Одоогоос 68 жилийн өмнө Дэлхийн 2-р дайн эхэлж байжээ
2019/06/22
Домогт жанжин маршал Жуков
Хэдэн жилийн өмнө Оросын телевизийн нэг сурвалжлагч Москва хот дахь маршал Жуковын энэ морьтой хөшөөний хажууд явж байгаа хүүхдүүдээс хэний хөшөө болох талаар асууж байна аа. Нэг нь ч хэн болохыг мэдэхгүй байгааг хараад гутарч байж билээ. Тухайн үед Оросууд төсвөөс 3 сая гаруй доллар гарган хийсэн энэ мундаг хөшөөг Улаан талбайд байршуулахаар ерөнхийлөгч Ельцин зарласан боловч, Жуковын хөшөөг тэнд босговоос түүхэн хэлбэр дүрсийг нь алдагдуулах учраас Улаан талбайг дэлхийн соёлын өв сангаас хасна хэмээн ЮНЕСКО мэдэгдсэн учраас арга буюу Манежийн талбай буюу ОХУ-ын түүхийн музейн өмнө сүндэрлүүлж байсан түүхтэй.
Тогтож ядсан цагаан морин дээр үлгэрийн баатар мэт дүүлэн ялалтын парадыг удирдаж яваа түүний дүр төрх бидний үеийнхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. 1941-1945 онд дөрвөн жил гаран үргэлжилэн 60 гаруй сая хүний халуун амийг авч одсон, хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн том энэ дайны эцсийн хувь заяаг шийдэхэд гарамгай гавьяа байгуулсан маршал Жуковыг баруунд Ялалтын маршал хэмээн хүндэтгэдэг.
Георгий Константинович Жуков гэж хэн байв? Товчхондоо тэрээр 1896 онд Оросын нэгэн ядуу тариачны гэрт төрж 78 насыг зооглоод 1974 онд хорвоог орхисон нэгэн байлаа. Нөгөө талаас нь авч үзвэл ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар домог болсон энэ жанжин түүхэнд дахиж төрөхгүй нь лавтай. 2011 онд гарсан “Жуков” хэмээх ТВ-ийн олон ангит кинонд Сталин Жуковт “Чи бид хоёр хоёулаа гуталчны хүүхдүүд шүү дээ” хэмээн өгүүлж байдаг нь яах аргагүй үнэн. Цагаан хааны үеийн жагсаалын цэргээс ЗХУ-ын маршал болтлоо адармаатай их замыг туулах хувь тавилан зөвхөн түүнд л ногдсон. Түүхийг сөхвөөс тэрээр Дэлхийн 1-р дайн эхлэх үед 18-хан настайдаа анх Оросын Цагаан хааны армийн морьт хороонд алба хааж эхлэн хэд хэдэн удаагийн тулалдаанд эр зориг гаргасныхаа төлөө Георгийн загалмай одонгоор хоёр удаа шагнагдаж, хүнд шархдан төрөлх тосгондоо эргэж ирж байж. Хувь заяаны төөргөөр дараахан нь Улаан армид элсэн орж, цагаантнуудтай хүч үзэлцэж эхэлснээр түүний амьдралын амаргүй хүнд цаг мөчүүд эхэлсэн түүхтэй.
Маршал Жуков Монголоос анх тодорсон
Тэрээр амьдралын адармаатай замналаа Монголоос эхэлсэн байдаг нь ерийн тохиолдол биш бурханы зураглал юм шиг надад санагддаг. Түүхийн хуудсыг сөхвөөс Зүүн хойт Азид Японы шууд оролцоотойгоор 1932 онд Манж Го улс байгуулагдан, БНМАУ-тай хил залгаж, хил хязгаарын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн байдаг. Манж Го нь тухайн үед 23 улсаар хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн туг далбаа, засаг захиргаа, армитай, богино хугацааны дотор хүчирхэг улс болон хувирчээ. 1932-1937 онуудад Манжуурт байрлах Квантуны армийн бие бүрэлдэхүүн тав дахин, байлдааны онгоц, танк арав дахин нэмэгдэж, үүний улмаас ЗХУ үлэмж хэмжээний цэрэг, техникийг тус бүс нутаг руу татав. Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэрэг 100 гаруй мянгаар нэмэгдэж, цэргийн байгуулалтад зарцуулах мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ. Монгол улсыг ч батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шаардан энэ тал дээр тулалцаа үзүүлнэ гэдгээ маршал Сталин ерөнхий сайд агсан П.Гэндэнд мэдэгдэж байсан тухай Ш.Арвай генерал “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Мөн 1932 оны долдугаар сард “Тао” сэтгүүлийн “Гадаад Монголын хөгжил ба түүний стратегийн ач холбогдол” нийтлэлд “Дорнод Ази дахь одоогийн улс төрийн байдалд Монгол нь цэрэг дайны талаар чухал ач холбогдолтой юм. Япон умард Хятад руу хөдөлж, Гадаад Монголоор дамжин ЗХУ-руу орох нь Манжуураар дамжсанаас илүү ашигтай болно” гэж бичиж байжээ.
