Өнгөрөгч сонгуулиас хойш хоёр жил өнгөрч, энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацааны тал хувийг туулчихлаа. Ийнхүү бага биш хугацааг туулсан ч өнгөрөгч жилүүдэд нийгмийн амьдралыг тэр чигт нь уруудуулсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тэр ч утгаараа туулах ёстой хугацааныхаа тал хувийг туулаад байгаа парламентад ард түмэн “онцмуу” дүн хэдийнээ тавьчихсан нь дамжиггүй. Тиймээс парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, парламентад ард түмэн муу дүн нэгэнт тавьчихсан цагт хэсэг нөхөд шинээр нам байгуулаад эхэллээ. Энэ бол аргагүй цаг үеэ олсон асуудал мөн. Нөгөө талаар сонгууль дөхөж, монголын улстөрд урьд өмнө харагдаагүй сонин хачин үзэгдэл болох нь гэж хэлж болно. Хамгийн сүүлд гэхэд “Монгол хүний төлөө нам” гээчийг байгуулахаар боллоо. Үүсгэн байгуулагчид нь УИХ дахь бие даагчид болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар юм. Мөн хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол эдгээр нөхдийг буюу “Монгол хүний төлөө нам”-ыг дэмжихээр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нар байгааг ч дуулгасан. Тэгэхээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа МАХН-аас арай дөмөгхөн нам босох нь харагдаж байна. Магадгүй, энэ намд гудамжинд тэмцэл хийж явсан гишүүд нэгдэх нь гарцаагүй. Ерөөсөө ард түмний дэмжлэг авах магадлал өндөр. Мөн дараагийн нэг мэдээ бол “Монголын Коммунист Нам” гээч нь байгуулагдах тухай ч мэдээлэл цацагдав. “Монголын Коммунист Нам” гэгчийг "Эдмон" компаний захирал Энхбатын аав, Ж.Роозон арав гаруй жилийн өмнө байгуулж байсан тухай мэдээлэл ч байдаг. Үзэл бодол тэдний дэлгэсэн лоозонг харвал мөн л өнөөдрийн гуравдагч хүчнийг нам дарах мэт. Тэгэхээр алсаараа МАХН хэмээх нам үгүй болох, эсвэл энэ хүчнүүдийн аль нэгэнд нэгдэх зураг харагдаж байна. Гэтэл хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, судлаач С.Молор-Эрдэнэ нарын байгуулсан Хамуг Монголын хөдөлмөрийн нам гээч амь орж эхэлжээ. Амь орохдоо шинэ тутам байгуулагдаж буй “Монгол хүний төлөө нам” болон “Монголын Коммунист Нам”-ын нөхөдтэй уулзаж хамтарч ажиллах санал тавьсан аж. Ингээд зогсохгүй, айсуй сонгуульд хамтарч оролцох гээд цаашдынхаа ажлын тухайд нууц гэрээ байгууллаа гэдгийг эх сурвалж хэлсэн. Хамуг Монголын хөдөлмөрийн нам бол агуулгын хувьд “Монголын Коммунист Нам”-тай яв цав тохирно. Түүнчлэн “Монголын хүний төлөө нам”-тай ч логикагийн хувьд ч гарцаагүй таарна. Тэгэхээр энэ гурван айлын нэгдэл айсуй сонгуульд иргэдийн саналыг нэлээд цуглуулах хандлага ажиглагдаж байгаа юм. Энэхүү албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол эхний ээлжинд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулах аж. Дараагийн нэг том ажил бол хамтарсан мөрийн хөтөлбөр гаргаж, ард түмний дунд нэг жил хагасын хугацаанд санал асуулга явуулж, дүнгээ нэгтгэх юм байна. 

 
А.Гал