн томоохон өөрчлөлт хийж, тус банкнаас зээл аваад хугацаандаа төлөөгүй, огт зээл төлөөгүй чанаргүй зээлүүдийг эзэнтэй нь зарлана гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ ажлын хүрээнд Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохыг ТУЗ-д нь зөршөөрчээ. Г.Амартүвшин нь банкны салбарт олон жил ажилласан, олон нийтэд Шарк гэдгээрээ илүү танигдсан билээ. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг 2016 оны арванхоёрдугаар сард томилсон бөгөөд тэрээр Хөгжлийн банкны алдагдлыг багасгах,  шинэ хууль батлахад, олон улсын зах зээлээс шинэ бонд босгоход анхаарч ажилласан. Гэсэн хэдий ч Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалтгалтын үр дүнд гүйцэтгэх захирлыг солих шийдвэрт хүрсэн бололтой. 

 

Г.Амартүвшин гэж хэн бэ

Г.Амартүвшин нь 2014 оны долдугаар сараас ХасБанкны Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байсан байна. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан.

Тэрбээр Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.

Казкоммерц банкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. ABN AMRO банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо гэх мэтчилэн хэд хэдэн өндөр хэмжээний гүйлгээг хариуцан ажиллаж байжээ. Г.Амартүвшин нь хөдөлмөрийн гараагаа ABN AMRO дахь бэлэн мөнгөний менежментийн газраас эхэлсэн бөгөөд улмаар тэндээ Ерөнхий Эрсдэлийн Удирдлагын хэлтэст шилжин оржээ.

Тэрээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын дипломыг гардан авсан байна.