Япон-Манжгогийнхан 1935-1936 онд Халхын сүм, Булан дэрс, Адаг дулаан зэрэг нутгийг цэргийн хүчээр эзлэн авч, хилийн шугам тодорхой бус байгаа учир “хил тогтоох” нь чухал хэмээн үзэж байлаа. Монголын тал уг саналыг хүлээн авч, Монгол-Манжуурын хэлэлцээрийг гурван удаа хийсэн боловч, үр дүнд хүрээгүй байна. Халхын гол орчимд болсон хэрэг явдлыг улс хоорондын хил тодорхой бус байснаас болсон орон нутгийн чанартай мөргөлдөөн, хилийн будилаан хэмээн гадаадын зарим бүтээлүүдэд тэмдэглэж, дайныг япончууд Номун ханы хэрэг явдал хэмээн нэрлэдэг.
1939 оны эхээр Халхын голын байлдааны эхний үе шатанд манайд эхлэн байрласан Зөвлөлтийн цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирч байлаа. Үүнийг засахын тулд армийн бие төлөөлөгчөөр томилох хүнийг Сталин тэргүүтэй зөвлөлтийн дээд удирдлага хэлэлцэн тэр үед Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч байсан Жуковыг томилжээ.
Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч алдарт Яковлевийн танкийн бригадыг Япон цэргийн түшиц газар луу сөрөг довтолгоонд оруулсан бөгөөд эгзэгтэй үед түүний энэ шийдвэрийн ачаар Япончуудыг Баянцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон байдаг. Маршал Жуков Халхын голын ялалтын дараа Монгол дахь Зөвлөлтийн цэргийн командлагчаар 1940 оны хавар хүртэл ажилласан бөгөөд энэ үедээ маршал Чойбалсан, Цэдэнбал нартай дотно нөхөрлөж Монголчууд болоод Монгол улсыг насан туршдаа хайрлан хүндэлж байсан хүн бөлгөө.
Дайны үеийн бүтээлүүдээрээ алдаршсан Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Симонов “Хаа холын Дорнын тэртээд” номонд бичсэнээр "Би Монголын тэнгэр хамгийн олон онгоц оролцсон агаарын байлдааныг харсан. Эх орны дайнд ч би ийм олон онгоц оролцсон агаарын тулалдаан хараагүй..." гэж дурссан байна. “Ялъя гэвэр давш, эхэлж цохь, өөрийн болоод өрөөлийн хэн бугайг ч бүү өрөвд!” гэсэн хатуу зарчимтай тэрээр энд л эмх журам сахиулах үүднээс цэрэг эрсийг хайр найргүй шийтгэх арга хэмжээ авч эхэлсэн гэдэг. 3 сар гаруй үргэлжилсэн байлдааны үеэр айж хулчийсан, удирдлагынхаа тушаал биелүүлээгүй 600-гаад цэрэг офицерт буудан хороох ял оноож, жагсаалын өмнө гүйцэлдүүлж байсан гэдэг. Эрс шийдэмгий, хэрцгий ааш араншинтай залуухан захирагчийн тухай яриа тэр л үеэс түгэж эхэлжээ. ЗХУ-ын удирдлагууд хожим нь түүнийг энэ талаас нь буруутган таагүй яриа гарахад нөхөд нь түүнийг хүнд хэцүү үед тэгэхээс өөр арга байгаагүй, бэлтгэл муутай армитай, дайсан эзэрхийлж байсан үед явсан газраа ялалт дагуулах түүн шиг жанжин ус, агаар шиг хэрэгтэй байсан хэмээн зад өмөөрсөн байдаг.
1939 оны 5-9-р саруудад үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ-БНМАУ, нөгөө талаас Япон- Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцсон гэсэн тоо баримт байдаг. Халхын голын дайныг дэлхийн их дайн тулаантай харьцуулахад өчүүхэн мэт боловч бага дэвсгэр нутаг дээр хоёр талаас 130 гаруй мянган хүн, 1000 гаруй танк хуягт машин оролцсон бөгөөд энэ дайнд Монгол, Зөвлөлтийн 25-26 мянган хүн амь эрсэдсэн бол Япон, Манжгогийн 48 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэдэг. Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт хороо, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулсан хэмээн судлаачид үздэг. Улсын нууц хэмээн хав дарж, худал хуурмаг мэдээлэл өгөн олон жил ард үлдсэн болохоор дээрх тоонууд асар их хэлбэлздэг.
Монголын их хаан Чингисийн байлдааны тактикаар дайнд ялагдаж байсан цэргүүдийн сэтгэл зүйг сөрөг дайралт хийн сэргээдэг аргыг чухам маршал Жуков л орчин цагт нэвтрүүлж чадсан хүн гэж би боддог. Энэ ялалтынхаа төлөө Жуков ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, хожим нь дараа дараачийн алтан таван хошуугаар гурван удаа мялаалгах эхлэлээ тавьжээ.
