​Японы мэргэжлийн сүмогийн Харү башё буюу гуравдугаар сарын барилдаан өнөөдөр Осака хотноо эхэлж байна. Энэ удаагийн башёд сүмогийн 71 дэх их аварга Монголоос тодрох уу үгүй юу гэдгийг шийднэ.

 

Тодруулбал озэки Какирюү М.Ананд 14 даваа авч чадвал ёкозүна цол авах болзолтой энэ башёг эхлүүлж байгаа. Өнгөрсөн сард Кисеносатод мөн ийм боломж олгосон ч тэрээр япончуудын хүсэн хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүй билээ.

Харин энэ удаад ёкозүна цолны болзол манай сүмоч М.Анандад ирээд байна.Хэрэв М.Ананд 14 давж их аварга цолны болзлыг хангавал Японы сүмогийн түүхэн дэх сүүлийн дөрвөн их аварга монголчуудаас төрлөө гэсэн үг.

Өнгөрсөн сард Монголд ирээд буцсан их аварга Хакүхо энэ тухай сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Какүрюү сүүлийн хоёр өдрийн барилдаандаа л хичээх хэрэгтэй" хэмээсэн нь нэгийг өгүүлж байна. Энэ нь М.Ананд 14 давах боломжтой бөгөөд сүүлийн өдрүүдэд надтай хийх барилдаандаа л хичээж барилдаарай хэмээн сануулсан үг буй за. 71 дэх их аварга бас дахин монгол сүмоч болох уу үгүй юу гэдгийг шийдэх энэ башёгийн нэг онцлог нь өнгөрсөн нэгдүгээр сарын барилдааныг бэртлийн улмаас өнжсөн их аварга Харумафүжи эргэн ирсэн явдал.

Өмнө нь даваа унаанаас нь шалтгаалж аварга цолыг нь хураах тухай яригдаад эхэлсэн, улмаар нэг башёг гэмтлийн улмаас өнжчихсөн зэргээр энэ гуравдугаар сарын барилдаандаа түрүүлэх ядаж л ганц хоёр унаатай түрүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлэх үүрэг тулгачихаад байгаа. Тиймээс Харумафүжи энэ башёд түрүүлнэ л гэж үзнэ.

Хэрэв тэрээр түрүүлж япончуудын ам хэлийг дарж чадвал долоо дахь түрүүгээ авах юм. Харин их аварга Хакүхогийн хувьд 29 дэх түрүүгээ авч ёкозүна Тайхогийн 32 түрүү, ёкозүна Чиёонофүжигийн 31 түрүү авсан түүхэн амжилтыг эвдэхэд нэг алхам ойртоно гэсэн үг. Түүний хувьд Японы сүмогийн түүхэнд дээд амжилт үзүүлэх нь хамгаас чухал болоод буй.

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн баруун жигүүрийг анх удаа манлайлан барилдах бол дээд зиндааны хамгийн ахмад сүмоч Кёкютенхо Н.Цэвэгням барууны найм, Азүмарю С.Тодбилэг 14, Таканоива А.Баасандорж 15, Кагамио Б.Нанжид 16-гаас тус тус босч барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчи зиндаанд барилдах Монголын 20, гадаадын 40 дэх сүмоч болж маэгаширагийн 10-аас босч барилдана. Харин нэгдүгээр сарын тэмцээнд тааруухан барилдсан Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жүрё зиндаа руу унажээ.