Эх үрсийн баяраар ном, битон тараав
2019/06/03
Монголчууд "Эх үрсийн баяр"-аа уламжлал ёсоор өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байгаа юм байна. "Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм.
Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог" хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгон хэллээ.
Үүний хажуугаар, улстөрчид өөр өөрийн тойрогтоо "Эх үрсийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлэв. Сэлэнгэ аймагт гэхэд л УИХ-ын гишүүн Н.Оюундарь 1000 гаруй эхчүүдийг "Дархан бэр" , "Хатан бэр" цол тэмдэгээр шагнаж, аймгийн хүүхэд багачуудад "Англи хэлний сурах бичиг" тараасан бол Баянхонгор аймагт УИХ-ын гишүүн асан Ганбат "Бидон" тарааж амжлаа.
Ямар ч байсан нэг өдөр хүүхэд багачууд, эхчүүд баяр хөөртэй өнгөрүүлэв. Харин хүүхэд хамгаалал, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн асуудлууд шийдлээ хүлээсээр, бэрхшээл нь хүндэрч томорсоор байгааг эрхэм улстөрчдөд дахин сануулья.