1940 оны хавар армийн албан хаагчийн насны мөрөөдөл генералын шаргал мөрдсийг Жуков 44 настайдаа зүүв. Ингэж ХХ зууны цэргийн агуу жанжин Халх голоос төрсөн нь их учиртай. Маршал Жуковын музейг дэлхийд анх Улаанбаатарт 1979 онд Цэдэнбал даргын уйгагүй хөөцөлдлөгөөр байгуулж байлаа. Бал дарга маань маршал Жуковтой ойр дотно байж, түүнийг Зөвлөлт засаг бараг мартчихаад байсан тэр өдрүүдэд гэр орноор нь байнга очиж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг байсан талаар комиссарууд дурссан байдаг.
Маршал Жуковын бичсэн “Дурдатгал бодрол” гэж улаан хавтастай зузаан номыг Москвад оюутан байхдаа анх уншиж байлаа. Бидний үеийнхэнтэй нас чацуу бага охин Мария Жукова номын тухай дурсахдаа “Аав минь “Дурдатгал бодрол” номоо бичихэд арван жил зарсан. Энэ хооронд өвдсөн, түүнийг байнга өдөөн хатгаж, гүтгэж доромжилж байсан боловч яаж ийгээд номоо хэвлүүлж чадсан нь түүний хоёр дахь том ялалт болсон юм” гэсэн байдаг. 1969 анхны 100 мянган хувь хэвлэгдэхэд нь энэ номыг худалдан авах гэсэн хүмүүсийн дараалал замаа алдаж, номын дэлгүүрүүдэд зарим газар үймээн самуун дэгдэж морьтой цагдаа нар очиж зохицуулж байсан гэдэг. Үүнээс хойш ном 12 удаа, хамгийн сүүлд 1995 онд хэвлэгджээ.
Г.К.Жуков уг номондоо Халх голын дайнд анх яаж мордсон тухайгаа ингэж бичсэн байдаг. ЗХУ-ын Ардын хорооны дарга К.Е.Ворошиловын яаралтай ир гэж дуудсан ёсоор Беларусын цэргийн тойргийн орлогчоор ажиллаж байсан миний бие 1939 оны 6 сарын 2-нд Москвад ирсэн юм. Тэр өдрөө 16 цагт хэсэг нөхдийн хамт онгоцонд сууж, Читад түр саатаад Монголд ирсэн. Анхны агаарын том тулаан 6 сарын 22-нд болж агаарт манай 96, Японы 122 онгоцтой тулан ёстой эрэгчин эмэгчнээ үзэлцсэн дээ. Энэ тулаанд манай баатрууд анхны ялалтаа авчирсан гэж бичсэн байдаг. 7 сарын 5-нд Халх голын баруун эрэг Баянцагааны нуруунд бут ниргүүлсэн Япончууд дахин Халх голыг гаталж зүрхлээгүй юм. Энэ нь Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн зүрх зоригийг бадраасан үйл явдал болсон. Халх голын дайны шийдвэрлэх мөчид шаардлагатай техник, хүнс, түлш, шатах тослох материалыг 650 км-ээс татахын тулд бидэнд 4900 автомашин хэрэгтэй болсон. Энэ үед бэлэн байсан нь 2600, дахиад 1500-г нэмэж араас татах ажил л хамгийн хүнд байсан, зуны тэсгим халуун, шороон шуургатай энэ өдрүүдэд 5 хоногийн дотор бид энэ ажлыг дайснаасаа нууцлан амжуулж чадсан гэжээ. Энэ их ажиллагааг дайснаас нуухын тулд онгоцны хүнгэнээн, танкийн нүргээн гэх мэт маш их чимээ шуугианыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хангинуулж, дайсныхаа чихийг дасгахын тулд өдөр шөнөгүй дөжиртөл орилуулдаг байсан гэж бичсэн нь маш сонин тактик хэрэглэжээ гэж харагддаг.
“Бидний интернационалч үүрэг бол энэ хүнд хэцүү үед ах дүү Монголчуудад туслах явдал гэдгийг Зөвлөлтийн дайчид сайн ухамсарласан байсан... Хэрэв ах дүү Зөвлөлтийн дайчид та бүхэн хугацаа алдалгүй ирж туслаагүй бол бидний хувь заяа Манжуурт амьдарч байгаа ард түмний ижил болж, Японы түрэмгийлэгчид нутаг орныг минь дээрэмдэн тонож, тусгаар тогтносон улс маань үгүй болох байлаа.
Таньд болон Зөвлөлтийн Зөвлөлтийн ард түмэнд баярлалаа” гэсэн халуун дулаан үгтэй Монгол цэргүүдийн захидал миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн... Монголчууд Зөвлөлтийн хүмүүст маш элэгсэг дотно ханддаг байсан. Түүний илрэл гэвэл хүүхдүүддээ Орос /Русский/, Сэсээр/СССР/, Володя, Юра/Ленин болон Гагарины багын нэр/, гэх нэрүүд өгсөн байх нь цөөнгүй байлаа...
