Эндүүрэл болоод эмгэнэл
2013/03/29
Шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулсан гэв үү. Буруу сонсч эндүүчихээгүй байгаа, энэ эрх баригчид. Харин ч эсрэгээрээ Засгийн газартай байгуулсан гэрээгээ зөрчиж, үнээ нэмсэн асуудал хөрж амжаагүй байна, цаана чинь.
2012 онд Засгийн газар, Монголбанктай хамт¬ран шатахууны жижиглэн худалдаалах үнийг тогт¬вор¬жуулах зорилгоор неф¬тийн бүтээгдэхүүн импорт¬логч аж ахуйн нэгжид хөн¬¬гөлөлттэй зээл олгох, га¬даад валютын ханшийг тогтвортой байлгах гэрээг үзэглэсэн билээ. Гэвч гэрээний заалтаа зөрчин байж, шатахууныхаа үнийг нэмэгдүүлсэн. Ямартаа л “заргач” О.Магнай “Шунхлай” ХХК-д Монголбанкнаас олгосон жилийн 3.8 хувийн хүүтэй 21.4 тэрбум төгрөгийн зээ¬лийг эргүүлэн авах, ул¬маар хүүнд тооцогдох мөн¬гийг арилжааны банкны мөрдөгдөж буй хүүгээр бодон авах шаардлагыг Монгол¬банкинд хүргүүлсэний ачаар “Шунхлай” ХХК бү¬тээгдэхүүнээ хуучин үнээр зарахаар болсон юм даг. Энэ бол ганц жишээ. Өөрөөр хэлбэл, “Шунхлай” компанийн энэхүү үйлдэл нь Засгийн газар, эсвэл Монголбанкнаас үл хамааран хэдийд ч үнээ нэмж мэдэх эрсдэлтэйг анхааруулсан дохио гэж тодотгож болохуйц. Ийм байхад үнэ тогтворжлоо гэж ойлгох уу. Тэдний хувьд үнийг нэмэгдүүлэхээс өөр ямар ч гарц байхгүй гэдгээ тодотгодог. Магадгүй маргааш ч энэ үгээ хэлээд сууж байхыг үгүйсгэх ч аргагүй. Гэтэл үнийг тогтворжуулчихлаа гэж шоудах нь илүүц юм шиг.
Сонгууль бүрийн өмнө шатахууны үнээр нааддаг бичигдээгүй хууль ч бий. Аль нам Засгийн эрхэнд байгаагаас үл хамаарч, шатахууны үнийг нэмэгдүүлж, улмаар иргэдийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлсний дараа үнийг буулгасан царайлж, сайхан сэтгэгдэл үлдээдэг нь нууц биш ээ. Энэ удаагийн сонгуулийн бухиа ч энэ жишгээр эхэлсэн нь тэр. Тус компани ардаа АН-ын эзэнтэй гэдгийг нь андахаа больсон цаг шүү дээ. Ийм атал ганцаараа зориг гарган үнээ нэмэгдүүлсэн нь, улмаар амархан гэгч нь Засгийн газрын атганд орж байхад ингэж хардах үндэслэл байхгүй гэж үү.
Нөгөөтэйгүүр, өргөн хэрэглээний үнийг тогтворжуулсан гэв үү. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр махны үнэ энэ сарын 20-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-4.4 хувь, хонины ястай махны үнэ 3.1 хувь, адууны махны үнэ 4.3 хувиар өсчээ. Хавар болж мах магнаг болдог үе гэдгийг монголчууд андахгүй. Үнийг тогтворжуулахын тулд улсаас их хэмжээний хөрөнгө гарган байж, нөөцөлсөн мах нь өмхийрчихсөн. Хүн битгий хэл нохой ч тоож идэхгүй хаягдал болсныг захын авгай ч хэлээд өгнө, дарга нар аа. Махны үнийг өмнөх долоон хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.2-0.8 хувь, хонины ястай махны үнэ 1.1 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өсчээ. Махны үнийг дагаад гурилын үнэ ч тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байгаа аж. Түүнчлэн будаа, элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх долоон хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурсан бол цагаан будааны үнэ найман хувиар өсчээ. Гэхдээ энэ бол статистик мэдээлэл. Өнөөх салбарын сайд нь хүртэл мэддэггүй, андуурч, эндүүрдэг тоон мэдээлэл шүү дээ.
