Ө.Гүндэгмаа: Хүн дасгал хийснийхээ дараа 250 миллитр ус нөхөж уух ёстой
2014/03/05
"Голден Жим" төвийн хүнсний технологич Ө.Гүндэгмаатай дасгал сургуулилтын үеийн зөв хооллолтын талаар ярилцснаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Зөв хооллолтын тухай олон ойлголт бий. Тиймээс та зөв хооллолт гэж чухам юуг тодорхойлоод байгааг хэлж өгнө үү?
-Хүн өглөө босоод орой унтталаа хоол хүнсээрээ авч байгаа зүйл нь зөв цагт зохистой хэмжээтэй бас олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бас олон цагаар өлөн ходоодтой явж болохгүй. Ерөнхийдөө ойр, ойрхон цусан дахь сахарын хэмжээг тогтмол барих байдлаар хооллохыг нийтэд нь зөв хооллох гэж хэлж болно. Харин хөдөлгөөн хийж байгаа хүний хувьд хөдлөх тусам бодисын солилцоо нь нэмэгдээд ирдэг. Дээр нь хөдлөөд ирэхээр хүмүүс бусад үеэс илүү өлсч байгаа мэдрэмж авдаг байж магадгүй. Ингэж дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс илүү уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ өглөө эрт босдог хүмүүс цайгаа уухгүй шууд хөдөлгөөн хийх юм бол амархан ядарна. Нэг ёсондоо энергиэ барж байгаа нэг хэлбэр юм. Харин хүн тодорхой хэмжээний энергитэй байхын тулд нүүрс ус ихээр агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Тийм учраас хүмүүс өглөөнийхөө цайндаа нүүрс усаар баялаг хоол идэх ёстой байдаг юм.
-Нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл?
-Хэт боловсруулсан хоол хурдан биед шингэдэг учраас цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Бас өлсөх мэдрэмжийг хурдан төрүүлдэг. Гэхдээ өглөөний хоолонд нүүрс усаар баялаг хоолыг зохистой хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн, бүхэл үр тариан бүтээгдэхүүнүүд, эрдэнэшиш, талх зэрэг нь нүүрс усаар баялаг хоолонд ордог. Тиймээс өглөөний цайндаа эдгээрийг хэрэглэхэд айх зүйлгүй. Тэгээд хооллох цагаа тохируулж чадвал жин нэмэхгүй. Тухайлбал, өглөө цай уусан хүн, үдээс өмнө 11.00 цагийн үед амны зугаа гаргах хөнгөн чанарын хоол идэж болно. Харин өдөр уураглаг хоол идэх ёстой. Махны шингэцийг сайжруулахын тулд хүнд хоолны үеэр ногоо идэх хэрэгтэй. Энэ нь мах шингэхэд сайнаар нөлөөлдөг. Харин оройн цагаар уураглаг хоол идэх хэрэгтэй. Хүмүүсийн хамгийн том алдаа нь өдөр хоол идчихээд юм идэхгүй явсаар байгаад орой өлссөн үедээ хэт их хоол иддэг. Хүн өлссөн үедээ дасгал хийхээр булчингийн задралд оруулдаг. Энэ нь гаднаас харахад жин хасч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ өөхөн бүрхүүлээ нэмэх дутагдал болдог. Тиймээс өдөр хоол идсэн хүн орой 18.00 цагийн үед уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Өөрт таарсан хүнсээ гэртээ бэлтгээд ирсэн ч болно шүү дээ. Бас дасгал сургууль хийсний дараа уураглаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Би ийм хүнсэнд өндөгний цагааныг нэрлэж болно. Бэлтгэлийн дараа хүмүүс булчингаа нөхөхийн тулд шар буурцагны бүтээгдэхүүн хэрэглэж болно.
-Бэлтгэл хийж байх үедээ ус ууж болохгүй гэдэг?
-Бэлтгэл хийх явцад бид хөлөрч шингэн их алддаг. Шингэн их алдаж байгаа болохоор бэлтгэлийн явцад бага багаар ус уугаад дасгалын дараа 250 миллитр ус нөхөж уух хэрэгтэй. Тэгж байж бидний бодисын солилцоо идэвхтэй явагдана. Мэдээж унтахын өмнө хүнд хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн их хөдөлгөөн хийснийхээ дараа цангаад ирэхээр өөрийгөө өлссөн гэж боддог юм.
-Зарим эрүүл хооллолтод хүнийг өдөрт 6-8 литр ус уух хэрэгтэй гэдэг. Энэ нь хэр зөв юм бол оо?
-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүн кг тутамдаа 40 миллитр ус уух боломжтой гэж заадаг. Хэт их ус уух нь мэдээж бөөрөнд их ачаалал ирнэ.
-Бэлтгэл хийж байгаа хүн уургаа хэрхэн нөхөх боломжтой вэ?
-Тамирчин биш л бол уургийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Харин жин хасах гэж байгаа хүн махныхаа хэмжээг багасгаад оронд нь уураг ууж болно. Хүн нэг кг тутамдаа нэг грамм уураг авах шаардлагатай байдаг.
-Ер нь уураг хэдэн янз байдаг юм бэ?
-Уургийг хурдан, удаан шингэдгээр нь ангилж болно. Тэрийг хүмүүс бэлтгэлийн үеэр болон дараа нь хэрэглэж болдог. Жишээлбэл, стандарт уураг гээд өөхний хэмжээ багатай, шар буурцагнаас гаргаж авсан уургийг бэлтгэлийн үеэр эсвэл дараа нь хэрэглэхэд сайн байдаг. Энэ маань булчингийн уургийг нөхдөг. Харин тамирчид уурагны хэмжээгээ нэмж хэрэглэдэг.