Халх голын дайны дараа И. В. Сталин надаас Японы армийн талаар асуухад нь Японы дээд тушаалын офицерүүд дайнд сулхан бэлтгэгдсэн байсан, харин цэргүүд бага дарга нар бууж өгнө гэж байхгүй гардан тулалдаанд үхэн үхэтлээ тулалдаад гэдсээ хүүлдэг /харакири/ байсан гэж хариулав. .” гэж маршал Жуков номондоо дурсжээ.
Жуков Аугаа Их Эх Орны дайн
1941 оны 6 сарын 22-ны үүрээр Германууд ЗХУ руу 191 дивиз, 5.5 сая цэрэг, 4300 танк, 5000 нисэх онгоц, 47200 миномёт, их буу, 192 хөлөг онгоцоор гэнэт довтолсон юм. Тулалдааныг бүр хавар эрт эхлүүлэх санал гарч байсан боловч, Оросууд тариагаа тарьчихаг. Бид намар очиж хураана гэж Гитлер хэлсэн гэсэн яриа байдаг. Үүний дараахан Румын, Хорват, Финлянд улсууд ЗХУ-д дайн зарласан ба Гитлерийн вермахтын бүрэлдэхүүнд немцүүдээс гадна 15 улсын 2 сая орчим цэрэг офицерууд байлдсан гэж түүхчид үздэг. Тэр үед дэлхий дээр тусгаар тогтнон оршиж байсан 73 улсын 61 нь буюу дэлхийн нийт хүн амын 80% нь энэ дайнд ямар нэг хэлбэрээр татагдан орсоны дээр ЗХУ-ын армийн генерал Власовын удирдсан “Оросын чөлөөлөх арми” гэгч бүлэглэл Германы талд байлдаж байсан юм. Власовын армийнхнаар дайны дараа Наушки-Улаанбаатарын 400 гаруй км төмөр зам тавиулсныг бидний өвөг дээдэс сайн мэднэ.
Маршал Жуков 1941 оноос Ленинград, Баруун Украин, Белоруссын фронтуудыг командалж, дайны эхэн үед тэрээр Германы цэргийн довтолгоог няцаан Баруун өмнөд фронтод анхны сөрөг довтолгоонуудыг амжилттай зохион байгуулж байжээ. Германчууд Москва руу довтлох чиглэлээ өөрчлөн гол довтолгооноо Киевийн чиглэлд хийн фронтын байдал хүндрэхэд Жуков Киев хотыг орхин ухрахаас өөр замгүй гэдгийг хэнээс ч айлгүй ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны товчооны гишүүдэд мэдэгдсэн байна.
Ингэхэд Сталин ихэд уурлахад нь тэрээр Жанжин штабын даргаас огцрох хүсэлтээ гаргажээ. Нөөцийн фронтын командлагчаар томилогдсон даруйдаа тэрээр Зөвлөлтийн цэргийн анхны амжилттай сөрөг давшилтыг зохион байгуулан Гитлерийн Москва руу давших гол түшиц газрыг устгасан байна. Үүний дараа фронтын умарт чиглэлээр Германчууд довтолгоогоо идэвхижүүлэн Ленинград хот бүслэж эхлэнгүүт энэ чиглэлд байлдааны ажиллагааг удирдаж чадаагүй маршал Ворошиловыг огцруулан Жуковыг томилсон байдаг. Ленинградын фронт командлагчаар томилогдсон өдрөө шууд Ленинград хотод нисэж очоод шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэний дүнд гермачуудын Ленинградыг эзлэхээр хийсэн удаа дараагийн давшилтуудыг тас цохижээ.
1941 оны 9-р сараас Гитлерийн Москваг эзлэх "Тайфун" ажиллагаа эхэлж, Баруун фронтын командлагч Конев шаардлагатай арга хэмжээг авч чадалгүй байсаар зөвлөлтийн цэрэг бүслэлтэнд орж устгагджээ. Ингэж Москвагийн чиглэл дэх зөвлөлтийн цэрэг бут цохиулан Москваг хамгаалах ямар ч боломжгүй болсон энэ үед Сталин Жуковыг Ленинградаас дуудан Коневийн оронд Баруун фронтын командлагчаар томилсон байна. Коневийг тэр үед цэргийн хээрийн шүүхээр оруулан буудан алах гэж байсныг нь зогсоон орлогчоороо авч амийг нь аварсан хүн бол Жуков байлаа. Хожим нь харин тэжээсэн бяруу тэрэг эвддэгийн жишгээр маршал КоневЖуковын эсрэг хувалдаанд оролцсон байдаг нь сонин санагддаг.
Москвагийн дэргэд Германы давшилтыг Жуков мөн цөөн цэргийн хүчээр туйлдуулан зогсоож чадсан төдийгүй Германы армийг хүчээ шавхан зогссон тэр эгзэгтэй мөчид Баянцагааны нуруунд Япончуудын хийсэн шигээ гэнэтийн сөрөг давшилтыг эхлүүлжээ. Эгзэгтэй үед хийсэн энэ довтолгооныхоо тухай "Манай сөрөх довтолгоон амжилт олсон тухайд гэвэл дайралтыг гэнэт хийсэнд оршино " гэж Жуков дурссан байдаг.