Цагаан сарын өмнөхөн ҮХААЯ-ны дэд сайдын мэдээллээр бараа, бүтээгдэхүүний үнийг тогт¬воржуулах хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр 780 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн мэдээ ой ухаанаас арилаагүй байсан юм. Тухайлбал, гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийг, махны үнийг тогтворжуулах зорилгоор 81 тэрбум төгрөгийг тус бүр аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байдаг. Гэтэл юу болов. Үндэсний гурил үйлдвэрлэгчдийн чанаргүй бүтээгдэхүүнээс үүдэж импортын гурилын үнэ тэнгэрт хадаж, угаасаа эрэлтээс шалтгаалсан нийлүүлэлт дээр шоу хийж махчид нь махныхаа үнийг тэнгэрт хөөргөсөн нь унаж, уруудах нь уу даа гэж байсан имфляцийг өсгөснийг ҮСХ-ноос мэдээлж билээ. Ямар сайндаа л орос 50 кг-ийн гурил энэ үеэр 70 мянган төгрөгт хүрсэн юм даг. Ямартаа л сайдыг ядаж л яамтайгаа хаяа дэрлэн байгаа Баянзүрх худалдааны төв, Нарантуул ОУХТ-ийн махны тасгийн лангуун дээрх үнэтэй танилцаад дараа нь бусаддаа танилцуулаач гэх хүсэлтийг илгээж байлаа. Өөрөөр хэлбэл, лангуун дээрх үнэ, сайдын хар дэвтэр дэх үнэ хоёрын зөрүү үнэндээ олныг тэнэгтүүлсэн. Гэтэл хөтөлбөр хэрэгжсэнээр үнэ тогтворжлоо гээд ярьж суугаа Ч.Сайханбилэг сайдын үгэнд итгэх үү, эсвэл эргэлзэх учиртай юу Н.Алтанхуяг сайд аа.
Дээрх статистик мэдээлэл нь хүртэл лангуун дээрх үнэтэй хэрхэн зөрөлддөгийг МАН-ынхан баталгаажуулсан байсан шүү дээ. Ах намынхны амьдрал нь доройтсон юм болохоор лангуун дээрх барааг ч андахаа больсон гэж жигтэйхэн. Ямартаа л Ц.Туваан сайдын мэдээллийн мөрөөр ардуудын амьдралтай нэг бүрчлэн танилцаж ирчихээд ам асуусан даг. Ийм байтал сонгуулийн сургаар шоудсан үйлдэл гэдгийг нь буурал намынхан илчилчих вий дээ.
Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун болон гурилын компаниудад зээл олгосон. Бүр тодруулбал, шатахууны үнийг давраахгүйн тулд долоон компанийг зээлээр “чөдөрлөсөн”. Энэ нь үнийг тогтворжуулахын тулд төрөөс явуулж буй “шинэчлэл”-ийн бодлого. Гэтэл үнэн хэрэгтээ үнийг тогтворжуулах гэх нэрийн дор атгандаа оруулах гэсэн арчаагүй санаа ч давхар цухалзах болж. Тухайлбал, “Шунхлай”-г зээлсэн 24 тэрбум төгрөгөө төл гэж шахаж шаардсанаар үнээ буулгав. Сайхан л мэдээ. Ямар ч байсан дарамталж байгаад үнийг нь буулгуулчихлаа. Энэ мэтчилэн өрвөлзсөн бүрийг өрийн дарамтаар шахах нь. Гэвч сонгуулийн маргааш амьдрал нь өөрчлөгдөж, гэнэтийн тэсрэлт хийх вий дээ, эрх баригчид аа.
Л.НИНЖ