1942 оны зун Гитлерийн арми фронтын өмнөд жигүүрээр довтолж, Сталинград, Кавказын нуруу хүртэл давшин фронтын байдал дахин хүндэрсэн тул Сталин Жуковыг тийш нь төлөөлөгчөөр томилсон байна. Жуков маршал Василевскийн хамт Сталинградад германчуудыг бүслэн бут ниргэж, фельдмаршал Паулюсыг олзлон авсан нь Герман дайчдын урмыг нэгмөсөн хугалж, дайн эхэлсэн өдрөөс байнга бүтэлгүйтэн ухарч явсан Орос дайчдад сэтгэлийн асар их хүч тэнхээ өгсөн гэдэг.
Жуков нь үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх "Оч" ажиллагаа, Курскийн тулалдаан, Днепр мөрнийг гатлах, зүүн Украйныг чөлөөлөх давшилт, Беларусс, Болгар, Варшавыг чөлөөлөх, Одер мөрөн хүртэл давших ажиллагаа, Берлиныг эзлэх давшилт зэргийг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж чадсан Зөвлөлтийн сая сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн гарамгай жанжин хүн. Энэ ташрамд дурьдахад Дайны эхний өдрөөс л Монголчууд «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» гэсэн уриан дор ажиллаж, Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт хүн амынхаа дунд өрнүүлж эхэлсэн юм. Фронтод туслах мөнгөн хөрөнгө бий болгохын тулд үйлдвэр, албан газрын ажилчин, албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж, амралтын өдрүүдээрээ хүртэл “субботник” хийж, олсон орлогоо Бэлэглэлийн төв комисст шилжүүлж байжээ. Энэ комиссыг залуухан Цэдэнбал удирдан ажиллаж, улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх, фронтод туслах ажлыг гарамгай зохион байгуулсаныхөө төлөө генералиссимус Сталинаас Суворовын одонг гардаж авч байлаа.
Энэхүү нөр их ажлын ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан хагас сая шахам морьдоо маш хямд үнээр худалдаж, 35 мянган шилдэг хүлгээ бэлэглэж байжээ. Монголчууд шиг адуугаа азаргаар нь аваачин тушааж байсан ард түмэн дэлхийд өөр байхгүй бизээ. Улаан армид очсон монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, их ялалтад хувь нэмрээ оруулж байлаа. ЗХУ, БНМАУ-ын баатар, генерал И.А.Плиев “Монгол нөхдийн гар таталгүй биднийг хангаж байсан номхон сурамгай морьд нь Зөвлөлтийн танктай зуузай холбон давхисаар Берлин хүрсэн” гэсэн байдаг. Монгол морьд маань ч өнөөдөр Москвад хөшөө дурсгал болон мөнхөрлөө.
Монголын төлөөлөгчид галын фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 500 мянган тонн мах, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж улаан армид хүлээлгэн өгч байжээ.
Ийнхүү дайны фронтоос 6-7 мянган км алслагдсан гүн ар талд Монголын ард түмэн бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг өрнүүлсний дүнд тэр үеийн ханшаар 435 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 100 мянган ам.доллар, З00 орчим кг алтыг биетээр өгч байжээ. Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Бадам өөртөө байсан бүх хөрөнгө буюу 16 тэмээ, 93 адуу, 1600 хонь ямаа, 10000 төгрөгөө харамгүй бэлэглэж байсан учир ард түмний дунд Фронт Бадам нэрээр алдаршсан байдаг. 10 мянган төгрөг гэдэг нь тэр үеийн ханшаар 12500 хонь гэсэн үг л дээ.
Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын төлөөлөгчдөд зориулж 1943 онд Кремлийн ордонд хийсэн дайллага дээр И.Сталин “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг алдарт үгээ хэлсэн байдаг. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад айлчлал хийх үеэрээ нүдэнд нь нулимс цийлэгнэсэн нь чухам үүнтэй холбоотой байх магадлалтай. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Зөвлөлтийн удирдагч Генералиссимус Сталин бол Монголчууд бидний тусгаар тогтнолын төлөө асар их хүчин зүтгэл гаргасан хүн гэдгийг миний үеийнхэн бүгд мэднэ. Иймээс ч Цэдэнбал дарга тухайн үед Хрушевын дарамт шахалтын эсрэг тууштай зогсож, Сталины хөшөөг буулгаагүй билээ.
Виктор Суворов нууц нэрээрээ баруунд алдаршсан эх орны дайны сэдвээр судалгаа хийж бичдэг, Оросын түүхч, нийтлэлч, одоо Англид амьдарч буй Владимир Резун “Оросууд Монгол морь, нэхий дээлний хүчээр ялалтыг эх орондоо авчирсан. Сталинградын хүйтэн өвлийг немцүүд даалгүй осгож үхэцгээсэн. Тухайн үед Сталины ард найдвартай түнш Монголчууд байсан бол Гитлерийн ар талд ямар ч нэмэргүй холбоотнууд байсан” гэж бичээд зарим түүхчдийн дургүйг хүргэж байлаа.
Жуковыг цэрэг эрсээ алдахаас огтхон ч эмээдэггүй байсан, дэндүү харгис хэрцгий ч гэмээр чанар Халх голоос эхтэй байсан талаар дээр дурьдсан. Тэрээр “Ялъя гэвэл давш, эхэлж цохь, өөрийн болоод өрөөлийн хэн бугайг ч бүү өрөвд!” гэсэн зарчимтай байсан хүн. 1945 оны 4 сард болсон Берлинийг эзлэх тулалдаанд л гэхэд 500 гаруй мянган орос цэрэг амь эрсэдсэн нь түүхэнд тэмдэглэгджээ. Сталинградын тулалдааны үеэр гарсан Сталины алдарт “Алхам ч ухарч болохгүй гэдэг 227-р тушаалд “...Бид эцсийн дусал цусаа дуустал, Зөвлөлтийн сөөм газар бүрийн төлөө тулалдах ёстой. Байлдааны байрлалаас дээд газрын тушаалгүйгээр ухарсан хэн боловч эх орноосоо урвагчид мөн. Эдгээр аймхай хулчгаруудыг газар дээр нь шууд устгах хэрэгтэй. Манай Эх орны дуудлага ийм байна” гэсэн зарлигийг Жуков санаачлан гаргуулсан гэж ярьдаг нь үнэний ортой л болов уу.
Нэгэн цагт хамт тулалдаж явсан маршал Рокоссовский Жуковыг “Хөндий хүйтэн зан авиртай, өөртөө дэндүү итгэлтэй” хэмээн тодорхойлсоны учир нь олон мянган цэрэг эрсийн амь насыг авч одсон давшилтын үеэр цэргээ хамгаалах гэсэндээ тэрээр ухрах санал тавьж байсан ч Жуков бууж өгөөгүй гэдэг.
Жуков нэгэнтээ “Цэрэг эрийг хайрлах хэрэг юун. Эмс хүүхнүүд ахиад л төрүүлчихнэ” гэсэн нь харгис хэрцгий ч гэлээ цэрэг дайны стратегийн хувьд тухайн үедээ голоо олсон гэж ярьдаг. Бидний үеийнхний дунд ч цэрэг хүнийг гурван жил тэжээгээд нэг өдөр хэрэглэдэг гэсэн яриа магадгүй үүнээс үүдэлтэй ч байж болох.
Дайны II фронтын командлагч, хожим нь АНУ-ын Ерөнхийлөгч, генерал Д.Эйзенхауэр “Жуков гайхамшигтай хүн. Зөвлөл¬тийн цэргийн удир¬длагын ур чадвар, байгуулсан гавьяа нь түүнийг ер бусын авьяастай жанжин болохыг нотолж байна” гэж магтаж байсан Жуковтайгаа уулзахад тэрээр “Минжүүлсэн талбайд эхлээд явган цэргээ оруулж минүүдийг нь дэлбэлсний дараа танкнуудаа оруулдаг” гэхийг сонсоод уулга алдаж байсан гэдэг. Дайн дууссаны дараа маршал Жуков Одесс хотын захирагчаар томилогдон тэнд очингууд зэвсэгт хүчнийхнийг дайчлан ард олныг үймүүлж байсан дээрэмчин, гэмт хэрэгтнүүдийг газар дээр нь толгой дараалан буудаж байж дарж авсан гэдэг. Агуа их эх орныг ялалтанд хүргэсэн Зөвлөлтийн цэргийн шилдэг жанжнууд бараг толгой дараалан хөдөлмөрийн гараагаа Монгол нутгаас эхэлж байсан нь бас их сонин. Цуут жанжин, маршал Жуковоос гадна ЗХУ болоод Польш улсын маршал, дайны дараа Польшийн БХЯ-ны сайдаар ажиллаж байсан Рокоссовскийг 1945 онд Москвад болсон ялалтын парадыг удирдах эрх гавьяагаар нь түүнийг их ялалтыг авчирсан Жуковын дараа орох хүн гэж зүй ёсоор тооцдог. Тэрээр Монголд 1921 оны үед морьт хороо командлан байлдаж, барон Унгернийг баривчилж явсан нэгэн бөгөөд Монгол улсад ирж, гурван жил гаруй дивизийн зөвлөхөөр ажиллаж, Егүзэрийн хийдэд лам нарын бослогыг даралцаж байсан хүн. ЗХУ-ын СнЗ болоод Дээд Зөвлөлийн дарга агсан Маршал К.Ворошилов ч тэр үед Монголд ирж дайн тулааны урлагт суралцсан байдаг. “Хүрэн морьтой Ворошилов, хүрээд ирдэг Ворошилов” гэдэг дуу хүртэл ард түмний дунд байлаа. К.Ворошилов 1957 онд БНМАУ-ын баатар цол хүртэж, Сүхбаатарын одонгоор 2, байлдааны гавьяаны одонгоор 3 удаа шагнагдаж байсан ховорхон хувь заяатай нэгэн.
Мөн маршал И.С.Конев, Р.Я.Малиновский, А.М.Василевский, армийн генерал И.А.Плиев, И.И.Федюнинский, М.С.Малинин, маршал В.А.Судец, А.И.Данилов зэрэг Зөвлөлтийн гарамгай жанжинууд цэргийн зөвлөхөөр Монголд ирж, хамтын тулалдаанд оролцож, манай орны батлан хамгаалах хүчнийг зузаатгах, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд тусалж байсан гавьяатнууд. Монгол нутгийн хөрс шороо ийнхүү эдгээр эрхмүүдийг зоригжуулж, чангаруулж хатуужуулж байсан нь хөдөлшгүй баримт. Тэдний нэрийг Монголын ард түмэн үеийн үед мартах ёсгүй ээ.
1943 эхээр Жуков дайны үед шагнагдсан анхны маршал болсон юм. 1939-1945 оны дайны хүнд жилүүдэд Сталин түүний үлэмж гавьяаг үнэлж, ЗХУ-ын баатар цолоор гурван удаа шагнаж байсан бол хожим нь БХЯ-ны сайд байхдаа Унгарт 1956 онд гарсан үймээнийг түргэн шуурхай дарсан гавьяаг нь үнэлж Н.Хрущев дөрөв дэх удаа түүнд ЗХУ-ын баатрын алтан таван хошууг энгэрт нь зүүж өгч байжээ. Дайн дууссанаас хойш 20 гаруй жилийн дараа ойр ойрхон хугацаанд энэ цолыг дөрвөн удаа хүртчихсэн Леонид Ильичийг эс тооцвол маршал Жуков Оросын түүхэнд дахин давтагдашгүй гавьяа байгуулан дархлагдсан баатар хүн бөлгөө.
Сталины дараа төрийн эрхэнд Хрушевыг гарахад гол үүргийг гүйцэтгэж Берияг баривчлахад тусалж байсан талаар та бүхэн Оросын телевизийн “Жуков” олон ангит киноноос харсан болов уу. Жуков хэний ч өмнө өөрийнхөөрөө л байдаг зантай хүн байж. Нэгэн удаа Их театрт болсон тоглолтын үеэр Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёвыг орж ирэн үзэгчид бүгд босч алга нижигнүүлэн угтахад маршал Жуков доошоо хараад тонгойгоод суучихсанд аргаа барсан эхнэр нь “Чи ядаж алга ташсан дүр эсгэж болно оо доо” хэмээсэн гэдэг. Хрущев түүнийг 1955 онд Жуков Батлан хамгаалахын сайдаар томилсон боловч, хоёрхон жилийн дараа албан тушаалаас нь буулгаад 62 настайд нь тэтгэвэрт нь гаргасан юм. Сталиныг элдвээр муучилсан Хрущевыг эрс эсэргүүцэж байсан түүнийг их ялалтын 15 жилийн ойн арга хэмжээнд оролцуулаагүй нь ард түмнээс эмээсэн хэрэг.
1961 онд хуралдсан ЗХУКН-ын алдарт ХХII Их хурлаас намын эсрэг бүлэглэлийн идэвхтэй гишүүн хэмээн буруутгаж, бүх алдар гавьяаг нь харлуулж байжээ. Хрущевыг хусагдсаны дараа 1965 онд Агуу эх орны дайны ялалтын 20 жилийн ойн баярын хуралдаанд оролцохоор Кремлийн ордонд түүнийг орж ирэхэд бүх төлөөлөгчид суудлаасаа босож, удтал алга нижигнүүлэн ташихад амьдралдаа ховорхон инээж явсан, догшин ширүүн маршалын нүдэнд нулимс хурж байсан гэдэг.
Маршал Жуковын дурдатгал номыг хэвлүүлэхгүй хэмээн тэр үедээ үзэл суртлын гол зэвсэг байсан Хэвлэл утга зохиолыг хянах газраас хавчилт шахалт үзүүлж байжээ. ЗХУКН-ын ерөнхий н/б дарга Леонид Брежневт долигоногсод маршалын дурдатгал номонд түүний тухай бүлэг оруулбал хэвлүүлэх болзол тавьсан боловч маршал “Армийн улс төрийн ажилтан ерийн нэг хурандаа их дайны ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, тэгээд ч би Брежневийг дайны үед огт таньдаггүй байсан” гээд гүрийчихсэнээс болж, ном нь хэвлэгдэхгүй олон жил гацаанд орж байсан түүхтэй. Маршал Жуков амьдралдаа албан ёсоор хоёр удаа гэрлэсэн 4 охинтой хүн. Монгол тооллоор авч үзвэл түүний 61-ны жил ордог насан дээр нь хамгаас хайртай бага охин Маша нь төржээ. Хожим энэ эмэгтэй “Миний аав маршал Жуков” ном бичсэн нь бестселлер болсон юм.
Маршал Жуков нь холбоотнууд болох АНУ, Англи, Францын төлөөлөгчдийн хамт Фашистын Германы бууж өгөх актанд Берлин хотноо гарын үсэг зурсан гавъяатан бөгөөд 1945 оны 6 сарын 24-д Москва хотод болсон Ялалтын парадыг хүлээж авч байсныг хүн бүр мэднэ. Харин үүнээс хоёр сарын дараа тэрбээр 9 сарын 7-нд Берлиний Бранденбургийн хаалганд болсон yолбоотнуудын ялалтын парадыг хүлээж авч, оройн хүлээн авалтанд нь үг хэлж, хүндэтгэлийн хундага өргөх ёслол үйлдэж байсныг мэдэх хүн өнөөдөр цөөхөн үлдсэн болов уу.
Өнөөдөр Оросын хот суурин газруудад маршал Жуковын нэрээр нэрлэгдсэн 190 гудамж, талбай, өргөн чөлөө байгаа нь энэ хүнд Оросын ард түмэн ямар хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Түүний төрсөн хотыг нас нөхцсөнийх нь дараа буюу 1974 оноос түүний нэрээр нэрлэжээ. Москва хот дахь Агаар сансрын хамгаалтын цэргийн академийг түүний нэрэмжит болгож, Эх орны дайны ялалтын 45 жилийн ойгоор маршалд зориулан дурсгалын зоос, марк одон медаль гаргаж, бүр түүний нэрэмжит ОХУ-ын төрийн шагналыг буй болгож, цэргийн салбарт гарамгай гавьяа байгуулан хүмүүсийг шагнаж 300 мянган рубль дагалдуулж байхаар болсон юм. Маршалын энгэрт зүүсэн ЗХУ-ын баатрын 4, Лениний 6, Улаан тугийн 3 гээд ЗХУ-ын ойгүй олон одон медалиудын дундаас эх орны дайны үед цөөхөн хүнд олгосон “Ялалтын одон” хоёр одонгоороо их бахархдаг байсан гэж охин Маша нь дурссан байдаг. Жуковт гадаад орнуудын төр засгаас олгосон 20 гаруй одон медалийн эхнийх нь маршал Х.Чойбалсангийн 1939 оны 8 сард гардуулсан “Цусан гавьяаны Улаан тугийн одон” байдгаараа бас онцлог. Тэрээр БНМАУ-ын дээд шагнал Сүхбаатарын одонгоор гурвантаа шагнуулсан, БНМАУ-ын баатар хүн болохыг багачууд мэдэх ёстой.
Алдарт маршал маань сая саяар тоологдох ном нийтлэл, ярилцлагуудаасаа гадна 30 гаруй баримтат болоод уран сайхны кинонд дүр нь мөнхөрсөн жанжин. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор гарсан Сумхүү гуай найруулж, “Мосфильм” “Монгол кино” хоёр хамтран бүтээсэн “Дайсны цэргүүд сонсоцгоо” киног бидний үеийнхэн сайн мэднэ дээ. Энэ кинонд Маршал Жуковын дүрд ЗХУ-ын ардын жүжигчин М.Ульянов, маршал Х.Чойбалсангийн дүрд хүү Нэргүй нь тоглож, Дамчаа гуай маань дуулсан мөн ч агуу кино шүү дээ. Хөдөөгийн бяцхан суурингийн хүүхэд ахуй үед минь эх орны дайны тухай “Чөлөөлөлт” гэж олон ангит кино гарч, манай сургуулийн захирал Цэвгээ багш бидэнд бүр зохион байгуулалттайгаар хэд хэдэн удаа давтан үзүүлж байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм.
“Эх орон ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх нь миний ариун үүрэг байсан. Чин сэтгэлээсээ хэлэхэд би энэ үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Эх оронд минь тохиосон алдаа оноо бүрт би хувийн амьдралаасаа илүү түгшдэг байсан. Ард түмнийхээ ашиг тусын төлөө би ухамсарт бүх амьдралаа зориулсан" гэсэн ХХ зууны домогт жанжин маршал Георгий константинович Жуковын үгээр энэхүү бичиглэлээ өндөрлье дөө.
«Воспоминания и размышления» М. 2002, Т. 2, с. 399
Ш.Пүрэвсүрэн
2019-6-22
Зочин · 2019/06/22
1941 онд ЗХУ д эх орны дайн эхэлсэн. 1939 онд Польшид Герман довтолж дэлхийн 2-р дайн эхэлсэн . Тэгэхээр 80 жил юм уу даа . Доорх нөхөр мөн түүхээ сайн унш.ккккк
Зочин · 2019/06/22
78 жилийн өмнө шүү дээ 1941 он 6 сарын 22 чинь, түүх сайн унш ДОРГИО сайтаа ха ха